Сургуулийг нь хоёр ээлжид шилжүүлснээр сурагч Намуун өдөр бүр 2.4 км газар алхах болжээ. Энэ нь түүний гэрээсээ сургууль хүртэлх хуучин чиглэлээс гадна туулах зам. Төрөлх эрдмийн өргөөндөө багтаж шингэхээ больсон Намуун шиг 600 гаруй сурагч энэ чиглэлээр өөр сургуульд хичээллэхээр явдаг байна. Өвлийн хүйтэнд III ээлжид хичээллэж, шөнө гэртээ харьснаас энэ нь магадгүй зөв шийдэл байх. Гэвч тэдний туулах зам бартаатай, тэр чигтээ жалга гүвээ, үерийн далан, шуудуутай. Хүүхдүүд ийм газраар бэдчих болсон нь олон шалтгаантайг сурвалжлахдаа олж мэдлээ.
Өргөтгөлийн барилгын орц, гарцыг хааж авто угаалгын газар барьчихсан. Эргэн тойронд нь хүнд даацын автомашин орж, гарах боломжгүйг та харж байна. Эдгээр шалтгаанаас болж өнгөрсөн наймдугаар сарын эхээр барилгын ажлыг зогсоосон
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, X хороололд байрлах нийслэлийн 56 дугаар сургууль буюу “Эрдмийн өргөө” цогцолборын өргөтгөлийн барилгыг энэ сард ашиглалтад оруулж, дээр дурдсан 600 гаруй хүүхэд хичээллэх байжээ. Харамсалтай нь, тус өргөтгөлийн барилгыг 2020 оноос өмнө ашиглалтад оруулах боломжгүй болж хүүхдүүд энэ хичээлийн жилийг дуустал айлын хаяа бараадна.
“Эрдмийн өргөө” цогцолбор сургалт сайтай, яамны лаборатори сургууль гэгддэг. Бага, ахлах сургуулийн хоёр байртай ч I-XII ангийн 110 бүлэг, 5000 орчим сурагчтай тул өнгөрсөн хичээлийн жил хүртэл гурван ээлжээр хичээллэж байж. Тиймдээ ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу гурван ээлжийг халах “ажиллагаа”-нд өртсөн сургуулиудын нэг нь эднийх болсон. “Ганцхан сар өөр сургуульд хичээллэчихвэл байртай болгоно” хэмээн багш, сурагч, эцэг, эхчүүдийг “хуурч”, сурагчдыг нь шилжүүлсэн гэх. Өдгөө тус сургуулийн VII, VIII ангийн хүүхдүүд далан давж, гуу жалгаар бэдчин 78 дугаар сургуульд очин, хичээллэж байна. “Хол ч гэсэн туулах зам нь саадгүй бол асуудалгүй” гэдгийг эцэг, эхчүүд хэлсэн.
640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, гурван давхар өргөтгөлийн барилгын “араг яс” ямартай ч босжээ. Он дамнуулан барих болсон шалтгааныг гүйцэтгэгч “Солид констракшн”-ыхнаас тодруулахад “Өргөтгөлийн барилгын орц, гарцыг хааж авто угаалгын газар барьчихсан. Эргэн тойронд нь хүнд даацын автомашин орж, гарах боломжгүйг та харж байна. Эдгээр шалтгаанаас болж өнгөрсөн наймдугаар сарын эхээр барилгын ажлыг зогсоосон. Гэхдээ удалгүй арга чарга олж, барилгыг үргэлжлүүлсэн л дээ. Өргөтгөлийн барилгын орц, гарцыг хааж, сэндвичэн барилга барьсан компанийг шүүхэд өгсөн гэж сонссон. Одоо болтол нураагаагүйг бодоход асуудлыг шийдээгүй бололтой. Сургуулийн өргөтгөлийн барилгатай зэрэгцүүлэн спорт заал барих ёстой. Гэвч одоо болтол суурийг нь цутгаагүй. Учир нь спорт заал барих хэсгээр барилгын материалаа зөөж байна. Барилгын аюулгүйн хашааг бага сургууль руу тэлж, автомашин оруулж ирэхээр төлөвлөж, хүйтрэхээс өмнө заалны суурийг цутгана. Мөн сурагчдын амралт таарсан тул дулааны шугам хоолойг ч татна” гэсэн юм.
Нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж, зөвшөөрөлгүй барьж, суурилуулсан чингэлэг, гараашнуудыг буулгаж, нүүлгэх асуудлыг дүүргээс шийдэх ёстой ч одоо болтол арга хэмжээ аваагүйг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Гэрэлгуа хэлсэн. Тэрбээр “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хааж авто угаалгын газар барьсан компанитай сургуулийн удирдлага шүүхдэлцсэн ч одоо болтол шийдэгдэхгүй байгаа юм билээ. Сургуулийн барилгын ажил 50 хувьд ч хүрээгүй. Энэ нь хөрөнгө оруулалттай холбоогүй. Орц, гарц хаасан асуудлаас гадна гүйцэтгэгч “Солид констракшн”-ыхан дулааны шугам сүлжээ татах зөвшөөрлөө магадлуулаагүй удсанаас хугацаа алдсан. Түүнчлэн барилгын зураг төслийг боловсруулахдаа алдаа гаргасан. Биеийн тамирын заалыг хэт жижиг төлөвлөснийг томруулж, зураг төслийг шинэчилсэн байх жишээтэй. Үүнээс гадна сургуулийн баруун талын газрыг чөлөөлж, дулааны шугам татах гэтэл гараашнууд саад болсон тул өдгөө өөр эх үүсвэрээс инженерийн дэд бүтэц авах болсон гэсэн. Ингэхдээ сургуулийн доторх талбайг сэндийчиж л таарна” хэмээв.
“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн эргэн тойрон, гаднах орчин нь энэ мэт хэзээнээс хүүхдүүдийн аюулгүй байдалд заналхийлсээр ирснийг эцэг, эхчүүд хэлсэн. Өнгөрсөн баасан гарагт биднийг очиход ахлах сургуулийнх нь урд газар ухаж, шугам сүлжээ татаж байв. Энэ нь сургуультай ямар ч холбоогүй, орон сууцын дундын шугам гэнэ. Өнгөрсөн долоо хоногт уг ажлыг эхлүүлсэн бөгөөд сурагчдын амралт дуусахаас өмнө амжуулна гэдгээ сантехникч нар хэлсэн.
Хичээл эхлэхээс өмнө ухсан газруудыг бөглөх л байх. Харин сургуулийн хойд талаар үерийн далан, түүнтэй чацуу шахам эгнүүлсэн олон гарааш, чингэлгийг яах вэ. Сахилгагүй хөвгүүд түүн дээгүүр нь байнга шахам гүйж харайдаг аж. Зарим нь унаж, бэртсэн ч тоодоггүй, өөрсдийнх нь буруу болохоор ихэнхдээ нуугаад өнгөрдөг тухайгаа учирласан. Сургуулийн зүүн, баруун талаар ч ялгаагүй, гараашнууд эгнүүлэн барьжээ. “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Ш.Отгонжаргалын хэлснээр эдгээр гарааш олон жил болж буй гэнэ. Тэрбээр “Далан дагуу сайжруулсан шороон зам тавихад ганц, хоёр гараашийг буулгасан. Түүнээс хойш цөөлсөн нь үгүй. Хичээлээ тараад хүүхдүүд гарааш дээгүүр их тоглодог. Бид аюултай гэж байнга хэлж, ойлгуулснаар одоо арай дээрдсэн. Гэсэн ч хүүхэд л болсон хойно хэцүү. Сургууль тойруулан барьсан гараашнуудыг буулгах гэж хөлөө хүрэх газар хөөцөлдөөд үр дүн гараагүй. Баянгол дүүргийн ЗДТГ-ынхан шийддэг юм гэсэн. Бидний мэдлээс хол давсан хэрэг. Цас орж, хүйтрэхээр хүүхдүүдэд далан өгсөх хэцүү болдог” хэмээн ярилаа.
Сургууль гараашинд бүслэгдсэнээс гадна газраа ч булаалгасан гэнэ. Бага сургуулийнх нь барилгад тулгаад Баянгол дүүргийн ЗДТГ-ынхан ажилтнуудынхаа орон сууцыг бариулсныг нийгмийн ажилтан Ш.Отгонжаргал хэллээ. Газраа алдсан сургуулийн удирдлага арга ядахдаа хөлбөмбөгийн талбайнхаа зарим хэсгийг хуулж, өргөтгөл барьж эхэлжээ. Б.Гэрэлгуа “Бага сургуультай нь залгаа барьсан ажилтнуудын орон сууцаас болж зарим өрөө, танхим нар үзэхээ больсон. Сургуулийн газрыг ингэж авч болдог, үгүйг хэлж мэдэхгүй. Ямартай ч дүүргээс сонгогдсон нэр бүхий гишүүдийн хийсэн ажил. Үүнд сургуулийн захирал нь холбоотой байж магадгүй гэсэн яриа ч чих дэлссэн. Хамгийн гол нь хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, сургуулийн хөлбөмбөгийн талбайг сүйтгэсэн. Газар нь хэт хавчигдмал, биеийн тамирын заал барьж дуусгахад өргөтгөл нь бага сургуультайгаа бөөрөөрөө нийлнэ” гэж халагласан.
Хүүхдүүд орж, гардаг байсан бага сургуулийн зүүн хаалгыг дүүргийн ЗДТГ-ынхан барилга бариад хаачихсан юм байна. Ганц хаалгаар хүүхдээ зөөж, авах гэж өглөө, оройд бөөн түгжрэл, бухимдал үүсэх болсныг эцэг, эхчүүд гомдоллосон. Сургуулийн нийгмийн ажилтан Ш.Отгонжаргал “Дүүргээс сургуулийн газар дээр ажилчдын орон сууц барих боллоо. Газар нь гэнэт л манай мэдлийнх биш болчихсон. Газраа алдахгүйн тулд багш нар хашааг нь олон ч удаа буулгаж, өдөр, шөнөгүй манасан. Гэсэн ч тэмцээд дийлээгүй. Харин эцэг, эхчүүд сургуулийн удирдлагыг газраа зарсан хэмээн ярьж, ойлгодог” гэв.
“Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд Баянгол дүүргийн IV хорооны “Голден парк 1, 2”, “Цоглог” хотхон, XX хорооны “Өнөр” хороолол, V, VI хорооны 5000 орчим хүүхэд сурдаг. Өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг хянаж шалгасан. Тэгэхэд нийслэлийн ерөнхий боловсролын 16 сургуулийн гаднах орчин холбогдох стандартын шаардлага, аюулгүй байдлыг хангаагүйг илрүүлсэн байдаг. Гэтэл эдгээрийн дунд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн нэр дурдагдаагүй. Гараашинд бүслэгдсэн, дээгүүр, доогуур нь сурагчид байнга тоглож, харайдаг. Баруун, зүүн талдаа хоёр ч бүтээн байгуулалт өрнүүлж буй, хүүхдүүд нь машин зам, гуу жалга, үерийн далан гэтэлж харьдаг. Сургууль руу нь орж, гардаг гарцыг дүүргийн эрх мэдэлтнүүд нь орон сууц бариад хаачихсан, нэвтрэхэд хүндрэлтэй байхад холбогдох хүмүүс нь яагаад анхаарахгүй байна вэ.
Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг нийслэлийн ЗДТГ-аас буулгаж байгаа. 56 дугаар сургуулийн эргэн тойрны газрыг чөлөөлж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад холбогдох албаныхан анхаарна гэдэгт итгэе.