Токио-2020” олимпын наадамд зориулан “Таван цагариг” сонин “Токио хүрэх зам” цуврал эхлүүлсэн билээ. Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпын эрх авах боломжтой, мөн эрхийг хэрхэн авах журмын тухай уг цувралаараа спорт сонирхогчдод танилцуулж байгаа.
3Х3 САГСАН БӨМБӨГ:
Сагсан бөмбөгийн энэ төрөл олимпын хөтөлбөрт анх багтсан бөгөөд “Токио-2020” эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг оролцоно. Зохион байгуулагч орон Японы баг эрхээ авч чадаагүй тохиолдолд эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн аль нэгийг нь сонгон оролцуулах нь. Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг олимпод оролцох боломж өндөр буй.
Өнгөрсөн сарын 1-ний чансаагаар эхний 3-4 баг олимпын эрх авсан. Чансааг үндэстний буюу нэг орны эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр оноогоор гаргадаг. Үндэстний чансаагаар эхний наймд:
- ОХУ- 19,546 оноо
- БНХАУ- 18,355 оноо
- Монгол-15,858 оноо
- Франц- 12,052 оноо
- Румын- 10,201 оноо
- Холланд- 9,660 оноо
- Япон-9,558 оноо
- АНУ-8,793 оноотой бичигдэж байна.
Үүнээс гадна олимпын эрх олгох тэмцээнд чансаагаар эрх авч чадаагүй өндөр чансаатай 16 орон, мөн Дэлхийн цомд эхний гуравт орсон АНУ, Латви, Польш, зохион байгуулагч Энэтхэг гээд нийт эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 орон оролцож, эхний гуравт орж, медаль хүртсэн орон эрх авах юм.
Дээр нь Universality-driven буюу олимпизмын түгээмэл байдлын зарчмын дагуу 2012, 2016 оны олимпод сагсан бөмбөгөөр оролцож байгаагүй, чансаагаар эрхээ аваагүй дараагийн өндөр чансаатай таван орон, мөн энэ тэмцээнийг зохион байгуулагч улс гээд зургаан багийн дунд бас нэг тэмцээн зохиож, түрүүлсэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн нэг, нэг баг сүүлчийн найм дахь эрхийг авах юм.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)- ноос “Токио 2020” олимпын наадамд оролцох, үндэстний чансаагаар тэргүүлж буй эрэгтэй, эмэгтэйчүүдийн дөрвөн багийг зарласан. Манай сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг шалгарч, “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөхөөр болсон билээ. Тэд Монголын багийн спортын түүхэнд олимпын наадамд оролцох эрхийг анх удаа хүртсэн нь энэ.
Ц.ЭНХТҮВШИН “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч