Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн Өгөөмөр цэцэрлэгийн шинэ байрны нээлт боллоо. 1979 онд ашиглалтанд орсон зориулалтын бус давчуу байранд үйл ажиллагаа явуулж байсан цэцэрлэгийн багш ажилчид тойргоосоо сонгогдсон Н.Энхболд гишүүнд шинэ байртай болгож өгвөл илүү олон хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэдгийг уламжилж байсан юм.
Хүн ам ихтэй Жаргалант суманд цэцэрлэгийн хүрэлцээ муугаас хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй хохирч байсан юм. Тиймээс Н.Энхболд гишүүн 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн шинэ байрны төсвийг суулгуулснаар өнөөдөр Өгөөмөр цэцэрлэг 120 хүүхдийн багтаамжтай тохилог дулаахан байртай болжээ.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нээлтийн үеэр “УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Жаргалант суманд хоёр дахь цэцэрлэгийн нээлтийг хийж байна. Тун удахгүй сургуулийн дотуур байр ашиглалтанд орох гэж байна. Хүүхдүүдийн сурах орчин сайжирна гэдэг газар тариалангийн бүс нутгийн хөдөлмөрч ард түмний хувьд сэтгэл зовох зүйлгүй ажиллах, улс орондоо хувь нэмрээ оруулах таатай боломж бүрдэж байна” гэдгийг онцолсон. Мөн МУЗН-ийн ерөнхийлөгчийн хувьд Жаргалант суманд ажиллах үеэрээ эмзэг бүлгийн 113 өрхөд тусламжийн хувцас, эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өглөө.
Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулах гэж байна. Гурван давхар, 100 хүүхдийн багтаамжтай дотуур байрны барилгын ажлын явцтай танилцлаа.
Жаргалант суманд ажилласны дараа Баянчандмань суманд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцтай мөн танилцлаа. Дулаанаа авч, дотоод заслын ажилдаа орсон байсан бөгөөд энэ ондоо батааж ашиглалтанд өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байна. Цэцэрлэгийн зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчин бэлгэндсэн бөгөөд зөвхөн ашиглалтанд орох өдрөө хүлээж буйг сумын удирдлагын зүгээс хэлж байлаа.