Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагаар хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах, загвар төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран тавдугаар сарын 1-нд баталсан.
Дээрх төлөвлөгөөнд тусгасны дагуу нөхөн сэргээлт хийгээгүй орхисон талбайд Төв цэвэрлэх байгууламжийн лаг болон дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн үнсийг боловсруулан, нөхөн сэргээлт хийх загвар төсөл хэрэгжүүлэхээр суурьшлын бүсээс хол, усны хамгаалалтын бүсийн гадна талбайг сонгон “ДЦС-IV” ТӨХК-ийн үнсэн далангийн доор 200 метр талбайг лагийн бордоогоор хучиж, зүлэгжүүлэх туршилт хийжээ.
Наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 27-ны хооронд туршилт хийсэн бөгөөд Японы технологиор гаргаж авсан бактери, модны үртэс, тахианы сангас болон шаардлагатай бусад зүйлсийг хольж өсгөвөр бэлдэж, бэлэн болсон 10 шоо метр бүтээгдэхүүнээ 500 шоо метр үртэстэй хольж, 4-7 хоногийн дараа лагтай нийлүүлэн бордоогоо гаргаж авчээ.
Ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох туршилтын үр дүнд хүнсний ногооны 14, тасалгааны 50 орчим цэцэг ургуулахад хэвийн хэмээн дүгнэжээ. Хайлаас, үхрийн нүд, хөх тариа, буудай зэрэг ургамлын өсөлт, хөгжилтөд нөлөөлөх аюулгүй байдлын туршилт судалгааг хийж гүйцэтгээд байгаа аж.
Ж.Отгонтуул