Нийслэл хотын салхин дээр хайрга, дайргын 50 гаруй карьер ажилладаг. Эмээлт орчимд бужигнасан их тоос, шороо дэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байдгийг тэр хавийнхан андахгүй. Зарим үед урд яваа машин харагдахааргүй болтол нарийн тоос босдог юм билээ. Өдийд хайрга, дайргын олборлолт зогсдог ч энэ жилийн урт намарт барилгын ажил үргэлжилсээр байсан тул хайрга ачсан хүнд даацын автомашины цуваа тасрахгүй байна. Тэр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд заналхийлж байгаа нарийн шороо, их хотыг бохирдуулагч карьерыг сурвалжлахаар Эмээлт, Биокомбинатыг зорилоо.
Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтээс баруун тийш салаад тав орчим км явахад хайрга, дайрга олборлодог карьер ажилладаг. Шороон замаар карьерууд руу зорчдог 8.5 тн жинтэй, хүнд даацын машин өдөрт нааш цааш багадаа таван удаа явдаг болохоор зам нь ямар байгаа нь төсөөлөгдөх биз. Хөрснийх нь сул шороо үнс адил бужигнасан замаар явахад хэд хэдэн машин зөрлөө. Сул шороотой, бартаатай замаар тоос татуулан давхих тэр машинуудтай гүвээн дээр таарсан учир бид ч шороонд дарагдаад хоцров. Хурдаа хасаж, бужигнасан шороо намдсаны дараа цааш хөдөллөө. Гүвээнээс доош буцухад энэ тэндгүй ухсан нүх, сэндийчсэн газар угтав. Түрүүхэн том тэрэг өнгөрсөн болохоор шороо, тоос дарагдаагүй, манарсан их тоосон дундаас хэдэн айлын бараа харагдана. Хотынхоо салхин дээр хайрганы карьер байгуулсан улс байдаг, эсэхийг мэдэхгүй юм. Улаанбаатарыг бохирдуулж буй нь ганц утаа биш.
Бужигнасан цагаан тоос машины дугуйгаар босдогийг бид мэднэ. Энэ нарийн тоосоор оршин суугчид амьсгалж байгаа болохоор тэднийг эрүүл амьдардаг гэж үзэх үндэс алга. Нутгийн малчныд очиход өвлийн бэлтгэлээ базааж байсан юм. Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэн Т.Чөдөрөөс хайрга, дайргын карьерын талаар тодруулахад “2006 оноос эхлэн карьерууд ажиллах болсон. Ах нь энэ газар 20 гаруй жил нутаглалаа. Хоргодоод нутаг сэлгэж чадахгүй юм. Нүүе гэсэн ч өөр газар очихоор бэлчээрээ булаацалдаад, асуудал үүсэх байх гэж бодон эндээ суух болсон. Өмнө нь малчид бид урагшаа, голын эрэг хавиар зусдаг байлаа. Одоо бол өвөл, зунгүй өвөлжөөндөө байдаг” хэмээв. Энэ хавийн карьерууд нээгдсэнээс хойш 2015, 2016 онд олборлолт, тээвэрлэлт дээд цэгтээ хүрч, улаан шороо эргэлдэж байсан гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ирж, иргэд болон карьерын эзэдтэй уулзан, нөхөн сэргээлт хийхгүй бол хаах хүртэл сануулга өгчээ. Уулзалт үр дүнд хүрсэн, үгүйг нь мэдэхгүй гэдгээ оршин суугчид илэрхийлж байв. Тус хорооны Засаг дарга малчидтайгаа уулзах бүртээ “Одоо бүгдийг нь хаана, болиулна” гэдэг ч хаасан карьерууд нь хэд хоногийн дараа дахиад л ажилладаг аж.
СЭТГЭЛГҮЙ ОЛБОРЛОГЧИД
Хайрга, дайрга олборлогчдын сэндийчсэн газарт хүн байтугай мал ч явахад хэцүү болон үлджээ. Ухсан нүх, овоолсон шороог хашиж, эрсдэлээс хамгаалж орхих ёстой байтал энэ хавьд нөхөн сэргээлт хийсэн карьер нэг ч алга. Бусдыг нь харъя гэсэн ч шороон дундаас мэдэгдэх юм алга. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчид нөхөн сэргээлт хийдэг, эсэх талаар иргэдээс лавлахад “Ухаж дуусаад боллоо гэсэн шиг хаяад явчихдаг. Нүхээ буцааж булдаг олборлогч байхгүй. Үүнээс болоод ухсан нүхэнд нь мал унах, шаварт шигдэж үхэх нь ердийн зүйл болсон. Малчид бид эрүүл мэнд, малаараа хохироод л сууж байна” гэв.
ХЭНД ХАНДАХАА МЭДЭХГҮЙ СУУНА
Хайрга, дайрга олборлодог байгууллагынханд нөхөн сэргээлт хийх шаардлагыг нийслэлийн Байгаль орчны газраас жил бүр өгдөг. Хэрэв олборлож байгаа газрын нөөц дуусаагүй бол өөр газар нөхөн сэргээлт хийлгэдэг гэнэ. “Өвөр арцат” ХХК-ийн захирал Д.Дүгэрсүрэнтэй уулзахад “Нөхөн сэргээлтийг жил болгон хийдэг. Нэг уурхай нээгээд түүнийгээ намар нь хаагаад байвал ямар ч хэрэггүй. Тухайн газрын түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц дуусаагүй бол нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэнтэй уулзаж, дараа жил дахин олборлох зөвшөөрөл авдаг. Нөхөн сэргээлтийг өөр газарт дүйцүүлэн хийж болдог. Тэр газрыг нийслэлийн Байгаль орчны газрынхан зааж өгөх үүрэгтэй. Намар шороо их босдог учир тоосжилттой байдаг. Зун бол угаалга хийж тээвэрлэдэг учир шороо тоос харьцангуй бага” гэв.
Хайрга, дайрга ачсан автомашинууд байнга явдаг 15.7 км замыг 2013 оны зургадугаар сард ашиглалтад оруулжээ. Тэр үед 20-иод компани нийлж, өмнө байсан 40 гаруй замыг хааж, нэг замаар зорчдог болгосон нь бас ч гэж сайшаалтай. 2018 онд судалгаа хийхэд Эмээлтээс Биокомбинат хүртэлх 15.7 км замыг 22 тэрбум төгрөгөөр тавина гэсэн тооцоо гарчээ. Гэсэн ч зарим асуудлаас болоод хатуу хучилттай зам тавьж чадахгүй байгаа гэнэ. Хайрга, дайргын карьерыг жил бүрийн дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын эх хүртэл ашигладаг. Гэхдээ зарим үед цаг агаарын байдлаас болоод энэ хугацааг уртсах тохиолдол бий гэнэ.
Нутгийн нэг оршин суугчаас одоогийн нөхцөл байдлын талаар тодруулахад “Дассан газраасаа холдож чадахгүй юм. Энэ хавиар амьдарч байгаа хүмүүсийн олонх нь тэтгэврийн хөгшид. Бэлчээрт малаа гаргахаар энэ шорооноос үүдээд хувцас цагаан болчихдог. Овоон дээрээс малаа харахад ч хүндрэлтэй. Олон нүх, жалга руу орчихоод харагддаггүй. Хүүхдүүд ирэхээр харшил нь хөдлөн, хамар нь битүүрч, нус нь гоождог. Хөгшчүүл бид айраг, цагаан идээ идэж өссөний хүчинд л энд байна. Том тэрэгний жолооч нар их хурдтай явдаг юм. Жижиг тэрэгтэй хүнд зам тавьж өгөх нь байтугай шахаж, замын хажуу руу унагасан тохиолдол ч бий” гэв.
Хайрга, дайргыг зайлшгүй олборлож, бүтээн байгуулалтын ажилд ашиглах шаардлагатай ч хотоос зайдуу, ард иргэдээс хол газар зөвшөөрөл олгохгүй бол малчид эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар