Ариутгал хийчихвэл өвчин үүсгэхгүй цэвэрхэн гэх нийтлэг ойлголт манай иргэдийн дунд бий. Мэдээж хэрэг өдөр тутамдаа ахуйн хэрэглээний эд зүйлсээ ариутгах нь сайн хэрэг. Гэвч ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг буруу хэрэглэснээс үүдэн хордох, өвчин эмгэг тусах эрсдэлийг урьдчилан хардаггүй нь харамсалтай. Иргэд цэвэрлэгээний бодис багадах, ихдэхэд хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэхийг төдийлөн мэддэггүй. Ариутгал, халдваргүйтгэлийн хэмээн нэрлэгдэх химийн бодисыг монголчууд ахуйн хэрэглээндээ зөв хэрэглэж чадахгүй байгаа бололтой. Уг нь ахуйн болон хортон шавж, мэрэгч устгах, ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэх заавар хэмжээг тусгайлан заасан байдаг. Гэвч дутуу дулимаг мэдлэг, хайхрамжгүй хойрго зан, бусдын эрүүл мэндийг үл хайхран мөнгө олох хэрэгсэл хэмээн харах болсон иргэд, аж ахуйн нэгжүүдээс болж хүмүүс ариутгалын бодист хордох нь сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ.
Үүний нэг жишээ нь есдүгээр сарын 20-нд “Биокомбинат” УТҮГ-ын ажилчид химийн бодист хордсон явдал. Энэ жилийнх нь ажил эхлэхтэй холбогдуулан тус үйлдвэрийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан ариутгал, харлдваргүйтгэлийн ажил хийсэн гэнэ. Улмаар гурав хоногийн дараачаас буюу 23-24-нд 20 гаруй хүнд дотор муухайрах, гүйлгэх, толгой өвдөх, даралт ихсэх шинж тэмдэг илэрч, бие дээгүүр нь тууралт гарчээ. Тэд хордлого тайлах эмчилгээ хийлгэж, 17 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Балжинням “Ариутгал, халдваргүйтгэлд ашигласан бодис нь зөвшөөрөлтэй. Юунаас болж хүмүүс хордсоныг тодруулахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ариутгалын бодисыг зааврын дагуу найруулаагүйгээс хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа. Нарийвчилсан шинжилгээний дүн гараагүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн өдрүүдэд “Биокомбанит”-д ажиллаж байсан 60 гаруй хүнийг шинжилж, тандалт хийсэн” гэлээ.
Ариутгал, халдваргүйтгэлийн бодисоос хордсон тохиолдол үүгээр зогсохгүй. Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлогод орж байсан. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны тав, орчноос гээд 40 арчдас авч, ариутгал хийсэн усны таван дээжид шинжилгээ хийхэд гэдэсний халдварт өвчин илрээгүй, нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. 40 арчдасын 26-гаас нь, хоолны зургаан дээжийн тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн аж. Цэцэрлэгт ариутгал хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь өвчин үүсэхээс хамгаалж дийлээгүй бололтой.
Ямартай ч ариутгалын бодис ихэдсэнээс болж хорддог бол багадвал өвчлөх эрсдэлтэй. 2016 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт урт сумд байдаг МСҮТ-ийн нэгдүгээр дамжааны оюутан Н натрийн гидроксид бодист хордсон. Оюутнууд уг бодисыг гудамжнаас олж ангидаа тоглож байгаад асгасны улмаас оюутан охин хордож эмнэлэгт хүргүүлсэн юм. Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цэцэрлэгийн ахлах “А”, бэлтгэлийн “Б” бүлгийн 4-5 настай дөрвөн хүүхэд энэ сарын 13-15-нд хоолны хордлогод орсон. МХЕГ-ынхан шинжилгээ хийхэд бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журмаа мөрддөггүй зэрэг зөрчил илэрчээ. Ариутгалын бодисын замбараагүй хэрэглээний талаар ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С.Юндэн “Химийн бодист хордоно гэдэг маш аюултай. Харин иргэд үүнийг тэр бүр мэддэггүй.
Наад зах нь аяга таваг угаагчийг дутуу зайлснаас болж ахуйн нөхцөлд химийн бодист хордож болно. Мөн нүхэн жорлонд хлорын шохойн тунг хэтрүүлэн, хүрзээр хутгаад хийчихдэг. 2013 онд ахуйн хэрэглээний химийн бодис санамсаргүй ууж хордсон 21 хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан. Түүгээр зогсохгүй ариутгал, халдваргүйтгэл нэрээр мөнгө олдог хэсэг хүн бий. Гудамж талбай, аж ахуйн нэгжид ариутгал хийх нэрээр бизнес эрхлэх иргэд цөөнгүй байгаа нь хүний эрүүл мэндээр тоглосон хэрэг. Өөрөөр хэлбэл, ариутгал хийх аж ахуйн нэгжүүд өвчин гарсан голомтод эхний удаа үнэртэх төдий бодистой ус цацаад төрөөс мөнгө авдаг. Дараа нь тунг нэмчихдэг. Мэдээж 2-3 удаа давтан ариутгал хийвэл тэр чинээгээрээ мөнгө олно гэсэн үг.
Сүүлийн удаад үр дүнтэй байлгах үүднээс тунг нь хэтрүүлчихдэг юм” гэлээ. Мөнгө олох арга нь дан ганц үүгээр зогсохгүй. Элдэв халдварт өвчин гарахтай зэрэгцэн шалган нэвтрүүлэх товчоод, хорио цээрийн бүсийн орчимд автомашин ариутгаж эхэлдэг. “Хотоос гарах болон ороход ариутгал хийж байна хэмээн ус цацаад мөнгө авдаг шүү дээ. Үнэхээр л ариутгал юм бол бага ч гэсэн үнэр баймаар. Элдэв халдварт өвчний үед дутуу ариутгал хийснээс болж өвчлөх эрсдэлтэй” хэмээх иргэд цөөнгүй. Ариутгал, халдваргүйтгэлийн ажил насаараа хийж байсан хүн тэтгэвэрт гараад, хувиараа өмнөх шиг ажлаа хийдэг гэнэ. Айл бүрийн хаалга тогшоод “хямдруулаад хийгээд өгий” гэсэн удаа ч байгаа аж.
Ахуйн хэрэглээнээс гадна улсын хэмжээнд хил, гаалийн бүсэд хэрхэн ариутгал хийдгийг сонирхсон юм. МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү 2017 оны эхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорио цээрийн хяналтын газрын удирдлагатай уулзах үеэр Замын-Үүд боомтод ариутгал, халдваргүйтгэлийн жишиг байгууламж бариулах асуудлыг хөндөж, улмаар ӨМӨЗО-ы Эрээн хотын Ардын засгийн ордны буцалтгүй тусламжаар 370 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар бариулахаар болжээ. Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай болон бусад хууль тогтоомжид заасны дагуу улсын хилээр нэвтрүүлж буй ачаа тээш, бараа, тээврийн хэрэгсэлд ариутгал хийх бөгөөд хил дамнан халдварлах аливаа халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой хэмээн МХЕГ үзэж байсан юм. Энэ ариутгал халдваргүйтгэлийн төхөөрөмжийн барилгын ажлыг 2017 оны наймдугаар сараас эхэлж 555 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн гэнэ. Энэ төхөөрөмж нь хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг автоматаар мэдэрдэг, ариутгалын бодисыг най
руулан мананцар үүсгэн халдваргүйжүүлэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн технологиор барьж байгаа, стандартын шаардлага хангасан төхөөрөмж хэмээн тухайн үедээ сүр бадруулж байсан удаатай. Манай улс байнгын ажиллагаатай 26 боомттой. Үүний нэг Замын-Үүд боомтод өдгөө ариутгал хийнэ гэж гурилдах жишээтэй. Өнөөх айхтар төхөөрөмж нь 20 секунд хүрэхгүй, үнэргүй ус шүрших аж. Төхөөрөмж рүү ойртохын хэрээр цонхоо хаагаарай гэж жолооч нар нь орилно. Өнөөх хэдэн “УАЗ-469” ийн цонх нь хаагдахгүй, гацах нь элбэг. Ам, хамар руу ариутгалын бодисоо шүршинэ. Үнэргүй усыг ариутгалын бодистой гэж хэлэхэд хэцүү аж. Ингэж хийж байгаа ариутгал ачаа тээш, бараа, тээврийн хэрэгслээр хил дамнан халдварлах аливаа халдварт өвчин, ургамлын хорио цээрт зүйлсээс урьдчилан сэргийлж чадахгүй нь ойлгомжтой. Ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг монголчууд ахуйн хэрэглээндээ зөв хэрэглэж чадахгүй л байсаар.
Бэлтгэсэн: Ж.Отгонтуул