Сонгомол, чөлөөт бөхийн энэ оны мастеруудын ДАШТ Гүржийн нийслэл Тбилис хотын “Tbilisi sports pal¬ace”-д энэ сарын 10-13-нд болж өндөрлөв. 22 дахь удаагийн тэмцээнд 41 орны тамирчин өрсөлдсөнөөс манай бөхчүүд эх орондоо медалийн хуртай ирсэн билээ. С ангиллын 70 кг-ын жинд “Тулгат” клубийн тамирчин, Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны дасгалжуулагч, спортын мастер Нямжавын Баатар, D ангиллын 130 кг-ын жинд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Дамирангийн Бумбаяр нар алтан медаль хүртэж, аваргын тавцанд зогссон юм. Спортын мастер Н.Баатарыг “Таван цагариг”-ийн зочноор урьж, ярилцлаа.
-Хэр зүтгэл гаргана түүний хэрээр амжилт ирдэг гэдгийг та ахмадын ДАШТ-д түрүүлсэн барилдаанаараа харууллаа. Өмнө нь энэ тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж, алт болголоо.
-Баярлалаа. Миний барилдсан жинд шилдэг 18 бөх өрсөлдсөн. Эхний тойрогт Италийн А.Каландраг 13:0, хоёрдугаар тойрогт Гүржийн М.Чхайдзег 10:0, гуравдугаар тойрогт ОХУ-ын И. Эстамировыг 6:0-ээр хожиж, алтан медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх З.Елгельдинийг 10:0-ээр цэвэр ялсан. Миний үе тэнгийн гадаад бөхчүүд багш дасгалжуулагч болжээ. Тухайлбал, надтай барилдаж, хожигдсон А.Каландра куба гаралтай Италийн бөх Франк Чамизогийн багш нь. Герман, ОХУ-ын бөхчүүд хоорондоо барилдахыг харсан болохоор хэн ялсантай нь би хүч үзэх байлаа. Оросын бөхийн барилдааны арга барил, техникийг барилдах явцад нь мэдчихсэн болохоор эн тэнцүү өрсөлдөөд хожсон.
-Тбилисийн дэвжээнд учраа бөхчүүдээ цэвэр ялсан. Алтан медалийн төлөө З.Елгельдинтэй өрсөлдөж, төвөггүй хожсон. Таныг медалийн тавцанд гаргасан тэр барилдааныг одоо ч спорт сонирхогчид ярьсаар байна.
-Тийм ээ. Тбилисийн дэвжээнд би учраа бөхчүүдээ цэвэр ялсан. Алтан медалийн төлөө барилдахаар дэвжээнд гартал Казахстаны бөх надаас “Хөгшөөн, чи энэ удаа хожигдчих” гэлээ. Хариуд нь “Үгүй ээ, энэ бол аваргын төлөөх барилдаан шүү дээ” гэж хэлээд илүүрхэж хожсон. Тэрбээр өөртөө нэг л итгэлгүй харагдаад байлаа. Яг барилдах болсон чинь хөл нь чичрээд, айж бэргээд байгаа нь анзаарагдсан. Түүнтэй нэг их удсангүй, шийдсэн мэхээ хийгээд л барилдааны цаг дуусахаас өмнө ялсан. Дэлхийн аваргын тэмцээн тамирчин хүнд олон оролцоод байх боломж биш шүү дээ. Миний хувьд хүрэл медалиа алт болгож хувиргасандаа сэтгэл өндөр байгаа. Ахмадын ДАШТ-д хүч сорьсон бөхчүүдээс Д.Бумбаяр ах түрүүлж, медалийн салхи хагалан бидэнд урам хайрласан. Тэрбээр үндэсний бөхөөр барилддаг болохоор ч тэр үү гар, хөл нь чанга гэж жигтэйхэн. Учраа бөхчүүдээ ганцхан шилдээд л ард нь гарч байсан. Түүнтэй барилдсан бөхчүүд дэвжээнд “жинхэнэ амьтан” болсон доо. (инээв)
-Таныг чөлөөт бөхөөс түр завсарлаад эргэж хөл тавьсан гэж спорт сонирхогчдоос сонссон. Одоо Сонгинохайрхан дүүргийн спорт хороонд багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэл үү?
-Тийм ээ, би чөлөөт бөхөөр тууштай барилдаагүй. Гэхдээ энэ спорт хаана ч явсан миний сэтгэлийг татсаар л байсан. АНУ-д ажиллаж, амьдарч байгаад 2013 онд Монголд ирж, спортын ертөнцтэй эргэж холбогдлоо. Дасгалжуулагчийн ажлаа албан ёсоор хүлээж аваагүй байх хэсэг хугацаанд клубийнхээ хүүхдүүдийг бэлтгэл хийлгэж, цалингүй ажилласан. 2014 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөг хүртэл Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны багш дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай “Тулгат” клубт хотын захын хорооллын хүүхдүүд хичээллэдэг. Клуб байгуулахад анх хөл тавьж байсан хүүхдүүд одоо тэмцээнд амжилттай оролцдог болсон. Зарим нь оюутан боллоо. Тэд хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ базааж, тэмцээнд оролцдог. 2015 оны арваннэгдүгээр сард болсон хүүхдийн тэмцээнд Д.Мөнхдаваа хүрэл, 2017 оны гуравдугаар сард болсон өсвөр үеийн УАШТ-д О.Мөнх-Эрдэнэ оролцож, клубийнхээ тамирчдын медалийн салхийг хагалж байв. Шавь нараа амжилт гаргаж, анхны медалиа хүртэхэд нь маш их баярласан. Дараа жил нь миний шавь нар УАШТ-д оролцож, гурван медаль өвөртөлсөн. Нэг шавь маань мөнгөн медаль хүртэн, ДАШТ-д оролцох эрх авахад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар зардлыг нь бүрэн даасан. Түүнээс хойш манай тамирчид УАШТ-ээс зургаа, залуучуудын УАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртээд байна.
КАРТЫН БАРААГААР АМЬДАРДАГ БАЙСАН ҮЕД МИНИЙ ҮЕИЙНХЭН ТАМИРЧИН БОЛСОН
-Дасгалжуулагчаар ажиллах танд эхэндээ амаргүй байсан болов уу. Тэр үед одоогийнх шиг спорт цогцолбор баригдаагүй байлаа.
-Ажлаа албан ёсоор хүлээж авсан эхний өдрөөс бөхийн секцэд хичээллэж байгаагүй хүүхдүүдэд багшилсан. Тэд бөхийн спортод хожуу хөл тавьсан ч оролцсон тэмцээнүүддээ амжилт гаргасаар ирлээ. Манай клубийн тамирчид гадаадын тэмцээн уралдаан гэхээсээ илүү өөрөө эхлээд туршлагатай болж, чадах зүйлээсээ суралцах зорилго тавьсан. Би одоо клубтээ 10-11 настай хүүхдүүдийг сонгон авч, дасгалжуулж байгаа. Бөхийн спорт хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхээс гадна зөв хүмүүжилтэй болгодог. Хүүхэд хэдий чинээ эрт хичээллэнэ төдий чинээ амжилт гаргадаг тул бага насандаа хичээллэх нь зөв юм. Биднийг анх чөлөөт бөхөөр хичээллэхэд багш маань “Аливаа зүйлийн эхлэл зөв байх ёстой” гэж сургадаг байлаа. Тиймээс шавь нараа багшийнхаа зөвлөж байснаар бэлтгэл хийлгэдэг.
-Та тэр үеийн дасгалжуулагчдаас хэнийх нь шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэсэн бэ?
-Би 13 настайдаа чөлөөт бөхөөр хичээллэхээр шийдэж, ОУХМ Н.Ганбаатар багшийн шавь болж байлаа. Бидний үеийнхэнд өнөөгийнх шиг тав тухтай орчинд бэлтгэл базаах боломж байгаагүй. Тэр үед сахилгагүй нөхдүүдийг шатар, теннис, хоккей, бокс, чөлөөт бөхийн секц дугуйланд дуртай спортоор нь хичээллүүлдэг Соёл хүмүүжлийн төв гэж байсан. Н.Ганбаатар багшийн бэлтгэлийг тасалсан хүүхдүүд дахиж очихоос айна. Ангийн анд П.Гансүх бид хоёр багшийн бэлтгэлийг тасалчихаад очиж чаддаггүй ээ, дугуй унаж, заалаа тойрч долоо хоног эргэлдлээ. Тэгсэн бидэнтэй хамт хичээллэдэг нэг ах “Багш та хоёрыг яах ч үгүй гэж байна, бэлтгэлээ хийгээч” гэж хуураад аваад ирлээ. Багшаас айж эмээгээд заал руу ортол зэмлэсэнгүй. Хүүхэд байхдаа П.Гансүх сайн барилддаг байлаа. 1992 оны “Монгол говь” тэмцээнд 20 настайдаа оролцоод түрүүлж байв. Тэр тэмцээн одоогийн “Монголиа опен” шүү дээ. Бидний үеийн тамирчид тэмцээнд өгөө аваатай барилддаг байлаа. Би өсвөр үеийнхний тэмцээнд оролцдог байхдаа Гавьяат тамирчин О.Пүрэвбаатартай нэг жинд өрсөлдөж, мөн ч олон хожигдсон доо.
-1990 онд нийгмийн уур амьсгал өөрчлөгдөж, зах зээлд шилжихэд олон тамирчин спортын замналаа орхисон гэдэг. Та ч бас тэдний нэг үү?
-Монголчууд картын бараагаар амьдралаа залгуулдаг байсан үед бидний үеийнхэн тамирчин болсон. Тэр үед бэлтгэл хийх амаргүй байлаа. Бид ядартлаа бэлтгэл хийчихээд ундаа, хуушуур авч идэж хүчирдэггүй байв. Өлсөөд гэртээ харих гэхээр элсэн чихэр, талхнаас өөр зүйлгүй. Автобусанд суух мөнгөөрөө амттан аваад идчихээр явган алхах гээд байдаг тийм л хүнд үед миний үеийнхэн тамирчны амьдрал туулсан. Би 1991 онд ТМС-д суралцаж, анх удаа стипенд гээчийг авч үзээд, хэд хоног автобусанд суух, хоолны мөнгөтэй боллоо гэж их баярлаж билээ. Борис Будаевын нэрэмжит тэмцээнийг 1993 онд анх зохион байгуулахад оролцохоор багштайгаа Үлаан-Үдийг зорьсон. Тэмцээнд учраа бөхдөө хожигдчихоод барилдахаа больё гэж шийдлээ. Тэгээд Москва явж, хамаатныхаа ахтай Украинд хэдэн сар ажилласан. Монголдоо эргэн ирж, хэсэг хугацаанд бэлтгэл хийж, УАШТ-д медалийн төлөө барилдаад ялагдсан. Тэр үед надад бөхийн спортод дорвитой амжилт гаргахгүй байж тамирчны амьдралаар замнах утгагүй санагдаж билээ. 1993-1994 онд Орос руу ганзагын наймаа хийж, Уралын политехникийн дээд сургуульд биеийн тамирын анги нээгдэхэд хоёр жил суралцсан.
-АНУ-д хэзээ хөл тавив. Тэнд очоод ямар ажил эрхэлсэн бэ?
-2003 онд АНУ руу явж, тээврийн жолоочоор ажилласан. Хүний нутагт амьдрахдаа чөлөөт бөхөө үргэлж боддог байлаа. Эх орон, аав, ээж, ах дүүс, найз нөхдөө их санана. Намайг Монгол руу явахаар болоход найзууд “Чи Монгол руу яах гэж явах гээд байгаа юм. Тэнд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хэцүү байгаа гэсэн” гэдэг байлаа. Монголд ирсний дараахан “Чи наанаа яг юу хийх гэж очсон юм бэ” хэмээн асуудаг байв. ОХУ, АНУ-д ажиллахдаа явуулын амьдралаар олон жил амьдарсан. Эх орондоо очиж, суурин амьдрах юм сан гэж боддог байсан болохоор нутгаа зорьсон. Одоо надад утаатай ч байсан Улаанбаатар минь сайхан санагддаг. Нийгмийн уур амьсгал өнөөгийнх шиг байгаагүй тэр үед надтай адилхан амьдралын эрхээр спортоос холдож, хөндийрсөн олон тамирчин бий. Одоо тэд өөр салбарт ажиллаж яваа. Хэрвээ би бэлтгэл сургуулилалтаа тууштай хийсэн бол хэзээ нэгэн цагт амжилтад хүрчихсэн байх болов уу гэж боддог юм. 2013 онд намайг ирэхэд Монголын хөгжил өөр болчихсон угтлаа. Олон зүйл ч өөрчлөгдсөн байв.
ОЛОН ЖИЛ УУЛЗААГҮЙ НӨХӨДТЭЙГӨӨ СПОРТЫН ЯРИА ӨРНҮҮЛЭХ САЙХАН БАЙЛАА
-Бөхийн спортын ертөнцөд эргэн ирэхэд найз нөхөд тань баярлан, тус дэм харамгүй хайрласан гэсэн байх аа?
-Намайг ирэхэд манай спорт хороо “Ирээдүй” цогцолборын 83 дугаар сургуулийн хоёр жижиг өрөөнд байрладаг байлаа. Хүүхдүүдтэй тийм газар бэлтгэл хийхэд хүнд байсан тул заалтай болохоор хөөцөлдсөн. 123 дугаар сургуулийн захирал Х.Мөнхцоож саналыг маань дэмжиж, номын сангаа суллаж, бэлтгэл хийхийг зөвшөөрсөн. АНУ-аас ирэхдээ авчирсан 3х3 хэмжээтэй тойрогтой таван дэвжээгээ бэлтгэл базаах газраа байрлууллаа. Хүүхдүүд нэмэгдсээр нөгөө газраа багтахаа больж, сургуулийн зааланд бэлтгэл хийж эхэлсэн. Биеийн тамирын хичээл орж байгаа хүүхдүүдийн бужигнаанд, манай хүүхдүүдийн анхаарал сарниад бэлтгэл нь нэг л үр дүнгүй болох янзтай. Тухайн үед эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Батбаяртай (Өдгөө Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга) уулзаж, учраа хэлтэл зааландаа бэлтгэл хийлгэхээр боллоо.
Тэнд хоёр жил хичээллэсэн. 2016 оны олимпын наадмын дараа манай спорт хорооны заалтай болж, нээлтээ хийснээр шавь нартайгаа сэтгэл тайван бэлтгэл хийж эхэлсэн. Б.Батбаяр бид хоёр чөлөөтөөр хичээллэдэг байхдаа “Тулгат” клубт харьяалагддаг байсан юм. Би өмнөх клубийнхээ нэрээр “Тулгат” гэж нэрлэлээ. Одоо миний хувьд сайн дасгалжуулах, шавь нар маань амжилт гаргах л үлдлээ. Н.Ганбаатар багшийн секцийн бэлтгэлийг надтай хамт таслаад долоо хоног заал тойрч явсан П.Гансүх маань манай багийн тамирчдад тэмцээнд оролцоход өмсөх хувцас хийлгэж өгсөн, мөн Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбаяр, Хятад улсад багшилж буй Т.Гансүх, “Арслан” клубийн дасгалжуулагч О.Пүрэвбаяр нар дасгалжуулагчийн хувьд үнэтэй зөвлөгөө өгдөг. Манай спорт хорооны дарга Ц.Ганхүү санал, хүсэлтийг минь дэмжиж, бүх талаар тусалсаар ирлээ. Надад чин сэтгэлээсээ тусалж, дэмждэг MJ нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Лхамсүрэн ахдаа болоод олон хүнд баярлаж явдаг.
-Монголдоо ирээд хамгийн түрүүнд хэнтэй уулзаж, бөхийн спортын талаар яриа өрнүүлэв?
-“Алдар” спорт хороог зорьж, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр ахтай уулзсан. Олимпын хороогоор ортол О.Пүрэвбаатар, Ц.Энхбаяр нар намайг ирснийг хараад уулзсан. Тэр үед олон жил уулзаагүй нөхөдтэйгөө спортын тухай яриа өрнүүлэх сайхан байлаа. Тэднийгээ харчихаад багш дасгалжуулагч болох юм сан гэж бодож суусан. Ирсэн жилийнхээ хавар залуучуудын УАШТ-ийг сонирхож үзлээ. Тэгсэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тамирчдад шагнал гардуулж байгаа харагдав. Тэмцээний дараа шүүгч Л.Нямчулуун бид хоёр түүнтэй уулзахад надад “Чи Сонгинохайрхан дүүргийн спорт хороонд багш дасгалжуулагчаар ажиллаач” гэсэн санал тавьсан. Тэгээд л жилийн дараа дасгалжуулагчаар ажиллахаар болж, тус дүүргийн Спорт хороонд анх хөл тавьж байлаа.
-Спорт заалтай болох таны хүсэл олон хүний дэм, туслалцаатайгаар биелжээ.Тэр цагаас урам зориг төрж, шавь нараа амжилт гаргуулахын төлөө зүтгэв үү?
-Клубийнхээ хүүхдүүдэд чөлөөт бөхийн тухай ойлголт өгөх хичээл зааж, бэлтгэл сургуулилалт хийлгэсээр 2016 онтой золгов. Тэр жил чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-д оролцоод хүрэл медаль хүртлээ. Тэмцээнээс иртэл шавь нар маань “Манай багш дэлхийн тэмцээнээс медаль авсан” гээд баярлахад нь их урам авсан. Би гадаадад байхдаа чөлөөт бөхөөр хичээллэдэг найзуудтайгаа байнга холбоотой байдаг байв. Энэ жилийн ахмадын ДАШТ-д оролцох, эсэхээ шийдээгүй явтал найзууд маань “Чи өмнө нь медаль авч байсан, энэ жилийн тэмцээнд оролцоод үз” гэж ятгалаа. Гэртээ ирээд ханьдаа хэлтэл “Чөлөөт бөх чиний дуртай спорт. Дуртай ажлаа хийж байж, ийм том тэмцээнд оролцох боломжоос хойш суух хэрэггүй” гэж зөвлөсөн. Найз нөхөд, ханийнхаа зөвлөснөөр ДАШТ-д амжилттай оролцож, аваргын тавцанд зогслоо.
ДАШТ-ээс дөнгөж ирээд, Борис Будаевын тэмцээнд оролцох шавь О.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхдаваа нартайгаа Улаан-Үдийг зорьсон. Шавь нар маань тэндээс мөнгөн медаль хүртлээ. Ядарснаа мартаад амжилт гаргасан тэднээрээ бахархаж сууна. Дэвжээнд гарахын өмнө тэдэнд “Багшийнхаа аварга болоод авсан медалийг шавь нар минь хүртэж мялаагаарай. Миний хүүхдүүд хожиж, хожигдох нь хамаагүй, хамгийн гол нь багшийнхаа заасан, бас өөрийнхөө хийе гэж бодсон мэхээ гаргаж барилдаарай” гэж хэлээд л дэвжээнд гаргасан. Шил шилээ дарсан тэмцээн өндөрлөж, гэртээ ирээд удаагүй байна. Спортын ертөнцөд хөл тавьсан тамирчин өөрийгөө зольж байж амжилт гаргадаг. Би сайн ханьтай тулдаа ар гэрийн хамаг ажлаа даатгаад спортод анхаарлаа хандуулж байна. Манайх хүү, охинтой. Спортоос өөр зүйл сонирхдог юм. Ар тал найдвартай байх нь тамирчин хүний амжилтад нөлөөлдөг. Намайг санаа зовох зүйлгүй ажлыг минь хийлгэж байгаа ханьдаа баярладаг.
-Багшийгаа алтан медаль хүртэхэд баярласан шавь нар тань танд гэнэтийн бэлэг барихаар зэхсэнийг ер мэдсэнгүй юү?
-Ахмадын ДАШТ-ээс хойш шавь нартайгаа тухтай уулзаж амжихгүй явлаа. Тэмцээнээс ирээд гэртээ ортол шавь нар маань баярын ширээ засчихсан, гарын бэлэг бэлдчихсэн хүлээж суусан. Сэтгэл догдлоод их баярласан. Шавь нар маань ганц миний амжилтыг бус, Борис Будаевын нэрэмжит барилдаанаас мөнгөн медаль хүртсэн хоёр тамирчныхаа баярын хамт хуваалцаж баярлууллаа. Би шавь нартаа хайртай. Намайг спортоор хүмүүжүүлж, хүн болгосон багшийнхаа заах арга барилаар одоо шавь нараа сургаж байгаа.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг