Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад элссэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагаа, суурь конвенцуудын талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх” сургалтыг өнөөдөр Хан-Уул дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Уг сургалт “Альфа” зочид буудлын хурлын танхимд болсон юм.
Сургалтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн хөдөлмөрийн хэм хэмжээгээр мэргэшсэн багш нар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138, Албадан хөдөлмөрийн тухай 29, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон зохион байгуулах эрхийг хамгаалах тухай 87, Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 98, Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд Ялгаварлах тухай 111 дүгээр конвенц, Тэгш хөлс олгох тухай 100 дугаар конвенцын үндсэн асуудлуудын хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтын бас нэг үндсэн чиглэл, зорилго нь Европын Холбооны Тарифын хөнгөлөлтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хамрах болон хөнгөлөлттэй нөхцөлөөр Европын Холбооны зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад таниулах явдал байсан байна. Европын Холбоо нь Тарифын хөнгөлөлтийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт нөхцөлт болох Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрлөх эрхийг хангах конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буй байдал, тодруулбал, НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүний эрхийн байгууллагын баталсан 20 гаруй гэрээ, конвенц, фактуудыг биелүүлэх, ноцтой зөрчил гаргахгүй байх явдал байдаг байна.
Өнөөдрийн сургалтад Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, АПУ ХК, “Улаанбаатар хивс”, УБЦТС ХК, “Мөнхийн үсэг” ХХК, “Жүр үр” ХХК зэрэг 25 аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчид, иргэд, оюутан суралцагчид хамрагдсан бөгөөд цаашид хөдөлмөрлөх эрхийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээх, сурталчлан таниулах эрэлт хэрэгцээ өндөр байгааг сургалтын явцад ажилтан, аллбан хаагчид илэрхийллээ.