Сангийн яамныхны хийсэн шалгалтын дүгнэлтээс үзэхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хариуцсан яам нь төдийлөн анхаардаггүй бололтой. Тодруулбал, өнгөрсөн оны босгон дээр хийсэн шалгалтаар уг хуулийн зарим зүйл, заалтыг огт хэрэгжүүлээгүй болох нь илэрчээ. Уг нь дээрх хууль Монголын эдийн засаг, нийгэм, залуусын амьдралд чухал нөлөөтэй эрх зүйн бичиг баримт. Харамсалтай нь, Сангийн яамныхан энэ хуулийн хэрэгжилтийг чамлаж, сэтгэл дундуур байгаа юм. Тодруулбал, ХНХЯ-ны дэргэдэх Үндэсний зөвлөл нь үйл ажиллагааныхаа тайланг дараа оны нэгдүгээр сард багтаан Засгийн газарт тайлагнана хэмээн уг хуульд заасныг сүүлийн жилүүдэд огт хэрэгжүүлээгүй байжээ. Дээр нь тус хуулийн 6.3.5-д заасан Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүргээ ХНХЯ-ныхан умартсан аж. Мөн дээрх сангийн орлого, зарлагын улирлын тайланг дараа улирлын хоёр дахь сарын 5-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор ирүүлнэ гэж заасныг ч үл тоож ирсэн байх юм.
...Өмнө нь нэг жилийн сургалттай мэргэжлээр МСҮТ-д элсэх хүн олддоггүй байж. Өдгөө МСҮТ-үүдийн нэг жилийн ангид элсэгчид олширчээ. Энэ нь но-той хэмээн шалгалтын ажлын хэсэгт орсон нэгэн хэлсэн юм. Өнгөрсөн жилийн 35 384 суралцагчийн 21 857 нь шинэ элсэгч гэхээр энэ хардлага бодитой гэж ойлгогдохоор байна...
Үүнээс гадна магадлан итгэмжлэлийн талаар хуулийн зохицуулалт байхгүй нь чанаргүй МСҮТ олноор байгуулах, сургалтын чанар дээшлэхгүй байх шалтгаан болсон гэж шалгалтын материалд дурджээ. Хамгийн гол нь салбарын яам нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.4.12-т заасан статистик болон бусад мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сан бүрдүүлж, хөтлөх зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байсан гэнэ. Үүний улмаас МСҮТ-үүд тусгай зөвшөөрөл, элсэлтийн тоо, статистик мэдээлэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө мэргэжлийн нэр, индексийг мөрдөж ажиллаагүй байна. Жишээлбэл, БСШУ-ны сайдын 2011 оны тушаалаар төлбөр тооцоо, цалин хөлсний нярав мэргэжлээр нэг жил сургахаар баталсан байхад нэгэн политехник коллеж 2016-2017 оны хичээлийн жилд 32, 2017-2018 онд 20, 2018-2019 онд 22 суралцагчийг 2.5 жил сургахаар элсүүлсэн байж.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/129 тоот тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд 81 МСҮТ-д 27 532 оюутан элсүүлэх хяналтын тоо баталжээ. Гэтэл хичээлийн хагас жилд суралцагчдын албан ёсны тоо 10 594 байсан гэнэ. Энэ нь элсэлтийг тоог батлахдаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг бодитой гаргадаггүй, хяналт сул буйг харуулж байна хэмээн шалгалтын дүгнэлтэд дурдсан байлаа.
МСҮТ-д сураагүй хүнд мөнгө олгосон талаар иргэд ам дамжин ярьдаг. Эл шалгалтаар зарим МСҮТ тухайн мэргэжлийн батлагдсан квотоос хэтрүүлэн оюутан элсүүлснийг илрүүлсэн аж. Мөн суралцагчдын тоо бодит биш байгааг онцолсон. Сангийн яаманд ирүүлсэн хувьсах зардлын мэдээллийг оюутны бүртгэлтэй тулгаж үзэхэд харилцан адилгүй, эргэлзээ төрүүлэхээр байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, их хэмжээний мөнгө ямар ч хяналтгүй зарцуулж байгааг Сангийн яамныхан тодотгосон. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй оюутны 20 938 нь 14-25, 3831 нь 26-35, 1922 нь 36-45, 1037 нь 46-65 насныхан байж. Тэднээс 30 нь 14-өөс доош насныхан гэнэ. Бас 35 384 оюутнаас 21 857 нь 2018 онд шинээр элсэгч. Өнгөрсөн өвөл төгсөгчдийг хасвал 35 384 гэх тоо 31 236 болж буурна. Гэтэл салбарын сайдын баталсан оюутны хяналтын тоо дээр дурдсанаар 27 758 байгаа юм. Эндээс харахад хамгийн багадаа 3478 хүн суралцаагүй хэрнээ сул мөнгө авсан гэж хардаж болохоор.
Түүнчлэн МСҮТ төгссөн оюутан дахин өөр МСҮТ-д элсэн суралцсан тохиолдол ч цөөнгүй байжээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагынхнаас энэ талаар тодруулахад суралцагч нь ажил олдоогүй шалтгаанаар дахин өөр мэргэжлээр сурсан гэж хариулсан байх юм. Энэ мэтээр ганцхан МСҮТ-д нэг оюутан 7-8 жил сурсан тохиолдол гарсныг албаныхан баталж буй. Шалгалт хийсэн яамныхан үүнийг “ХНХЯ-нд нэгдсэн мэдээллийн сангүй, хувьсах зардал гаргахдаа тулгалт хийдэггүйгээс болсон” хэмээн тайлбарласан. Улмаар нэг оюутны мэдээллийг жил дамнан ашигладаг байж болзошгүй, цаашдаа хяналт шалгалтаа чангатгахгүй бол ажилладаг юм уу, их, дээд сургуулийн оюутан, бүр тэтгэвэрт гарсан хүний мэдээллийг бичсэн байхад мэдэх боломжгүй гэдгийг тэд хэлж буй. Тэр ч бүү хэл, ХНХЯ-нд мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан төгсөгчдийн тоо байгаагүй аж. Энэ нь төгсөгчдийг ажил мэргэжилтэй, эсэх талаарх тандах судалгаа хийдэггүй, эргэх холбоо муу байгаатай холбоотой гэсэн.
Засгийн газрын тусгай сангуудын нэг бол яах аргагүй Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан. Энд эргэлдэж буй мөнгө ямар ч хяналтгүй байгаад Сангийн яамныхан санаа зовж буй. Уг санг ХНХЯ, тэр дундаа тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцдаг. Нэг ёсондоо тус газрынхан өнгөрсөн шалгалтад бүдэрч, хангалтгүй гэх үнэлгээ авчээ.
Үүнээс гадна Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд тусгай зөвшөөрөлд нэр дурдаагүй мэргэжлээр элсэлт авах хяналтын тоо баталсан байж. Тухайлбал, “Хамаг Монгол” МСҮТ өнгөрсөн оны хичээлийн жилд хяналтын тоонд ороогүй есөн мэргэжлээр элсэлт авахаар санал өгснийг сайд шууд баталсныг Сангийн яамныхан хэлэв. Тиймээс цаашид тусгай зөвшөөрөлд нэр нь орсон мэргэжлийг хяналтын тоотой тулган элсэлт авч байхыг МСҮТ-үүдийн удирдлагад зөвлөжээ. Түүнчлэн элсэлтийн хяналтын тоог батлахдаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг бодитой гаргадаггүй гэж шалгалтынхан шүүмжлэв.
Шалгалтын эцэст ХНХЯ-нд хандаж хэд хэдэн зөвлөмж өгчээ. Тухайлбал, суралцагчдын давхардлыг арилгахыг сануулжээ. Улмаар иргэдийг мэргэжлийн боловсролын салбарын үнэн, зөв мэдээллээр хангах, МСҮТ-д хувьсах зардал олгохдоо тухайн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, чанарт нь тохируулан хувилан олгох зэргийг дүгнэлтэд бичсэн байв.
МСҮТ-ийн тусгай зөвшөөрлийг нэгбүрчлэн тулгаж, мэргэжил, хугацаа, индекс, квот, элсэгчдийн тоо зэргийг бодитой гаргахыг мөн зөвлөжээ. Түүнчлэн шаардлагагүй гэж үзсэн мэргэжлээр элсэлт авч, улсаас хувьсах зардал олгон төсвийн мөнгийг хий үрэхгүй байхыг ч зөвлөмжид тусгасан байна.
Энэ он гарсаар МСҮТ-д суралцагч бүрт сард 100 000 төгрөг олгож эхэлсэн. Мөнгө олгож эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа ХНХЯ-наас дотоод хяналт шалгалт хийжээ. Ингэхэд 5-6 МСҮТ-ийнхөн огт сураагүй оюутанд сар бүр 100 мянган төгрөг олгосон зөрчил гаргасан гэдгийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагынхан өөр хоорондоо жиг жуг хийцгээж байна. Үүнээс харахад ХНХЯ-ныхан энэ оны эхэнд Сангийн яамнаас анхааруулсан зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй бололтой. Ер нь МСҮТ-ийн сургалтын чанар сайжирсан уу, энэ байгууллага мөнгөний төлөө ажиллаад байна уу гэдэгт хатуу хяналт тавих цаг болжээ.
Нэн тэргүүнд хүчин чадалдаа тохирсон элсэлт авахыг холбогдох байгууллагууд эл салбарынханд анхааруулсаар байгаа юм. Түүнчлэн насны хязгаар заахгүй сар бүр тэтгэлэг олгож буйг эсэргүүцэх хүн захаас аваад бий. Тэр ч бүү хэл, кассчин, компьютер программын чиглэрээр сурч буй оюутанд тэтгэлэг өгөх шаардлагагүй гэх хүнтэй ч таарсан. Өдгөө хөдөлмөрийн настай уялдуулахгүй, бүх хүнд мөнгө олгож буй. Гэтэл эерэг хандлагатай 30, хамгийн дээд тал нь 35 хүртэлх насны залуусыг ажилд авна гэсэн зар өчнөөн байдаг. Тийм атал МСҮТ-үүд залуусыг нас харгалзахгүй олон тоогоор элсүүлж, үнэгүй сурган, дээрээс нь сар бүр бэлэн мөнгөөр угжиж байна. Эцэст нь баахан гудамж “метрлэсэн” хүмүүс төгсөж байна хэмээх шүүмжлэл гардаг.
МСҮТ төгсөгчид ажил олдохгүй байна гэх нэрийдлээр дахин өөр МСҮТ-д элсэн тэтгэлэгт хамрагдаж буйг Сангийн яамнаас мэдээлснийг дээрх жишээ батлах мэт. Өмнө нь нэг жилийн сургалттай мэргэжлээр МСҮТ-д элсэх хүн олддоггүй байж. Өдгөө МСҮТ-үүдийн нэг жилийн ангид элсэгчид олширчээ. Энэ нь но-той хэмээн шалгалтын ажлын хэсэгт орсон нэгэн хэлсэн юм. Өнгөрсөн жилийн 35 384 суралцагчийн 21 857 нь шинэ элсэгч гэхээр энэ хардлага бодитой гэж ойлгогдохоор байна. Тиймээс мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг сонгуулийн шоу болгож ашиглахаасаа илүүтэй нийгэмд хэрэгтэй байх талаас нь анхаарч хөгжүүлээсэй хэмээн олон нийт хүсэж байна. Мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг орнуудаас манайхан ажлын ур чадвараараа бараг сүүл мушгидаг нь энэ салбарыг дэмжихдээ мөнгөөр угжих биш, дэвшил гарах хэмжээнд хүртэл хөгжүүлэх цаг ирснийг илтгэж байна.