Малчид, газар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор Өмнөговь аймаг энэ оныг хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг идэвхжүүлэх жил болгон зарлажээ. Үүний хүрээнд өнгөрсөн даваа гарагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумд мах боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтад орууллаа. Аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Гүүд рүүт интертрейдинг” ХХК, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” хамтран 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мах хадгалах зоорь, шинжилгээний лаборатори, боловсруулах үйлдвэрийг цогцоор нь барьжээ. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 100 гаруй ажлын байр бий болж, нутгийн иргэд, малчдын орлого нэмэгдэж буй юм байна. Олон улсын стандартад нийцсэн тус үйлдвэрт боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг уул уурхайн компаниудад нийлүүлэх аж. Өдөрт дунджаар 80 бог, 20 бод малын мах боловсруулах хүчин чадалтай бөгөөд цаашид бүтээгдэхүүний төрөл, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх гэнэ. Үйлдвэрийнхэн малчидтай хамтран ажиллаж, үйлдвэрийн жилийн орлогын 20 хувийг орон нутгийн мал аж ахуйн салбарт зарцуулах ба махны чиглэлийн хонь, үхэр үржүүлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул