Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймагт ажиллаж, ургацын чанар, аюулгүй байдлыг шалгасан талаараа өчигдөр мэдээллээ. Улсын хэмжээнд өнгөрсөн хавар 340 000 га-д улаан буудай тариалснаас өчигдрийн байдлаар 380 000 орчим тонн ургац хураажээ. Үүнээс 200 000 орчим тонныг нь гурилын үйлдвэрүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан хүлээн авсан байна. “Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл буюу өнгөрсөн найм, есдүгээр сард хур тунадас элбэг унаснаас шалтгаалж ногоон тариа их, чийг өндөртэй буудай үтрэм дээр буужээ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд буудайг цэвэрлэж, хатааж байна” гэж тус байгууллагаас мэдээлэв. Буудайн чанарын хувьд энэ жил цавуулаг харьцангуй өндөр байгаа ч чийгээс болж тарианы үзүүр харлах, түрүү нь дахин соёолох зэрэг хүнсний болон үрийн улаан буудайн стандартад заагаагүй, нарийн судлагдаагүй асуудал үүсжээ. Түүнчлэн ургацын чанар тааруу байгаатай холбоотойгоор 2020 оны тариалалтад шаардагдах үрийн нөөцийг хараахан бүрдүүлж чадаагүй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч