Хичээлийн жилийн II улирал эхэлчихээд байхаад VIII, IX ангийн 85 000 орчим хүүхэд сурах бичиггүй байна. Энэ сарын 4-ний байдлаар VI, VII, X-XII ангийнханд түрээслэх номуудыг түгээж дууссан гэсэн мэдээллийг БСШУСЯ-наас өгсөн. Уг нь есдүгээр сарын 1 гэхэд дунд, ахлах ангийнханд түрээслэх сурах бичгийг түгээсэн байх ёстой атал урагшгүй албатуудын балгаар хүүхдүүд хохирсон хэвээр. Бүхэл бүтэн БСШУСЯ санхүүжүүлэгч байгууллагын гар харж, “Тендер оройтож зарласнаас сурах бичиг хэвлүүлэх ажил хойшилсон” хэмээн буруугаа бусад руу чихэх нь хэр зохистой вэ. Хүүхдүүдийнхээ номыг хугацаанд нь хэвлэчих чадал, сэтгэлгүй байж салбартаа 600 гаруй төсөл хэрэгжүүлсэн хэмээн “томрох” нь бүр ч ичмээр.
Тэдний балаг үүгээр дуусахгүй. Сонгон шалгаруулалтад тэнцсэн “Очир пресс” ХХК нь номоо урд хөршид хэвлүүлж, хилээр нэвтрүүлэхийг завдсан нь олны анхааралд өртөв. Тодруулбал, өнгөрсөн сарын 22-нд Монгол Улсын иргэн З нь БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн хоёр нэр, төрлийн 482 хайрцаг бүхий 43 060 ширхэг ном нууцаар нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсаныг МХЕГ зарласан. Тус компани нь дээрх нэр, төрлийн нийт 70 мянга гаруй сурах бичиг хэвлэн, нийлүүлэх гэрээтэй байжээ. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир энэ талаар “Очир пресс” компанийг БНХАУ-д сурах бичиг хэвлүүлснийг одоогоор тогтоогоогүй. МХЕГ болон ГЕГ-аас энэ талаарх мэдээллийг албан бичгээр ирүүлсэн тохиолдолд уг асуудлыг эцэслэн шийднэ. Хятадад хэвлүүлсэн нь батлагдвал хуулийн байгууллагад шилжүүлэн, тус компанийг хар жагсаалтад бүртгэнэ” гэлээ. Хил, гаалийн байгууллага БНХАУ-аас оруулж ирснийг нь тогтоосон байхад өөр юуг нотлох гэсэн юм бол. Албаныхан ажлаа ингэж хийдэг болохоор “Очир пресс” компанийнхан “Сурах бичгийг яагаад Хятадад хэвлүүлж болохгүй гэж” хэмээх нь ч аргагүй аж.
МХЕГ-ынхан эл асуудлыг БСШУСЯ-нд албан бичгээр уламжлах үүрэгтэй, эсэхийг тус газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнгээс тодруулахад “VI ангийн англи хэл, түүхийн 43 060 ширхэг сурах бичгийг “Очир пресс” компанид хэвлэв” гэсэн шошготойгоор иргэн З Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх гэж байсныг манай Хилийн мэргэжлийн хяналтын алба илрүүлсэн. Үүний дагуу салбарын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой холбогдож, сурах бичгийг бусад улс оронд хэвлэж, оруулж ирэх боломжтой, эсэхийг тодруулсан. Тэгэхэд “Дотоодын компаниудаа дэмжих зорилгоор ном хэвлэх эрх өгдөг. Тиймдээ ч тендерийн гэрээнд заасны дагуу сурах бичгийг зөвхөн Монголд хэвлэнэ” гэсэн тайлбар өгсөн. Үүнээс гадна тухайн иргэн сурах бичгийг хилээр нэвтрүүлэхдээ “дэвтэр” хэмээн ташаа мэдээлсэн. Эрүүл ахуйн шаардлага хангасан гэсэн сертификат ч байгаагүй. Эдгээр шалтгааныг үндэслэн “Очир пресс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахуйц бараа, бүтээгдэхүүнийг устгадаг. Харин сурах бичгийг тэгэх боломжгүй тул ГЕГ-т шилжүүлсэн. Тус газрынхан холбогдох хууль, тогтоомжийн дагуу тухайн компанид бараа бүтээгдэхүүнийх нь нийт өртгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байна” гэсэн юм. Мөн тэрбээр “Манайх хуулийн дагуу бүх арга хэмжээг авсан. Тендерийн явцад гарсан маргаан, будилааныг манайх шалгаж, тогтоох үүрэг хүлээдэггүй. Тэгээд ч энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн нэг ч албан бичиг БСШУСЯ-наас бидэнд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, уг асуудлыг тендер зарласан байгууллага нь Худалдан авах ажиллагааны тухай хууль болон гэрээний заалтад үндэслэн шийдэх ёстой. Ямартай ч сурах бичгийг Монголд хэвлээгүй нь тодорхой болсон. “Тоног төхөөрөмж эвдэрсэн тул хугацаа алдахгүйн тулд номуудыг урд хөршид хэвлүүлсэн. Энэ тухайгаа яаманд мэдэгдсэн” гэж “Очир пресс” компанийнхан хэвлэлийнхэнд ярьсан байна лээ. Үүрэг, хариуцлагынхаа дагуу ажиллах хэрэгтэй байх” гэв.