-Дээр нь хөвж буй завь, живсэн машинууд далай ээжийг цаазын тавцанд аваачиж байна-
Монгол Улсад усны салбар үүсэж, хөгжөөд 81 жилийг үджээ. 1965 онд Үндэсний усны хүрээлэн, 1971-1991 онд Усны аж ахуйн яам байгуулж, Усны бодлогын хүрээлэн, лабораторитой болж, Унгар улстай хамтран зургаан ай савыг тодорхойлсон нь ХХ зууны шилдэг бүтээл болж байв. Манай улсын усны салбарын өнөөгийн байдал болон Хөвсгөл нуурын талаар Монголын усны үндэсний холбооны тэргүүн, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн хүрээлэн буй орчны инженерийн салбарын профессор, доктор С.Чулуунхуягтай ярилцлаа.
-Манай улсын аялал, жуулчлалын гол цэг Хөвсгөл нуурын усны цэнгэг байдал өдгөө ямар түвшинд байна вэ?
-Хөвсгөл нуурын усын цэнгэг байдлын талаар хүнд хэлээд өгчих дорвитой тоо баримт харамсалтай нь алга. Яагаад гэвэл манай улсад усны бодлого алдагдаад 20 гаруй жил болсон учир энэ чиглэлийн судалгаа гэх зүйл бараг үгүй. Хамгийн сүүлд Усны бодлогын хүрээлэн хаагдсанаар, улсыг бүхэлд нь хамарсан усны судалгаагүй болсон. Би 1998 онд Хөвсгөлд очсон юм. Тухайн үед ШУА-ийн дэргэд Экологийн урт хугацааны судалгааны төв гэж байлаа. АНУ-ын Филадельфийн Байгалийн шинжлэх ухааны академийн докторуудтай хамтран Хөвсгөл нуурын усанд судалгаа хийсэн. Хөвсгөл нуурт цутгадаг голуудаас сорьц авч, уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлөх талаар судалсан. Тэр үед Хөвсгөл нуур бохирдол багатай, цэнгэг устай байв. Харин өнөөдөр нуурын усанд хийсэн томоохон судалгаа харамсалтай нь алга. Бүр огт судалгаа хийгээгүй гэсэн үг биш. Хувь хүмүүс жуулчны бааз байгуулах, бизнесээ эхлүүлэхийн тулд хэсэг газарт хувийн компаниудаар судалгаа хийлгэдэг гэсэн. Мэдээж том нуурын хэсэгхэн газарт, тэр дундаа зах хэсгээр нь л багахан судалгаа хийсэн гэсэн үг. Өнөөх компаниуд нь судалгаагаа чанаргүй хийх нь элбэг. 6000 гаруй судлаачтай Европын усны хүрээлэнгийнхэн 4-5 жил хийдэг судалгааг манайхан тендерт орохын тулд нэг сарын дотор гүйцэтгэдэг. Үр дүн нь ямар байх нь ойлгомжтой.
-Судалгаа байхгүй учир байна бохирдсон, эсэхийг нь мэдэх боломжгүй гэсэн үг үү?
-Бүхэлд нь хийсэн томоохон судалгаа байхгүй ч хэсэгчлэн хийсэнд нь үндэслэн бохирдлыг тооцож болно. Ер нь бол заавал судалгаа гэхгүй хүний нүдэнд ил харагдах хэд хэдэн аюул Хөвсгөл нуурт нүүрлээд буй. Уг нь энэ нуур монгол хүн бүрийн итгэл, найдвар, бахархал шүү дээ. Дэлхийн цэнгэг усны нэг хувийг дангаар бүрдүүлдэг, 46 цутгал гол, горхитой. 1972 онд тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллаар Дэлхийн байгалийн цогцолбор газарт бүртгэж байсан. Аялал жуулчлалын гол бүс учир сүүлийн жилүүдэд жуулчны бааз эрс нэмэгдсэн. Тэдгээр жуулчны баазын ихэнх нь нүхэн жорлонтой. Хүний өдөр тутмын амьдралд жорлон хэрэгтэй. Тиймээс гадаад, дотоодын олон жуулчин ирэхтэй зэрэгцэн жорлонгийн хэрэгцээ, шаардлага нэмэгдэх нь мэдээж.
Жуулчны бааз мөнгө олох том боломж тул энэ салбарт бизнес эрхлэгчид дэд бүтцээ шийдэлгүй шууд л гэр, байшин барьдаг. Зам, цахилгаан, бохирын шугам сүлжээг орхигдуулдаг, нүдэнд нь мөнгө харагдаад үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Нэгэнт хөрөнгө, мөнгөө зараад оччихсон учир асуудлаа шийдэхийн тулд нүхэн жорлон барьдаг. Ялгадас, бохир ус нуурыг бохирдуулж буй нь ойлгомжтой.
-Нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадас газрын хөрсөнд хэдий хугацаанд шингэдэг вэ?
-Геологийн тогтоц, хөрснөөс шалтгаалаад ялгадас задрах, шингэх нь өөр өөр байдаг. Хүний ялгадсыг усанд шууд хаявал доторх экосистемийг алдагдуулж хаг, замгийг нь хамгийн түрүүнд устгадаг. Хаягдал нь ихдээд ирвэл загас, шувуунд нөлөөлөөд зогсохгүй, цэнгэг байдал нь алдагдах эрсдэлтэй. Зарим жуулчны бааз био жорлон хэрэглэх болсон. Тэр нь сайн хэрэг ч оновчтой шийдвэр биш. Био жорлонгоос гарч буй үлдэгдэл лагийг мөн л ил задгай хаяж байгаа. Нөгөөх нь хөрсөнд шингээд хор болно. Энэ янзаараа байвал хөрсөндөө хүнсний ногоо ургуулах бус, хүнийг өвчлүүлэх хор бэлтгэж байна гэсэн үг.
-Та Хөвсгөл нуурт хэд хэдэн аюул нүүрлэсэн гэлээ. Нүхэн жорлонгоос гадна цэнгэг байдалд нь өөр юу аюул учруулж байна вэ?
-Монголчууд сүүлийн үед өөрийгөө л боддог гэсэн “оюуны гайхамшигтай” болчихоод байна. Тэдэнд аялж, зугаалан, юм үзэж, нүд тайлах л чухал. Гэвч хариуцлагатай аялж чаддаггүй нь харамсалтай. Нөгөөтээгүүр, мөнгө олох гэж улайрч буй аж ахуйн нэгж, хувь хүн олширчээ. Наад захын жишээ нь завь. Хөвсгөлд очсон хүн бүр завинд сууна. Өнөөх завь нь чанарын шаардлага, аюулгүй байдал хангахгүй. Завь хөмрөөд хүний амь нас эрсэдсэн тохиолдол цөөнгүй. Нүдэнд ил нь энэ болохоос уг завинууд далай ээжийг боомилж байгаа. Завины хөдөлгүүрийн утаа, асгарч буй шатахуун, тос Хөвсгөл нуурын цэнгэг байдлыг алдагдуулах том шалтгаан юм. Нэг литр шатахуун 1 000 000 литр ундны усыг хэрэглээнээс гаргадаг. Зам муутайгаас болж өвөл нуурын мөсөн дээгүүр машин явах нь элбэг. Цөмөрч орсон машины битүүмжлэл алдагдаж шатахуун нь асгарвал хэдэн сая тонн усыг бохирдуулна. Зун нь завь, өвөл нь машин живээд шатахуунаар “угжчихдаг”. Энэ янзаараа байвал Хөвсгөл маань Ганга нуур шиг л болно. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байх Ганга нууранд 2012-2014 онд судалгаа хийсэн юм. Судалгааны үр дүнд тууштай, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой нөхөн сэргээлт хийж чадахгүй бол удахгүй тэр нуур ширгэх аюултай гэсэн дүгнэлт гарсан. Архангай аймгийн Өгий болон бусад жижиг нуур Ганга нуурын адил аюулд орох эрсдэлтэй болсон.
Цутгал голууд бохирдоод байгаа гол шалтгаан нь уул уурхай. Олборлолт усгүйгээр явахгүй. Гарсан бохирдолтой усаа гол, горхи руу шууд цутгачихдаг. Магадгүй тэр ус нь шатах, металл олборлоход шаардагдах химийн элементтэй байж болзошгүй. Мөн л судалгаа хийгээгүй учир баттай хэлж чадахгүй нь.
-Тэгвэл манай улсын бүх гол, горхи, нуурыг яаралтай судлах хэрэгтэй гэсэн үг үү?
-Судалгаа гэдэг бол тухайн салбарын хөгжил, улсын бодлоготой нягт холбоотой. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлан улс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Манай улсад энэ бодлого алдагдаад удаж байгааг би түрүүнд дурдсан. Урьд нь Усны хүрээлэнгийн судалгаанд үндэслэн улс бодлогоо тодорхойлдог байсан учир хий багатай байсан юм. Харин өдгөө устай холбоотой бүх судалгааны байгууллагыг хаасан. Цогцоор нь хийсэн усны судалгаа байхгүй. Усны хүрээлэн байхгүй тул яамны бодлого гэх юм алга. Төрийн албан хаагч, яамдыг чанар, чансаагаар нь муу, боловсон хүчин дутмаг гэдэг. Аргагүй шүү дээ. Тэдний ажлыг төлөвлөж, тоо баримтыг нь бэлдэж, шинжлэх ухааны үндэслэлийг гаргаж өгдөг хүмүүс бол судлаач, судалгааны хүрээлэнгийнхэн байсан юм. Усны салбараа мартсан улс манайхаас өөр байхгүй. Зураг, төсөл, эрдэм шинжилгээний хүрээлэнг нь “устгачихсан”. Үүнээс болж оросуудын хийж өгсөн эрдэм шинжилгээний олон ажил алга болсон. Хариуцах эзэнгүй болсноос барилга нь муудаж, олон сайхан бүтээл усанд автаж үгүй болсон.
-Хөвсгөл нуурын цэнгэг байдлыг хадгалахын тулд нэн түрүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-2017 онд Монгол орны гадаргын уснаас дээж авч шинжлэхэд хоёр хувь нь бохирдолтой, дөрөв нь маш их бохирдолтой гэж гарсан. Үлдсэн 94 хувь нь цэвэр. Бид ийм их хэмжээний цэвэр устай гээд тайвширч болохгүй. Маш олон гол бохирдсоноос болж Хөвсгөл, Ганга зэрэг нуурт аюул учраад байна. Нуур, горхи ширгэхэд хүний буруу их. Бид дэлхий нийтийн өмнө үүрэг хүлээсэн улс. Учир нь манай улс Хилийн усны гэрээтэй. Усаа бохирдуулахгүй байж шилжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Бид урсгалын дээр амьдардаг тул усаа бохирдуулах эрх бидэнд үгүй. Хөвсгөл нуур гэлтгүй Монгол орны гол, мөрөн, нууруудын усны цэнгэг байдлыг хадгалахын тулд иргэдэд экологийн боловсрол олгох нь чухал. Тэгж байж хогоо гол, нуурт хаяхгүй, хариуцлагатай аялдаг болно.
Дараа нь аж ахуйн нэгжүүд дэд бүтцээ шийдэж, цэвэрлэх байгууламж барих нь зүйтэй. 140 гаруй аж ахуйн нэгж, жуулчны бааз цэвэрлэх байгууламжтай болох шаардлагатай байна. Цэвэрлэх байгууламж хоёр төрөлтэй. Энгийн буюу механик цэвэрлэх байгууламж бохирыг 50, биологийнх нь 98.99 хувь цэвэршүүлдэг. Ундны устай харьцуулахад шүү. Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий аймагт цэвэрлэх байгууламж барьж байна. Энэ нь сайн хэрэг. Үүнээс гадна байгаль орчны төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээгээ хийх хэрэгтэй. Сүхбаатар, Өмнөговь, Дундговь аймаг, Улаанбаатар хот усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулдаг. Төлөвлөгөө гэдэг нь эрсдэлээ тооцож байгаа хэрэг. Тиймээс бусад аймгийнхан үүнээс үлгэр авах хэрэгтэй.
-Танайх ХБНГУ-ын Усны академитай хамтран ажиллах хугацаагүй гэрээ байгуулжээ. Ямар ажлууд хийхээр гэрээнд тусгав.
-Бид гурван жилийн өмнө Монголын усны академ байгуулсан. Манай салбарт судалгааны хүрээлэн шаардлагатайгаас гадна боловсон хүчин хэрэгтэй. Тиймээс хоёр улсын усны салбарын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэхийн тулд оюутан солилцоо хийх болсон. Тав хоногийн өмнө гэрээгээ байгуулсан тул цаашид хийх ажлаа хараахан төлөвлөөгүй байна. Нэн чухал нь боловсон хүчнийг чадавхжуулах.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул