Өнөөдөр хөдөлмөр эрхлэж байгаа иргэд эрх үүргээ тэр бүр мэддэггүй. Мөн ажил олгогчид нь ажлын нөхцөл бололцоог хангахад ямар стандарт горим баримтлахаа мэдэхгүйгээс хөдөлмөрийн аюулгүй байдлын горим алдагдах эрсдэл үүсэж байна. Тиймээс нийслэлийн Багахангай дүүрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөр эрхлэлтийн талаар олон улсад мөрдөгддөг стандартыг таниулах сургалтыг зохион байгууллаа.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол Улсад хөдөлмөрийн салбарын төрийн захиргааны байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцийн талаарх ойлголт, хандлагыг дээшлүүлэх тус сургалтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм. Сургалтанд хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, мэргэжлийн боловсролын салбар зөвлөл, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд, ажил олгогчийн төлөөлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, бусад аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Монгол Улс нь ОУХБ-ын суурь 8 конвенцид нэгдэн орсон Азийн анхны орны нэг бөгөөд дээрх конвенцийн дагуу эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөө, хамтын хэлэлцээр хийх эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтыг арилгах, албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийг устгах үүргийг хүлээж өөрийн орны хууль тогтоомжид конвенциудын зүйл заалтуудыг тусган мөрдөн ажилладаг.
Мөн дээрх конвенц нь Европын холбооноос Тарифын ерөнхий хэлэлцээрийн дагуу бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад хөнгөлөлттэй нөхцлөөр гаргадаг орнуудын экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагын хувьд бүтээгдэхүүнээ тогтмол экспортолж байх нэмэлт нөхцөл буюу GSP+ нөхцөл болон мөрдөгдөж байна. Манайх 2014 оноос хойш Европын холбооны ТХЕХ-т хамрагдаж ирсэн бөгөөд Монголоос Европын холбооны улсууд руу экспортолж буй нийт бараа бүтээгдэхүүний 93 хувийг энэхүү хөнгөлөлтөнд хамруулаад байна.
Цаашид энэхүү хэлэлцээрт үргэлжлүүлэн хамрагдахад харгалзах нэмэлт нөхцөл нь хөдөлмөрлөх эрх, хүний эрхтэй холбоотой суурь 8 конвенц бөгөөд эдгээр нь олон улсын хөдөлмөрийн суурь хэм хэмжээ, зохистой хөдөлмөрийн үндсэн шаардлага болж байдаг.
“Сургалтын явцад ажил олгогч, ажилтан, албан хаагчид, ард иргэдийн дунд хөдөлмөрлөх эрхийг хэрхэн бүрэн хангах, Европын холбооны дээрх ТХЕХ-ээс олгож буй боломжийг хэрхэн оновчтойгоор ажил хэрэгтээ ашиглах талаарх мэдлэг, мэдээллийг улам бүр өргөн цар хүрээтэй түгээх шаардлагатай байгаа нь ажиглагдлаа” хэмээн Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал Г.Баярмаа онцоллоо.