Германы аялагч, судлаач Херман Констений “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” хоёр боть номын нээлт, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн болон “Х.Констений өв, бүтээл туурвил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулж энэхүү арга хэмжээг зохион байгуулав. Х.Констен 1907-1928 онд манай орноор хэд хэдэн удаа аялахдаа түүх, газар зүй, цаг агаар, уур амьсгал, шашин, улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын холбогдолтой маш их мэдээлэл цуглуулж, тэмдэглэл бичжээ. Монгол Улсад 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, тусгаар тогтнолоо тунхаглан, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилсөн тухай ноотыг АНУ, Британи, Франц, Герман, Япон зэрэг гүрний удирдагчдад илгээж байсан түүхэн цагт Х.Констен манай орноор аялсан бөгөөд Монгол, Герман улсын харилцаа, хамтын ажиллагааны шанг татахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Тэрбээр Монгол орноор аялахдаа бүрдүүлсэн баримт материалдаа тулгуурлан хэд хэдэн ном хэвлүүлсэн байна. Тэдгээр номдоо Монгол орны нийгэм, эдийн засгийн байдлыг гэрэл зургаар тодорхой харуулжээ. XX зууны эхэн үеийн Монголын түүхийг тодруулахад Х.Констений тэмдэглэлүүд, ном, зохиол, ховор баримт, хэдэн мянган гэрэл зураг нь үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаачид онцолсон. Мөн монгол судлалд Х.Констений оруулсан хувь нэмэр, ач холбогдол болон бүтээлүүдийг нь нарийвчлан судлах шаардлагатайг тэмдэглэсэн. Түүний бүтээлүүдээс монголчуудын аж амьдралыг харуулсан гэрэл зургийн өв нь маш үнэ цэнтэйг ч тодотгосон. Тэрбээр Ховд, Улиастайд очихдоо манлай баатар Ж.Дамдинсүрэн, Дилов хутагт, Жалханз хутагт нарын эрхэмтэй уулзаж, зургийг нь авчээ.
Х.Констен аяллын тэмдэглэлээ 1919 онд хоёр боть ном болгон хэвлүүлжээ. Уг хоёр боть номыг Элчин сайд асан, орчуулагч, хэвлэн нийтлэгч Б.Баярсайхан “Цөвүүн цагийн эрчлээс дундах Монгол орноор” хэмээх нэрээр монголчуудтай уулзуулж буй нь энэ. Гадаадын колоничлогчдыг шахан гаргасан, эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн өрнөсөн, ороо бусгаа, цөвүүн цагт Х.Констен манай улсаар аялсан тул орчуулагч Б.Баярсайхан хоёр боть номыг ийн нэрлэжээ. Номын жинхэнэ нэр нь “Халх гүрэн дэх монголчуудын бэлчээр нутаг” гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч