Энэ оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 84.2 сая мал бэлчээж байжээ. Үүнээс энэ өвөл 16.5 сая орчмыг нь хэрэглэж, 67.7 сая толгойг нь өвөлжүүлэхээр төлөвлөж буйг орон нутгуудын холбогдох албныхан тооцоолжээ. Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас отор нүүдлийн судалгааг урьдчилсан байдлаар нэгтгэн ХХААХҮЯ-нд хүргүүлсэн аж. Одоогоор Архангай, Өвөрхангай, Булган зэрэг долоон аймгийн 2766 өрхийн 2.2 сая малыг зэргэлдээ аймгийнх нь нутагт өвөлжүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Ховд, Хэнтий, Увс зэрэг долоон аймгийн 2190 өрхийн 1.3 сая малыг хилийн зурваст, Төв, Архангай, Завхан гэх мэт 13 аймгийн 1.8 сая малыг улсын тусгай хэрэгцээний болон дундын отрын бүсэд, өөр аймаг, сумын нутагт 3748 өрхийн гурван сая малыг оторлуулахаар төлөвлөсөн байна. Нийт 8.3 сая толгой малыг энэ өвөл оторлуулах санал ирүүлснийг ХХААХҮЯ-ныхан мэдээллээ.