Орчны бохирдлыг багасгах, ногоон орчныг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч олон улсын эко сургууль” хөтөлбөрт Хөвсгөл аймгийн таван сургууль хамрагдсан юм. Тэгвэл байгальд ээлтэй эко сургуулийн анхан шатны болзол хангасан “Дэлгэр мөрөн” цогцолбор сургууль “Хүрэл гэрэгэ”-ийн эзэн болжээ. Тус хөтөлбөрийг Дэлхийн байгаль орчны боловсролын сангаас гишүүн байгууллагуудаараа дамжуулан 67 улсын 51 000 гаруй сургуульд хэрэгжүүлж байгаа юм.
2019 онд “Хүрэл гэрэгэ” 49, “Мөнгөн гэрэгэ” 19, “Ногоон туг-Алтан гэрэгэ”-г есөн сургууль, цэцэрлэг хүртсэнээс зургаа нь хоёр дахь удаагаа “Ногоон туг-Алтан гэрэгэ”-ийн болзол хангажээ. Монгол Улсын хэмжээнд тус хөтөлбөрт ерөнхий боловсролын 300 сургууль, 21 цэцэрлэг, нэг политехник коллеж бүртгэлтэй байдаг. Хөвсгөл аймагт уг төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд цаашид “Мөнгөн гэрэгэ”, “Ногоон туг-Алтан гэрэгэ”-ийн эзэд болох зорилготой аж. Гэрэгийн эзэн болсон сургуулиуд гадаад, дотоод орчноо тохижуулан, хөрсний шинжилгээ хийж, нүүртөрөгчийн ялгарлыг бууруулах арга хэмжээ үе шаттай авчээ. Нийт 587 мод, бут, сөөг тарьснаас 97 хувь нь ургасан гэнэ. Мөн дээрх сургууль сүүлийн жилүүдэд гаднах орчны авто зогсоол, гэрэлтүүлэг, тэмдэглэгээг нэмсэн байна.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул