Мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж буй өнөө үед хоёр, гуравхан настай хүүхдүүд хүртэл ухаалаг утас чөлөөтэй ашиглаж, хүссэн сувгаараа хүүхэлдэйн кино, бичлэг үздэг болсон. Өөрөөр хэлбэл, цагаан толгойн номын зураг хүүхдүүдийн анхаарлыг татаж, төвлөрүүлдэг байсан хуучны цаг ард хоцорсон. Үг, үсэг, утга, найруулга, логикийн алдаатай, хүнд жинтэй, агуулга нь хүндэдсэн, ямар ч сонирхолгүй зураг, тексттэй, дизайн гэж авах юмгүй сурах бичгүүдээр өнөөгийн хүүхдүүдийг ширээний ард “хүлж”, боловсрол олгоно гэвэл том эндүүрэл. Наад зах нь нас насны хүүхдүүдийн нэг удаагийн анхаарал төвлөрөх хугацааг бодолцон, агуулга, хөтөлбөрөө боловсруулж, сурах бичиг зохиохоос энэ салбарын шинэчлэл эхлэх учиртай.
Стандартыг шинэчилж, сайжруулах гол шалтгаан нь энэ. Боловсролын хүрээлэнгийнхэн ч энэ талаар судалж байгаа. Сурах бичиг зохиохоос эхлээд хэвлүүлэх хүртэлх үйл явцын стандарт Монголд алга. Зохиогчдын багийг хэрхэн сонгон шалгаруулах, нэг номыг хэдэн жилийн дотор зохиох, ямар үе шат, дамжлагаар ажиллахыг тодорхой болгохгүй бол сурах бичгийн чанар сайжрахгүй
XXI зууны иргэн ерөнхий боловсролын сургуулиа асуудал шийдвэрлэх, мэдээлэл боловсруулах чадвартай болж төгсөхийг нийгэм, цаг үе “шаардах” болсон. Энэ мэдлэгийг сургалтын хөтөлбөр, түүний дагуу зохиосон сурах бичгээр олговол зохино гэж олон улсад үздэг. Тиймдээ ч улс орнууд сурах бичгийн чанартаа гол анхаарлаа хандуулж, сайжруулсаар ирсэн. Нэг номыг зохиох хугацаа дунджаар гурван жил. Харин манайд энэ нь ердөө гуравхан сар. Ийм байхад сурах бичгийн чанар яриад ч хэрэггүй биз. Тэртээ тэргүй үр дүнг нь нийтээрээ амсаж байгаа хойно.
Бүх шатны сургуулийн сурах бичиг шинжлэх ухааны хувьд үнэн, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу бичигдсэн, нэр томьёо оновчтой, үзэмжтэй, дизайн сайтай, хэл, найруулга яруу, анхаарал татахуйц байх шаардлагатай. Түүхэн цаг хугацааныхаа хувьд манай ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрүүд 10, тав, дөрөв, хоёр, нэг жил тутам шинэчлэгдсээр өнөөдөртэй золгосон. Тодруулж хэлбэл, сургалтын хөтөлбөрийг байсхийгээд л өөрчилж, тэр бүрт сурах бичгүүдийг шинэчлэх нэрээр агуулга, арга зүйг нь самарсан гэвэл хэтрүүлсэн болохгүй. Нэг ёсондоо боловсролын салбарын дампуу бодлогын гайгаар өдгөө сурах бичиг зохиох үйл явц дээрх шаардлагыг хангахаасаа илүүтэй хэсэг бүлэг хүний гарын үзүүрээр хийдэг “халтуур”, мөнгө олох хэрэгсэл төдий болж хувирсан нь харамсалтай.
Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2014 оноос бага, дунд, ахлах ангийн сургалтад үе шаттай нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд үүний дагуу нийт 122 нэр, төрлийн сурах бичгийг шинэчлэхэд давхардсан тоогоор 719 зохиогч ажилласныг Боловсролын хүрээлэнгийнхэн хэлсэн. Зохиогчдын 49 хувь нь их, дээд сургуулийн багш, 18 хувь нь мэргэжлийн байгууллагын судлаач, аргазүйч, мэргэжилтэн, 27 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн багш, зургаа орчим хувь нь хөндлөнгийн хүмүүс аж. Гэвч салаа утгатай үг, өгүүлбэр, агуулга, шийдэл нь ойлгомжгүй, хариу нь гарахгүй дасгал, даалгавар, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаатай эх бүхий өчнөөн сая ном хэвлүүлснийг бид өмнөх цувралууддаа мэдээлсэн тул ингээд орхиё. БСШУСЯ-ныхны хэлснээр сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд шинээр зохиосон гэх 97 нэр, төрлийн сурах бичгийг засаж, нөхөн хэвлэхэд лав дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан юм даг.
1990 оноос хойш зохиосон сурах бичгүүдийн чанар чансааг тодорхойлох цөөн хүний нэг нь Боловсролын хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн секторын зөвлөх, МУИС-ийн зөвлөх профессор Н.Оюунцэцэг. Түүнээс сурах бичиг зохиох технологийн талаар тодруулахад “XX зууны эхэн үед Монголд орчин үеийн шинжлэх ухааны сургуулиудыг байгуулсан. Түүнээс өмнө буюу 1880-аад оны үед ч бага сургуулиудад математик, байгалийн ухааны хичээл заадаг байсан түүх бий. Манайх 1920-1950 онд ЗХУ-ын сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийг шууд хөрвүүлэн ашиглаж байжээ. Харин 1969-1970 оноос бид өөрсдөө сурах бичгээ зохиох болсон ч оросын дэг сургуулиас ангижраагүй. Сүүлд Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих MNS 5418:2004 стандартыг баталсан. Үүнийг 2008 онд шинэчлээд, одоо хүртэл баримталж байна. Тус стандартад сурах бичгийн агуулга, зорилго, арга зүй, хэвлэл, дизайн технологийн шаардлагыг дурдсан ч эх бэлтгэх, боловсруулах үйл явцыг нарийн тусгаагүй. Стандартыг шинэчилж, сайжруулах гол шалтгаан нь энэ. Боловсролын хүрээлэнгийнхэн ч энэ талаар судалж байгаа. Сурах бичиг зохиохоос эхлээд хэвлүүлэх хүртэлх үйл явцын стандарт Монголд алга. Зохиогчдын багийг хэрхэн сонгон шалгаруулах, нэг номыг хэдэн жилийн дотор зохиох, ямар үе шат, дамжлагаар ажиллахыг тодорхой болгохгүй бол сурах бичгийн чанар сайжрахгүй” гэсэн юм.
“Ганц ном бичихийн тулд яагаад гурван жил зарцуулах ёстой гэж” хэмээн гайхах хэрэггүй. Олон улсад баримталж буй жишгийг товч сийрүүлье. Зохиогчид, хэвлэлийн компанийхан хамтран сурах бичиг зохиохдоо эхлээд сургалтын шинэ хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг судалж, ойлгоход тодорхой хугацаа зарцуулдаг байна. Үүний дараа сурах бичгийнхээ ерөнхий бичвэрийг гаргана. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн багш нар чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зохиогч нарын боловсруулсан бичвэрийг сурагчид ойлгох, үгүйг багш нар хэлж, чиглүүлдэг аж. Дараа нь тухайн хичээлийн заах арга зүйг хариуцдаг, багш бэлддэг сургуулийн эрдэмтэн, судлаач нар бичвэрийг хянаж, цэгцэлнэ. Сурах бичиг зохиох гуравдугаар шатанд үргэлжилсэн бичвэрүүдийг хүүхдэд ойлгуулахын тулд шаардлагатайг нь хүснэгтэлж, бүдүүвч, зураг болгон боловсруулна. Энэ бол агуулгынх нь л дизайн. Хамгийн сүүлд мэргэжлийн экспертүүд шүүх ёстой. Олон жил сурах бичиг зохиосон туршлагатай эрдэмтэн, багш нар редакторладаг. Тэд хэвлэлийн эх бэлтгэж болно гэсний дараа мэргэшсэн эх бэлтгэгч, дизайнерууд өнгө үзэмжид нь анхаарч, ойлгомжтой загварт оруулдаг. Нэг сурах бичгийг зохиож, хэвлүүлэхэд дунджаар 10-20 шат дамждаг тул муу бүтээл “төрөх” бараг боломжгүй. Харин манайд энэ бүгдийг зохиогчийн баг нь дангаараа хийчихдэг.
2014 оноос хойш нэг сурах бичиг зохиох ажилд дунджаар 5-8 хүн оролцжээ. Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын 2018 оны тайланд дурдсанаар анги дээшлэх тусам сурах бичиг зохиогчийн тоо өссөн байна. Зохиогчид бага, дунд, ахлах анги тус бүрт 30-35 сурах бичиг, нэг хичээлийн номыг 3-4 ангиар нь зохиожээ. Гэтэл олон улсад нэг сурах бичигт 30 гаруй зохиогч бий. Үүний дотор эцэг, эх, сурагчийн төлөөлөл хүртэл багтдаг юм билээ. Манайд сурах бичиг зохиох хүний нөөц хязгаарлагдмал байгааг үүнээс харж болно. Номын зохиогчдыг тасралтгүй сургаж, ур чадварыг нь дээшлүүлэх, үүнд хөрөнгө оруулах зайлшгүй шаардлага тулгарсныг судлаачид хэлсэн. Японы эрдэмтэд манай сурах бичгүүдийг чанаргүй, муу байгаагийн шалтгааныг дараах байдлаар тодорхойлсныг тус тайланд өгүүлжээ. Тодруулбал, зохиогчдын заах аргын мэдлэг, чадвар хангалтгүй, хэвлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдолтой, энэ чиглэлийн мэргэжлийн редактор, шүүмжлэгч, хэлний зөвлөх байхгүй, багш, сурагчийн саналыг анхаарч тусгадаггүй гэсэн байна.
Уг нь сурах бичгийг жинхэнэ утгаар нь зохиож гэмээнэ дасгал, бодлого, жишээ бүр нь зохиогчдын багийн оюуны өмч болох ёстой. Олон жилийн судалгааных нь үр дүн сурах бичигт бууж байж сая ном зохиосон гэж үздэг аж. Гэвч судалгааны ажлуудыг нь төр, засаг дэмждэггүйн зовлон ихээс гадна зохиох хугацаа бага өгдөг нь сурах бичгийн нэгдмэл байдал, залгамж холбоог алдагдуулдгийг Н.Оюунцэцэг профессор хэлсэн.
Тэрбээр “Долоон хүнтэй баг нэг сурах бичиг зохиолоо гэж бодъё. Хугацаа бага болохоор долуулаа өөр өөр бүлэг сэдэв дээр ажилладаг. Уг нь нэг бүлгийг долуулаа хамтран зохиогоод, дараагийнх руугаа орох ёстой. Үнэнийг хэлэхэд, долоон өөр арга барил, дадлага туршлага, мэдлэг чадвараар зохиосон бүлэг сэдвүүдийг нааш, цааш болгох цаг редакторуудад гардаггүй. Энэ бол сурах бичиг зохиох технологи биш. Гурван сар байтугай нэг жилд сурах бичиг зохиодог үзэгдэл дэлхийн хаана ч байхгүй. Тиймээс Монголын нөхцөлд тохирсон сурах бичиг зохиох, хэвлэх үзэл баримтлалтай болох хэрэгтэй. 2005 оны үед хэвлэлийн компаниудаар сурах бичиг зохиолгож, өрсөлдүүлж үзсэн. Сайн гэснийг нь багш нараар шалгаруулах гэтэл сургуулиудын удирдлага, сургалтын менежерүүд нь үүнд оролцох болоод нөгөө хэвлэлийн компаниуд нь авлига өгөөд, ажил явуулаагүй. Харин одоо цаг үе өөрчлөгдсөн. Энэ систем рүү эргэн орох нь сурах бичгийн чанарыг сайжруулах цор ганц арга гэдгийг дахин хэлье.
Нөгөөтээгүүр, хүүхдүүдийг чанартай хөтөлбөрөөр сургаж, хэрэгжилтийг шударгаар үнэлэхгүй байна. Сайн сурах бичиг ашиглавал сурлагын чанар дээшлэх ёстой. Гэтэл үүнийг нь үнэлдэг механизм байхгүйгээс сайн, муу номын ялгаа алга. Сургуулиудад ч сайн сурах бичиг авах сонирхол, хэрэгцээ байхгүй болж. Зохиогч нарын бичсэн ном болгоныг муу ч бай хэвлүүлэхээс өөр аргагүй тогтолцоотой байгаа нь харамсалтай. Өдгөө энэ бүхнийг өөрчлөх цаг болсон. 2024 оноос сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ. Түүний дагуух сурах бичгүүдийг 2021 оноос зохиовол шинэ хөтөлбөрт тохирсон, чанартай ном “төрнө”. Үүний тулд сурах бичгийн чанарыг “манадаг” мэргэжлийн экспертүүдийг бэлдэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн БСШУС-ын сайдын 2018 оны A/459 дүгээр тушаалаар Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалыг баталсан. Үүний дагуу сурах бичиг зохиох, хэлэлцүүлэх, хянах, хэвлэх, түгээх үйл явцыг сайжруулах хэрэгцээ бий болсон. Тодорхой хэлбэл, номын эх зохиохоос хэвлэх хүртэлх хугацааг олон улсын жишигт ойртуулах хэрэгтэй” гэж ярилаа.
Н.Оюунцэцэг профессорын ярианд дурдсанчлан ихэнх улс орон сурах бичгүүдээ хэвлэлийн компаниудад даатгадаг юм байна. Компаниуд нь зохиогчдоо сонгон шалгаруулж, сурах бичгээ бичиж, хэвлэж, зах зээлд өрсөлддөг. Тухайлбал, математикийн сурах бичиг зохиоход тав, арван компани зэрэг ажиллаж, тэднээс хамгийн сайн бичсэнийг нь хэрэглээнд нэвтрүүлдэг жишигтэй. Шударга өрсөлдөөн дундаас чанартай нь сонгогддог болохоор сурлагын амжилт нь ч сайн. Харин манайд энэ бүгдийг төрийн захиргааны төв байгууллага болох БСШУСЯ удирдаж, чиглүүлдэг нь арга ядсан, хоцрогдсон арга гэдгийг судлаачид хэлсэн. Тиймдээ ч өдий хүртэл часхийсэн ном зохиогоогүй гэдэг. Чанаргүй хэдэн сурах бичгээ хугацаанд нь хэвлэчихэж чаддаггүй хүмүүстэй энэ талаар ярих нь илүүц ч юм шиг. Жилийн жилд хүүхэд, эцэг, эхчүүдийг чирэгдүүлсэн хэвээр. Өнөө жил ч ялгаагүй. Аравдугаар сар дундаа орох гэж байхад түрээслэх сурах бичиг, шинээр зохиосон гэх ном сурагчдын гарт очоогүй л байна.