Өнгөрсөн аравдугаар сард 800 орчим хятад иргэнийг баривчилсны дараа Хөх хотын консулд суугаа УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах тэдгээрийг оруулж ирсэн талаар зарим нэр бүхий албан тушаалтан мэдээлж байсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Миний бие 800 орчим хятад иргэнийг хэн оруулж ирсэн гэдгийг зарлахаар шийдлээ. Хятадуудтай холбоотой асуудлаар Үндэсний аюулгүй байдлын байнгын хороо нууц хуралдаан хийсэн. Энэ үеэр холбогдох албан тушаалтнуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагынхнаас мэдээлэл авлаа. Тэгвэл энэ талаар он цагийн дарааллаар нь та бүхэнд ярьж өгье.
Өнгөрсөн аравдугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэгч хятад иргэн Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсэд цахим казино байгуулах зорилгоор Засгийн газрын ХОЁР сайдтай уулзалт хийсэн. Энэ үеэр тухайн хоёр сайд "Монголын чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Та бүхэн ирж туршилт хий" гэсэн зөвшөөрөл өгсөн байгаа юм. Ингээд тэдгээр хятадууд Монгол Улсад цахим казино байгуулахаар орж ирсэн.
Өөрөөр хэлбэл, Алтанбулаг болон Цагааннуурын чөлөөт бүсэд цахим казино ажиллуулах зөвшөөрлийг манай Засгийн газар олгохоор туршилтын журмаар 800 хятадыг оруулж ирсэн байна.
Тэд нийт 53 хуурамч зуучлагч компани байгуулж, ГХЯ болон ТЕГ-т хүсэлтээ гаргаад жуулчны визээр Монгол Улсад орж ирсэн байгаа юм. Жуулчны визийг дан ганц консул (Ж.Батзандангийн ах) биш, харин ГХЯ-ны зөвшөөрлөөр Элчин сайдын яам олгодог.
Манай сайд дарга нартай уулзсан Хуан гэгч нь баривчилгаа болохоос долоо хоногийн өмнө Хятад руу "зугтсан". Хятадуудыг оруулж ирэх үед энэ талаар ГХЯ болон ТЕГ мэдэж байсан.
Хэрэг шалгагдаж байгаа учраас нэрийг нь зарлавал миний бие нууц задруулсан үндэслэлээр хэрэгт орно.
Чөлөөт бүсийг хятадуудын бүс болгох гэж оролдож байгаа Засгийн газар энэ бодлогоосоо татгалзах ёстой" гэлээ.