Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Бага нуур орчимд нүүдлийн шувуу олноор үхсэн талаар бид урьд нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан газар дээр нь шалгалт явуулж, ус, нуур орчмын хөрснөөс дээж авч, шинжлүүлжээ. “Нуурын уснаас цианид илрээгүй. Мөн натри, хүнцэл зэрэг хүнд металлын бохирдол алга. Харин мал, амьтны ялгадсаар бохирдсонтой холбоотойгоор гэдэсний халдвар үүсгэгч илэрсэн” тус газраас өчигдөр мэдээлэв. Түүнчлэн хөрсний дээжээс ч цианид илрээгүй хэмээв. Үүнээс гадна шувууны томуу өвчин дэгдээгүйг нотолсон гэлээ.
Лабораторийн шинжилгээний дүнгээр Бага нуур бохирдол ихтэй, ялангуяа эрдэсжилт ихэссэн байх магадлалтай гэв. Одоогоор тус нуурт 2253 шувуу үхсэн бөгөөд тэдгээрийн 97 хувийг хоёр зүйлийн ангир эзэлжээ. Мөн усны шувуудын хоол болох хавч хэлбэртэн олноор үхсэнээс нуурын эрэгт ялзмаг үүссэн байна. Уг асуудлын шалтгааныг тодруулахаар аймгийн Байгаль орчны газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг нарийвчилсан шинжилгээ хийж буй юм билээ.
Ташрамд дурдахад, эл асуудлын шалтгааныг нарийвчлан тогтоох хүртэл Бага нуурт нэмж шувуу ирэхээс сэргийлэн, үргээгч байрлуулжээ.
М.Оч