Зураач, барималч Луубаа гэхээр үеийнх нь уран бүтээлчид андахгүй. Социализмын үеийн чимэглэх урлагийн цөөн хэдэн мастерын нэг тэрбээр өдгөө хүүхэд хөгжлийн “Өнөр бүл” төвийн дүрслэх урлаг, технологийн багшаар ажиллаж буй аж. Түүний нэр Н.Лувсанбалдан ч нөхөд нь Луубаа л гэнэ. Тус төвд 12 дахь жилдээ хүүхдүүдэд зураг зурж, бодож, хүсэж байгаагаа дүрслэн урлах хичээл зааж байгаа гэнэ. Энэ төв онцлогтой. Тэнд аав, ээжийгээ мэдэхгүй жаалууд ч байдаг. Эцэг, эхийнхээ аль нэгнийг мэдэх ч, тэд нь хүүхдээ гэр бүлийн тав тухтай орчинд өсгөж хүмүүжүүлэх боломжгүй тул улс асрамжид авсан нь ч бий. Луубаа багш сэтгэл зүйн хувьд анхаарал, болгоомж шаардах ч, хэтэрхий наалинхайтаад байх хэрэггүй, сургалтын ийм нэгэн өвөрмөц орчинд нас, насны, эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд дүрслэн урлах хичээл заадаг бөгөөд төвөөс жил бүр шавь нарынх нь үзэсгэлэнг зохион байгуулж олонд дэлгэж өгдөг аж.
Үүнд багш маш их баярладаг ажээ. Тохиолдлоор багштай таарч, уулзаж ярилцахад түүнээс зөвхөн баяр, талархал мэдрэгдээд байв. Багш “Та бодоод үз дээ. Зурж, чадахтай, үгүйтэй шавь нарын минь үзэсгэлэнг Үндэсний музейд гаргаж байна шүү дээ. “Өнөр бүл” төвийн болон музейн удирдлагад маш их баярлаж байна” гэлээ.
Үзэсгэлэнгийн танхим руу ороход хүнгүй ч, чанга яригчид хүүхдийн дуу цангинаж, багш ганцаараа толгойгоо бөнжигнүүлэн сууж байсан юм. Тэрбээр “Үзэсгэлэнгийн нээлтээр албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэн ирсэн. Шавь нарын минь бүтээлийг сонирхохоор хүн ирэхэд эзгүй байж болохгүй. Хэн ч ирэхгүй байсан ч хүүхдүүдийнхээ бүтээлээс холдохгүй ээ” гээд инээж байлаа.
Зураач, барималч Н.Лувсанбалдан Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1981 онд төгсжээ. Түүхийн дурсгалт зүйлсийг сэргээн засварлах төв, Худалдаа бэлтгэлийн яаманд ажиллаж байв. Улсынхаа Заян, Хархорины Хөхсүм, Амарбаясгалант хийд, Богдын музейг сэргээн засварлалцсан уран гартан. Худалдаа бэлтгэлийн яам дэргэдээ реклам, чимэглэлийн цехтэй байсан бөгөөд улсын хэмжээний бүх л дэлгүүрийн дотоод заслын загварыг гарган, шийдэж, засдаг байжээ. Эдгээр ажилд Луубаа багш оройлон оролцож явтал 1990 он гарч. Хоёр жилийн дараа уг яамыг бүхэлд нь татан буулгахад Луубаа ажилгүй болжээ. Өдгөө түүнд хувьд нь “Бүтээл минь энэ” гээд харуулах юм бараг үгүй гэсэн. Хийсэн бүхэн нь яамтайгаа, урлаачдын хариуцаж ажиллаж байсан ХИД-1, ХИД-II, Улсын их дэлгүүр гэх зэрэг байгууллагыг өөрчлөхөд үгүй болжээ. Хэдэн жилийг Германд өнгөрөөсөн Луубаа мэргэжлээрээ ажилламаар санагдсан тул багш бэлтгэх сургалтад хамрагдсанаар хүүхдүүдэд мэддэг, чаддагаа зааж сурган жаргаж буй нь энэ.
Хүүхдүүдийг дугуйланд сургахдаа бид насаар ангилдаггүй, харин чадамжийг нь харгалзан хуваарилдаг аж. Бага насны хүүхдүүд зөвхөн багшийг дуурайж болохгүй. Хамт суралцаж байгаа насаар ахиу хүүхдүүд яаж зурж, урлаж байгааг харах, дүгнэлт хийх, чадвараа өөрөө үнэлэх боломж олгохыг чухалчилдаг байна. Хүүхэд бүр өөрийн ертөнцтэй. Бүгд адилхан бодож, сэтгэхгүй учраас хоорондоо ярилцаж, санаа оноогоо хуваалцаж байж, урагшилна. Багш тэр нөхцөлийг хангаж өгөөд, өөрөө хэрэгтэй үед нь туслах зарчим баримтална. Ямар сайндаа л зургаан настай Хулан охин гялгар шигтгээгээр Монгол орны газрын зураг нааж урлахдаа дэлгэсэн тэрлэг шиг хэлбэрийг буруу, эсрэгээр нь гаргаад эхэлчихсэн, ажилдаа улайрч байхаар нь болиулаагүй. Шигтгээд дуусахад нь магтаж хүлээж аваад, үзэсгэлэндээ залсан байх вэ. Хүүхдийн тухайн үеийн тэмүүлэл, эрч хүчийг хэмжээнд нь байлгаж, урмыг нь хугалахгүй гэсэндээ ийнхүү буруу харуулаад хийсэн газрын зурагтай сууж буй нь энэ. Багш “Зургаан настай хүүхэд яах вэ дээ. Гар, хуруу нь эвлэх, шигтгээ нааж сурах нь чухал болохоос газрын зургийг буруу харуулсан, эсэх хамаагүй ээ. Том болохоороо андуу харснаа ойлгоно” гээд шавиа өхөөрдөж байлаа. Ярианыхаа завсарт “Хүмүүжлийн янз бүрийн орчноос ирсэн хүүхдүүдийг нэг гарт базаж, санаснаараа сургах амаргүй” гэсэн. Гэхдээ л багш, сурагчдад амжилт үргэлж байдаг.
Багшийн дугуйланд зургаан жил суралцсан, 53 дугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч А.Хүслэн хүү арьсан хөөмлөөр Чингис хааны хөрөг бүтээсэн нь их цэвэрхэн, дүр илэрхийлсэн ажил болжээ. Багш, шавь хоёр энэ хөргийг гаргах гэж гурван сар ажилласан байна. Шавь нь замын дунд шантарч гэнэ. Зурж, товойлгон, сийлж бэлтгэсэн хийцийг арьсаар бүрж хөөлгөхийн тулд сууриа зөв тавих гэж их хугацаа зарцуулжээ. Эхнийх нь бүтэлгүйтсэн ч, хоёр дахиа амжилттай бүтээсэн нь үзэсгэлэнд хүндтэй байр эзэлж байна. Ер нь бол энэ нь хүүхдэд ахадсан ажил аж. Багш амттай гэгч нь ярьж, инээж байхыг харж байхдаа “Луубаа мэргэжлийн дагуу зүтгүүлж дээ. Түүнээс хүүхдийн барах ажил биш бололтой. Гэхдээ ийм туршлагатай багшийн шавь болж, эрдмээс нь сурч байгаа хүүхдүүд азтай юм аа” гэж бодов.
Б.Билгүүн, О.Баатархүү нарын цаасан хайчилбар, холимог техникийн бүтээл анхаарал татна. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын төрхийг цаасаар хайчилж урласан нь ихэд төстэй болжээ. Цаасан хайчилбар гэдэг болохоос хайч явахгүй хэсэгт нарийн үзүүртэй хутгаар цоолдож ажилладаг, мөн л хүүхдүүд төдийлөн барахгүй урлал ч, дурласан жаалууд нухсаар байгаад санаснаа биелүүлдэг нь сайхан.
“Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд хийхгүй, чадахгүй юм алга. Луубаа багшийн өмнө технологийн багшаар ажиллаж байсан, эсгий урлалын томоохон төлөөлөгч Бийраагийн сургалтын дэгийг уламжлуулан авч явдаг аж. Тэр хүрээнд эсгийгээр, мөн сантехникийн олсыг маалингын утастай хольж, өнгөнд оруулсан бүтээгдэхүүнээр элдэв сонирхолтой зүйлс хүүхдүүдээр хийлгэдэг юм байна.
Сонин нарийн хуйлж янз бүрийн хэлбэрийн гоёлын бүтээгдэхүүн хийжээ. Байгалийн чулууг боронзоор будаж цэцгийн загварлаг, гоёмсог савнууд ч урлаж. Голын эргээс олсон хатсан хувхай бургасыг ариун цэврийн цаастай нийлүүлээд хараа булаам өнгөлөг чимэглэл хийсэн байна. Бургасыг боронзоор будаж, ариун цэврийн цаасыг өнгөнд оруулж, нэгэн жигд бөөрөнхийлөөд, өнгийг зохицуулан бургасанд наагаад болдог. Түүнийг харж зогсоход гудамжны чимэглэл ийм байвал сонирхолтой, давтагдашгүй юм биш үү гэж бодогдлоо.
Дугуйлангийн багш нар хүүхдүүдэд загварын мэдрэмжийг багаас нь суулгадаг юм байна гэсэн бодол төрж, энэ тухай Луубаа багшид хэлэхэд “Ердөө тэр шүү дээ. Хэрэглээний урлагийн анхны мэдэгдэхүүн олгож байгаа нь энэ. Загвар гэдэг бол хэрэглээний урлаг. Хүүхдүүд багадаа энэ бүхний тухай ойлголттой болох нь ирээдүйд аливааг олон талаас харах, харьцуулж дүгнэх, өөрийн чиг шугамыг олох чадвар эзэмших давуу талтай” хэмээн тайлбарлаж байсан.
Тус төвийн цэцэрлэгийн туслах багш Оюунтуяагийн удирдаж хийлгэсэн “фил-арт” төрлийн, торгоор зурсан гэж хэлэхээр маш нарийн ажиллагаатай даавуун тансаг бүтээл хүртэл энд байна. Луубаа багш төвийнхөө сургуулийн өмнөх боловсролын багш нарыг “Сайн залуус байдаг юм. Дор бүрнээ авьяастай, хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ ажилладаг хүмүүс” хэмээн магтаж байлаа.
С.Ариунбаяр гэж, 15 настай хүү Турк улсын Истанбул хотыг дүрслэн, төсөөлөн зурсан нь мэргэжлийн сургуулийн оюутны бүтээл гэж андуурмаар. Хүү гадаад явж үзээгүй, гэхдээ сэтгэлдээ байдаг Истанбул хотыг өөрийнхөөрөө хичээнгүйлэн зурсан нь хараа булаахаар. Үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зочдын дунд байсан итали залуу С.Ариунбаяр хүүгийн энэ бүтээлийг “Маш гоё болсон байна. Очиж үзээгүй хотыг, тэнд байсан мэтээр сэтгэж, төсөөлж зурахдаа амилуулж чаджээ” гэж хэлсэн гэнэ.
Үзэсгэлэнгийн бүтээл бүр зурсан, урласан эзнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээлэх шиг. Зурж, хайчилж, нааж бүтээсэн ажил бүрийн ард түүнийг хийсэн ариухан гартай, цэлмэгхэн дотортой хүүхдүүд бий. Дөрвөн хана дүүрэн бүтээл дунд ганцаараа хүүхдийн дуу толгой бөнжигнүүлэн сонссон шигээ жаргалтай нь аргагүй суугаа зураач, барималч, бүтээл, түүхийн эзэн Луубаа багшийн чин сэтгэл, эрдэм ухааны үр ийм олон, өнгө алаглам цэцэгс, дэлбээ болон “найгаж” байх нь хайр хүрэм байлаа.
Хүүхэд хөгжлийн “Өнөр бүл” төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллага бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд залуучуудын газартай нягт хамтарч ажилладаг аж. Дээрх байгууллагууд тус төвийн үйл ажиллагааг ихэд дэмждэг санагдсан. Хүүхдүүдэд өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй ярилцаж, зөв буруугаа олж, зураг урлалд дурлаж, эрдэмд шамдах гэгээхэн өргөө тусгайлан байгуулж өгсөн нь олныг нуршилгүй тэмдэглэх сайн үйлс ажгуу.
Луубаа багш “Цаг үе өөр болсон. Шавь хүсэж, тэмүүлж байхад багш чиглүүлж, зөвлөж, хэрэгтэй үед нь тусалж, дэмжих үүрэгтэй. Түүнээс биш тэднийг албадах, захиргаадах, өөрийнхөө хүссэнээр бүхнийг хийлгэх гэвэл буруудна. Хүүхдүүд юм хийж оролдох явцдаа өөрийнх нь буруу гэдгийг ойлгож чадвал маш сайн” гэж байлаа.
Ийм нэгэн даруу төлөв, хөдөлмөрч, бүтээлч багштай таарч олзуурхав.
Г.АРГУУЖИН