Монголын түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдрийг тэмдэглэлт ойн түвшинд авч үзэж, тухайн хүмүүсийн үйл хэрэг, гавьяаг олон түмэнд таниулж, дурсгалыг нь мөнхжүүлэх өдөр болгон, төр, засгаас санхүүжүүлэх болсон. Үүний хүрээнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, хувьсгалын дүнд байгуулсан Түр Засгийн газрын Бүгд түр ерөнхийлөн захиран шийтгэх гишүүн, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны тэргүүн сайд Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жиийн ойг ирэх сарын 29-нд тэмдэглэх юм.
Монгол Улсын Сангийн анхны сайд Г.Чагдаржав гэж хэн байв, ер нь монголчууд Манжийн төрөөс салж, Богд хаант Монгол Улсыг байгуулах үед ямар үйл явц өрнөв гэдэг өнөөгийн хэн бүхэнд сонирхолтой. Г.Чагдаржавын тухай өгүүлэхийн өмнө 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд байгуулагдсан Богд хаант улсын Засгийн газрын танхимд хэн, хэн ямар үүрэгтэй ажиллаж байсан тухай дурдах нь зүй юм.
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Их хүрээнд VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залан, улсын хаанаар өргөмжилж, Засгийн газрыг байгуулан, энэ тухай дэлхий нийтэд зарлан тунхаглажээ. Засгийн газрыг таван яамны бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Г.Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг томилжээ.
Эдгээр сайд нараас энэ удаа Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайд, түшээт ван Г.Чагдаржав гэж хэн болох талаар мэдээлэл бэлтгэлээ. Ташрамд дуулгахад, XX зууны эхэн үеийн Монголын төр, нийгмийн ажилд хоёргүй сэтгэлээр, амь, бие үл хайрлан зүтгэж явсан хоёр Чагдаржав байсан аж. Нөгөөх нь Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Чагдаржав.
Мэндэлснийх нь 150 жилийн ой тохиож буй, ойг нь Засгийн газрын тогтоолоор тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж буй түүхэн хүн Гадинбалын Чагдаржав гэж байв.
Тэрбээр Говь түшээ гүний хошууны засаг ноён, Түшээт хан аймгийн Чуулганы дэд дарга байжээ. Түр Засгийн газрын даргаар томилогдсон тэрбээр Богдыг хаан ширээнд залах ажлыг зохион байгуулсан байна. Сангийн сайдын ажил эрхлэхийн зэрэгцээ түүхэнд “Таван замын байлдаан” хэмээн тэмдэглэсэн ажиллагааг ерөнхийлөн захирагч сайд байсан аж. 1914 оны наймдугаар сараас эхэлж ажиллан, 1915 онд ажил хэрэг болгосон Хиагтын хэлэлцээрт нөлөө бүхий оролцоотой байсан тул 1915 оны зургадугаар сар хүртэл Хиагтад амьдарч байсан бөгөөд Их хүрээнд ирснээсээ хойш нэг сарын дараа 46-тайдаа нас баржээ. Түүнийг өвчний улмаас өөд болсон, аль эсвэл хүний гарт амь үрэгдсэн тухай баримт байдаггүй бөгөөд түүхчид Ханддорж, Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Гомбодорж, Гомбосүрэн нарын адил хорлогдсон байх магадлалтай гэж үздэг юм байна.
Үйл явц хэрхэн өрнөв. 1911 онд Монголын нийгэмд нөлөө бүхий том ноёд, лам нар Их Хүрээнд, тодруулбал, Богд уулын Төр хурахын аманд цуглаж Манжийн дарлалаас ард түмнээ ангижруулах хөдөлгөөнийг хэрхэн өрнүүлэх тухай хэлэлцэн, төлөвлөснөөр Түр Засгийн газрыг нууцаар байгуулж, даргаар нь Г.Чагдаржавыг, дэд даргаар нь Гомбодорж, Гомбосүрэн нарыг тавьжээ. Аргын тооллын 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд Түр Засгийн газар байгуулан, маргааш нь тунхаглан зарлаж байгаагаа олон түмэнд зарлажээ. Энэ тухайгаа хамгийн түрүүнд Оросын Консулын газарт мэдэгдэж, цаашилбал гадаад улс орнуудад мэдээ түгээсээр байжээ.
Их хүрээнд сууж байсан Манж Чин улсын манж амбан Сандод бичиг хүргүүлж, түүнийг Монголоос хөөсөн байна. Түүний эрхэлж байсан алба, данс бичиг зэргийг Богд хааны тушааснаар Түр Засгийн газрын зургаан хүн хүлээж авч үргэлжлүүлэн эрхлэх болж. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хэрхэн өрнөж, төр, Түр Засгийн газрын эргэн тойронд ямар үйл явдал болж байсан талаар улсын дөрвөн аймгийн Чуулганы дарга, туслагчид, Хүрээний хамба номун хан, Эрдэнэ шанзудба нарт нэгэн адил мэдэгдэн явуулжээ. Аймгийн хошууд, суурин жасаа, сумын өртөөнүүдэд ч нэгэн адил мэдэгджээ. Үйл явц энэ мэт үргэлжилсээр 1914 онтой золгосон бөгөөд Г.Чагдаржав сайд Хиагтын гэрээний ажилд дайчлагдсан явсан түүхтэй аж.
XX зуунд Монгол Улсын сэргэн мандалтын эхлэлийг тавьсан цагаагчин гахай жил буюу 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, хувьсгалыг зорилго нэгт нөхдийн хамт амжилтад хүргэж, эх орноо Манжийн дарлалаас ангижруулах үйлсэд томоохон алхам хийж, үндсэндээ ялалт байгуулан Түр Засгийн газар байгуулалцаж, Сангийн анхны сайдаар ажилласан Г.Чагдаржав нь хэний хүү, хэн болохоо өөрөө намтарчлан бичсэн нь өдгөө Үндэсний архивт хадгалагдаж байна. Намтар “Чагдаржав” сангаас эрхлэн гаргасан “Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржав: Тэргүүн боть, баримт бичгийн эмхэтгэл” хэмээнх номд олон хуудсаар дурайх тул хэсэгчлэн хүргэе. Халхын Түшээт хан аймгийн засаг, улсын түшээ гүн тэрбээр хиад ясны боржигон овгийнх аж. Уг эх нь Батмөнх даян хааны XI хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайж.
Намтарт ...Гэрсэнз жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Ононху үйзэн ноён, түүний хоёрдугаар хөвгүүн Абаху мэргэн ноён, түүний хоёрдугаар хөвгүүн Рахул далай ноён, түүний гуравдугаар хөвгүүн Сангарагчаа Далай дайчин, түүний нэгдүгээр хөвгүүн Норов эрх ахай, Халх нар Өөлд Галдангийн цэрэгт дарагдаж, хан, жонон ноён, тайж нар албат юугаан зонхилж чадахгүй болсон цагт Норов эрх ахай Энх-Амгалангийн XXVII онд (Аргын тооллын 1688 он) Шэнзү өршөөлт Хуандийн (Шэнзү-Манж Чин улсын Энх-Амгалан хааны цолын нэр, хуанди гэдэг нь эзэн хааныг нэрлэх хятад үг) их харуулд ирж орсон хойно Дээдийн амгаланг эрж, Богд эзний гэгээнээ бараалхсанд хишиг хүртэхийн завсраа өвчнөөр үгүй болжээ...
...Гүн Цэрэндорж Бадаргуулт төрийн XV он, өвлийн тэргүүн сарын шинийн 2-нд (Аргын тооллын 1889.10.25) өвчнөөр бие баржээ. Түүнд төрсөн хүү үгүй учир гүн Цэрэндоржийн уг зэргийг түүний төрсөн дүү тэргүүн зэрэг жинс дөтгөөр зэрэг тайж Гадинбалд залгамжлуулах явдлыг Их Журганаас Бадаргуулт төрийн XVII он, хаврын сүүл сарын арванаа айлтгаад, зарлигаар Гадинбалд засаг, улсын түшээ гүнгийн хэргэм залгамжлуулав.... Гүн Гадинбалд олгосон навчит өргөмжлөлд үе улиран тасралтгүй залгамжлуулах хэмээн бичжээ. Гүн Гадинбал Бадаргуулт төрийн XXI он, хоёрдугаар сарын 22-нд (1895.03.18) өвчнөөр бие баржээ.
...Гүн Гадинбалын уг зэргийг түүний урьд баталсан хөвгүүн дэд зэрэг тайж Чагдаржавт залгамжлуулах явдлыг Их Журганаас Бадаргуулт төрийн XXI он, өвлийн дунд сарын хорин тавнаа (1896.12.29) айлтгаад, мөн өдрөөс авч, биеийг үзүүлсэнд, зарлигаар Чагдаржавт засаг, улсын түшээ гүнгийн хэргэм залгамжлуулав. Дараа XXIII он, хавар цаг засгийн тамгыг хүлээн авч, хошуу захирагч хэрэг шийтгэв. Урьд Чагдаржав дэд зэрэг тайж бүхийд Жавзандамба хутагтын түлэгдсэн сүмийг шинэтгэн үйлдэхэд, гачиг тохиосон иргэдийг тэнхрүүлэхэд мөнгө туслан гаргасан учирт Их Журганаас Бадаргуулт төрийн XXI он, арванхоёрдугаар сарын арван долооноо (1895.01.31) айлтгасанд, зарлигаар нэг нэмсэн зэрэг, нэг тэмдэглэсэн зэрэг шагнан олгожээ...
Үндэсний түүхийн архивт буй түүний намтарт ийнхүү өгүүлсэн байх аж. Эндээс Г.Чагдаржавын угсаа гарваль, эрхэлж ирсэн ажил хэргийн тухай мэдээлэл авч болохоор.
Дээр нэр дурдсан номд он цагийн дарааллаар буй манж, монгол бичгээс кириллд буулгасан 350 нүүр баримт сэлтийг харахад түүний Монгол нутаг дахь Манжийн болон Богд хаант Монгол Улсын төрд алба хашиж байх үедээ ямар ажил явуулж байсан нь тод.
1906 онд буюу Манжийн төрийн үед түүний үйлдсэн бичиг анхаарал татна. Энэ нь “Түшээт хан аймгийн Чуулганы дэд дарга, засаг, түшээ гүн Чагдаржав харьяат хошууны нутаг дахь Тавантолгой хэмээх газраас гарсан чулуун нүүрсийг байцаан үзэж, авхуулахаар мордуулсан түшмэл элч нарыг ирэх тухайд өөрийн биеэр хүргэхээр завдан буйг Чуулганы даргад мэдэгдсэн бичиг” хэмээх нэртэй. Үүнд ... Тушаалаар ирсэн манж түшмэл Аи Эл Фу нарын тушаалыг дагаж, харьяа хошууны нутаг, Цэций, Тавантолгой хэмээх газар гарсан чулуун нүүрсийг үзүүлж, авхуулахаар томилон мордуулсан түшмэл, элч нар ирэх тухайд өөрийн биеэр мэдүүлэн хүргэж очих учир гаргаж сайдууд танаа үүгээр мэдүүлсэн тул, тэднийг ирэхийг үзэж мордохоор завдан буй эл учир түүгээр мэдүүлж түдгэлзүүлэн хүлээлгэх ажаамуу. Үүний тул өргөн илгээв. Бадаргуулт төрийн гучин хоёрдугаар он, дөрвөн сарын 21. Ийм бичгийн утга нь Тавантолгойн нүүрсийг үзэхээр буюу шинжлэхээр ирсэн манж түшмэлд нүүрсийг харуулалгүй буцаасан тухай аж. Одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Тавантолгой орчим нутаг түүний тоонот юм билээ.
1914 оны есдүгээр сарын 30-ны бас нэгэн бичиг түүх өгүүлнэ. Монгол Улсын хязгаарын дотроо төмөр зам байгуулах явдлыг их Орос улсын Засгийн газартай хэлэлцэн тогтоосон гэрээ байгуулсан байх аж. Нийт зургаан зүйл гэрээний эхнийхэд юу гэж бичсэнийг сонирхуулъя. “Монгол Улсын хязгаарын дотроо төмөр зам байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газраа үүрд хадгалахыг Орос улсын хаан эзний Засгийн газар батлав” гэжээ.
Энэ мэтчилэн баримт бүрийг сайтар ажваас сайд Г.Чагдаржав Монголынхоо газар нутаг, баялагт тун харам нэгэн байсан бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд тустай дорвитой төслүүдийг зоригтой хэрэгжүүлэх алхмуудыг тэртээ 1914, 1915 онд хийж байсан төр, нийгмийн тулхтай, алсын хараатай зүтгэлтэн байжээ.
Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг Засгийн газар, “Чагдаржав” сан хамтран ирэх сарын 29-нд тэмдэглэхдээ хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурал болно. Тэр үеэр номын II ботийн нээлттэй. Мөн Төрийн түүхийн музейд Чагдаржавын хөргийг залах ёслол зохион байгуулах нь. Түүнчлэн “Чагдаржав” хэмээх маркийг олон нийтэд танилцуулах аж.
Үндэсний музейд Үндэсний архивын газартай хамтарч эд өлгийн зүйлс, баримт материалын үзэсгэлэн гаргана. Гаанс, тамганы хайрцаг, уншиж, ашиглаж байсан хуучны үлгэрийн ном, Сангийн яамны данс гэх зэрэг зүйлийг дэлгэх юм байна.