УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр эхлүүлнэ. Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталж, ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн тогтоолд тавьсан хоригийг хүлээн авснаас хойш хуралдсан зөвшилцөх ажлын хэсгийнхний хувьд баттай санал нэгдсэн нэг асуудал нь Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгохтой холбоотой. Зөвшилцлийн хүрээнд АН-ын зүгээс тодорхой гурван санал тавьсан.
Тодруулбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх боломж олгохтой холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд тусгахыг шаардаж байгаа. Уг нь Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх боломж олгохтой холбоотой зохицуулалт Д.Лүндээжанцан нарын гишүүний өргөн барьсан төсөлд байсан. Гэвч Засгийн газрын тэргүүн нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар танхимын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байх санал хэлэлцүүлгийн явцад хасагдсан. Нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйнх нь саналыг авч чадаагүй унасныг бодоход эрх баригч намынхан энэ асуудалд нэгдсэн байр суурь илэрхийлж чадаагүй хэрэг. Харин одоо тэд хэрхэх бол. Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн зуун хувь санал нэгдэж, намын бүлгээрээ дэмжсэн эл санал дахиад “унахгүй” гэх баталгаа байна уу.
Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулахад УИХ өргөн эрх мэдэлтэй оролцож байгаа нь түүний танхимаар ажиллах зарчмыг алдагдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хүн бараг үгүй биз. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлсэн шиг бүрдүүлж, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх нөхцөлийг хангах ёстойг ч олон хүн хэлж ирсэн. Ерөнхий сайд аль нэг сайдыг бие даан огцруулах эрхгүй, заавал УИХ-аар зөвшөөрүүлж ирсэн нь Ерөнхий сайд болон сайдыг УИХ-аас хэт хараат болгож, бодлого, хөтөлбөрөө үр нөлөөтэй хэрэгжүүлэх багаа бүрдүүлэх боломжийг Засгийн газрын тэргүүнээс булаадаг гэлцдэг. Улмаар УИХ Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хянаж, зарчмын шаардлага тавихаас илүүтэй сайдаар томилсныхоо шанг нэхэж, шантаажилж байгааг хэн хүнгүй ярьж ирснийг мартах учиргүй. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, эл асуудлаар Төрийн тэргүүнтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол парламентад өөрөө өргөн мэдүүлэх, Засгийн газрын тэргүүн нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар танхимын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар гишүүдийн санаачилсан төсөлд тусгаад байсан юм.
Танхимын сайдаа томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд бие даан гаргадаг болбол түүний дур зоргыг хязгаарлахад бэрх гэж зүрхшээж буйгаа хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн илэрхийлж байсан. Гэвч өмнөх хэлэлцүүлгийн шатанд бараг долоо хоногийн турш тасралтгүй хийж, санал нэг бүрээр ярилцахдаа энэ талаар сайнаар ч, муугаар ч хөндсөн хүн тийм олон биш. Тухайн үед яг энэ саналыг онцлон байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үгийг энд зориуд тэмдэглэлээ. Гэхдээ л яагаад ч юм дэмжээгүй, “унагачихсан”. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулсан ч тухайн хуралдаанд оролцсон 62 гишүүний 36 нь татгалзсанаар 41.9 хувийн санал авч дэмжигдээгүй. МАН-ын голдуу 64 гишүүний өргөн барьсан төсөлд анхнаасаа тусгалаа олсон, анхны хэлэлцүүлгээс эхлээд дэмжиж ирсэн эл санал ийн орхигдсон нь онц сонин бөгөөд хайран биш гэж үү.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалт нэг бүр, цаашлаад бүхлээр нь батлахад шаардлагатай 57 гишүүний саналыг эрх баригчид дангаараа бүрдүүлчих учиртай, уг нь. Гэвч нэгдмэл, хариуцлагатай байж чадаагүй алдаагаа эрх баригчид энэ удаа давтах ёсгүй санагдана. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ынхан сөрөг хүчнийхэнтэй заавал зөвшилцөх албагүй ч 64 суудалтай Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүч түрэн дангаараа баталлаа, цөөнхийн саналыг сонссонгүй гэх шүүмжлэлээс ангид байхыг хүсэж, өнөөдөртэй золгосон бол ажил хэрэг болгох хэрэгтэй. Бараг 30 жилийн нүүр үзэж буй Үндсэн хуульд хоёр дахиа оруулах гэж буй нэмэлт, өөрчлөлтийн хүлээн зөвшөөрөгдөх чанарыг бодолцсон ч ингэх учиртай. Үүний тулд ядаж л эцсийн хэлэлцүүлгийн өмнө ирцээ бүрэн бүрдүүлэхээс гадна санал өгдөг техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ч хангах шаардлагатай. Учир нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үеэр санал өгөх төхөөрөмж ажиллахгүй байна гэх гомдол удаа дараа гарч, тэр болгонд дахин санал хурааж байсныг битгий мартаарай.
Нэгэнт зөвшилцөж, гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлж байгаа бол сөрөг хүчний тавьсан тодорхой шаардлагын заримыг нь дэмжсэн шиг дэмжих ёстой биз ээ. Эрх баригчдын эв нэгдэл эндээс л харагдана. Зөвшилцсөн саналаасаа зөрөх вий, эрх баригчид. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах агуулга бүхий хуулийн төсөл санаачилсанд саймширч, эхний хэлэлцүүлгүүдэд дэмжиж байснаа яг санал хураах мөчид “унагаачихсан” түүх бий шүү дээ, улстөрчдөд.
НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛД ОРОХ ЯАСАН ДУРТАЙ ЮМ БЭ
Л.Болд: -Ерөнхий сайд Засгийн газрынхаа гишүүдийг өөрөө томилдог болчихвол их гайхамшиг бүтээх юм шиг яриад байгаа. Угаасаа л 70 жилийн турш Ерөнхий сайд буюу Засгийн эрхийг барьж байгаа хүн өөрөө л гишүүдээ томилоод, дураараа нааш, цаашаа болгоод явдаг байсан шүү дээ. Буцаад социализмдаа очих, нэг хүний дарангуйлалд орох яасан дуртай юм бэ. Ийм зүйл байж болохгүй. Солонгост Дотоод хэргийн сайдаа томилох гээд парламентдаа сонсгол хийж байна. Ямар сайхан юм бэ. Гэтэл манайд Ерөнхий сайд нь хэдэн найз, хамаатан саднаа сайдаар тавьчихаад, Монголын төрийг зайдагнаад явах нь тийм сайхан юм уу. Манай төр хаашаа уруудаж байгаа нь энэ хэлэлцүүлгээс харагдана.
2019.09.07. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан
ЕРӨНХИЙ САЙД ЧИНЬ ТОМИЛОГДОХООСОО ЭХЛЭЭД Л УЛС ТӨРИЙН ЗӨВШИЛЦӨЛД ОРДОГ
Ц.Даваасүрэн: -Засгийн газрыг тогтвортой байлгаснаар бүх асуудал шийдэгдчихгүй. Ер нь бидний 20 гаруй жилийн хугацаанд туулсан асуудлууд нь шууд бидний улс төрийн төлөвшил, ёс суртахуунтай холбоотой байсан. Үндсэн хуульд биш хүнд асуудал байгааг олон гишүүн хэлж байна шүү дээ. Манайхан нэг л гэнэн юм яриад байгаа юм. Ерөнхий сайд нь сайд нараа томилдог, чөлөөлдөг болчихвол улс төрийн бүлэглэлийн нөлөөлөлгүй ажиллана гэж юу байх вэ дээ. Ерөнхий сайд чинь томилогдохоосоо эхлээд л улс төрийн зөвшилцөлд ордог.
2019.09.04. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан
АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ САЙДТАЙГАА ЗУУРАЛДААД, ХАМГААЛААД БАЙВАЛ ЕРӨНХИЙ САЙД ОГЦОРНО
Д.Лүндээжанцан: -Өдөр бүлгийн хурал дээр энэ талаар яриад, шийдээд, “За зу” болоод гарсан. Ерөнхий сайд танхимаа, сайд нараа өөрөө бүрдүүлнэ, УИХ-ын өмнө хариуцлагаа хүлээнэ, эрх мэдэл, хариуцлага хоёрыг хамтад нь үүрүүлье гэж сүүлийн хэдэн жил ярилаа. Засгийн газрын гишүүдээ фракцуудын нөлөөлөлд оруулахгүйгээр, салбартаа мэргэшсэн хүмүүсийг сайдаар ажиллуулах үүднээс Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулаад, дараа нь томилж, чөлөөлж байя гэж тасралтгүй хэлэлцүүлэг явуулж, сайн, муу талаас нь ярьсан. Аливаа юманд эерэг, сөрөг тал бий. Бүлгээр ч ярьсан. Гэхдээ өнөөдөр гадаад орнуудын жишиг ярихаа больё. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол үзэл баримтлал нь Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлээд, УИХ-ын өмнө хариуцлагаа хүлээгээд, хууль биелүүлэх ажлыг зохион байгуулах эрхийг нь хариуцлагатай хамт үүрүүлэх гэсэн хэрэг. Парламентын хянан шалгах хороо байгуулж, “давхар дээл”-ийг тайлж, УИХ-ын гишүүд хууль тогтоох, хянан шалгах ажиллагаандаа төвлөрч чадвал Засгийн газар хяналтаас гарчихгүй.
Ерөнхий сайд хань, хамсаатнаараа Засгийн газрыг бүрдүүлчихнэ гээд байгаа. Хэрэв Ерөнхий сайд тэгвэл өөрөө “унахын” цондон болно шүү дээ. Тэр сайд нь муу ажиллах юм бол өөрөө тэр дор нь солиод явна шүү дээ. Хэрэв ажиллаж чадахгүй сайдтайгаа өөрөө зууралдаад, хамгаалаад байх юм бол Ерөнхий сайд нь огцорно. Өмнөх парламентын үед хэнийх нь Засгийн газар билээ, 19 сайдтай, 17 нь парламентын гишүүн байхад бүлэглэл, фракцын төлөөлөлд дарлуулж, Ерөнхий сайддаа захирагддаггүй явдал гарснаас л энэ асуудал үүссэн. Ер нь Ерөнхий сайддаа итгэл үзүүлээд, эрх мэдлийг нь өгөөд, хариуцлагыг нь үүрүүлсэн шиг үүрүүлээд, тодорхой ажлыг нь хийлгэх шаардлагатай байгаа юм.
Бид бүхэн “аймаар”, ойворгон, дарангуйлагч Ерөнхий сайдтай болчихвол яах бол хэмээн болгоомжилж байна. Тийм үйлдлийг нь хашдаг механизмыг Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлтөөр суулгахаар ярьж байна шүү дээ.
2019.09.05. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан
ЭРХ МЭДЭЛ ӨГЧ БАЙГАА БИШ, ХАРИУЦЛАГАЖУУЛЖ БУЙ ХЭРЭГ
Т.Аюурсайхан: -Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэлээд чухал өөрчлөлтүүдийн нэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад эрх мэдэл өгч байгаа биш, хариуцлагажуулж, Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулж байгаа хэрэг. Өнөөдөр Ерөнхий сайд бүлэглэлийн нөлөөнд орчихоод сайд нар нь ажлаа хийж чадахгүй, итгэл даахгүй байхад ч хариуцлага тооцож чадахгүй байгаа. Яагаад гэвэл, тэр өөрөө танхимаа бүрдүүлдэггүй. Улс төрийн нөлөө, тохироогоор танхимаа бүрдүүлж байгаа. Хэрвээ Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх юм бол муу ажиллаж байгаа сайдууддаа дор нь хариуцлага хүлээлгэчихнэ. Ямар ч Ерөнхий сайд тэгнэ. Хэрвээ тэгэхгүй бол өөрийнх нь асуудал УИХ-ын өмнө үүсэхээр байгаа юм. Тэр бүх хүний өмнөөс өөрөө хариуцлага хүлээж байгаа шүү дээ.
2019.09.05. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан