Намрын сэрүү орж, өглөө, оройдоо жиндүүхэн болжээ. Өнгөрсөн баасан гаргийн 07.00 цагийн үед Улаанбаатарт хоёр градус байв. Дан өмд, цамц бие хайрч, амнаас уур савсах нь хүйтний улирал хаяанд ирснийг сануулна. Энэ үед Хан-Уул дүүрэг, Яармагт байрлах 118 дугаар сургуулийн гадаа аав, ээж, эмээ, өвөөдөө хөтлүүлсэн хүүхдүүд автобус харуулдан зогсоно. Гараа цамцныхаа ханцуйд шургуулж, үе үе нусаа татах тэдний олонх нь дөрөвдүгээр ангид сурдаг аж. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дарга нарын иргэдэд өгсөн амлалтыг биелүүлэх хүндхэн ачааг сурагчид “үүрэн” зогсож буй нь энэ.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар, 2020 он гэхэд улсын хэмжээнд бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлсэн байх ёстой. Үүний тулд нийслэлд 2020 он гэхэд 48 сургууль барихаар төлөвлсөн ч одоогоор дөнгөж 23-ыг нь ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, дарга нарын амлалтын 50-иас илүү хувь нь биелээгүй, бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх зорилт нь талаар болжээ. Гэсэн ч амлалт бол амлалт. Ямар ч аргаар хамаагүй хоёр ээлжид шилжүүлэх гэж улайрсан тэдний шийдвэрийн балгийг бага ангийн сурагчид мэдэрч, амсаж байна.
Гурван ээлжээр хичээллэхэд хамгийн сүүлийнх нь анги 20.00 цагийн орчимд тардаг. Энэ нь сурагчид харанхуйд бүдчин, согтуу хүнээс айж, ичиж, тэнэмэл нохойноос зугтах, аюулд өртөх шалтгаан болж байгааг олон жил ярьсаар ирсэн. Эл байдлыг зогсоохын тулд олон сурагчтай, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн зарим ангийг өөр байранд шилжүүлэн сургах шийдвэр гаргажээ. Үүний нэг жишээ нь дээр дурдсан 118 дугаар сургууль. Тус сургуульд Хан-Уул дүүргийн VIII, X, XVI хорооны хүүхдүүд суралцдаг аж. 2011 онд ашиглалтад оруулсан тус сургуулийн байр 640 хүүхдийн багтаамжтай. Гэтэл одоогоор 1800-гаад сурагчтай байна. Хүүхдийн тоо стандартаас гурав дахин давсан тус сургууль энэ жилээс гурван ээлжид хичээллэхээс өөр аргагүйд хүрчээ. Гэсэн ч дарга нар амлалтаа биелүүлэхийн тулд гурав, дөрөвдүгээр ангийн найман бүлгийн, 360 гаруй сурагчийг 135 дугаар сургуульд хичээллүүлэх шийдвэр гаргажээ.
135 дугаар сургууль нь Морингийн даваа буюу Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрладаг. 118 дугаар сургуулиас зургаан км зайтай учир сурагчдыг өглөө, орой бүр хоёр автобусаар зөөдөг аж. Автобусанд амжиж суухын тулд сурагчид 07.00-07.20 цагт сургуулийн гадаа цугларсан байх ёстой. Зам түгжирсэн, эсэхээс хамаарч автобус хоёр сургуулийн хооронд 15-25 минут явдаг гэнэ. Эхний хоёр ангийн сурагчдыг хичээллэх газарт нь буулгаад дараагийн хүүхдүүдийг авахаар хөдөлнө. Энэ хооронд сурагчид автобусаа хүлээж, сургуулийнхаа гадаа зогссоор.
Хүүхдээ хүргэж ирсэн, 118 дугаар сургуулийн гадна автобус хүлээн зогсох нэгэн иргэний ач нь дөрөвдүгээр ангид сурдаг аж. Тэрбээр “Одоохондоо хүйтрээгүй байгаа учраас автобус хүлээх зуурт хүүхдүүд тоглоод сонирхолтой л байна. Өвлийн хүйтэнд автобус хүлээвэл даарах юм байна. Хүүхдэд ч дарамттай юм. Манай хүүхэд автобуснаасаа хоцорчихно гэж айгаад 06.00 цагт сэрчихнэ. Гурван ээлжээр хичээллүүлэхгүй гээд ийм арга хэмжээ авсан гэсэн. Гэтэл өвөл 06.00 цагт, харанхуйд явах, орой харих хоёрт ялгаа байна уу. Энэ сургуульдаа хичээллэвэл өөрсдөө өгч, аваад санаа амар байх юм. Гэтэл өдөр бүр автобус нь аятайхан явж хүрдэг байгаадаа гэж санаагаа чилээх болсон” гэлээ.
Тус сургуулийг зөвхөн VIII хорооны хүүхдүүдийг хамруулах зорилгоор барьжээ. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа-1” хороолол болон Нисэх орчмын бусад хотхоны хүүхдүүдийг хамруулах тооцоо байгаагүй аж. Гэтэл сүүлийн 2-3 жилд Буянт-Ухаа орчимд олон хотхон, хороолол барьж, ашиглалтад оруулснаар 118 дугаар сургуулийн даац хэтэрсэн гэнэ. Уг нь томоохон хороолол барихдаа сургууль, цэцэрлэгийг нь ч шийдэх журамтай. Зөвшөөрлөө ч тэгж авдаг. Гэтэл “Буянт-Ухаа-1”, Буянт-Ухаа-2” хорооллыг барьсан компани сургуулийн барилгыг орхисноос ийнхүү ачаалал нэмэгдэж буйг 118 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Д.Цэндсүрэн хэллээ. Тэрбээр “Манай сургууль 640 хүүхэд суралцах хүчин чадалтай ч хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалж одоогоор 1800 орчим сурагчтай болсон.
Иймээс гурван ээлжээр хичээллэх тул гурав, дөрөвдүгээр ангийн найман бүлгийг 135 дугаар сургууль руу шилжүүлэн, хичээллүүлж байна. Эцэг, эхчүүд бага ангийн хүүхдүүдийг шилжүүллээ гэж хэл ам хийж байгаа. Харамсалтай нь үүнээс өөр аргагүй. Дунд, ахлах ангийнхныг шилжүүлэх боломжгүй. Яагаад гэвэл дунд ангид мэргэжлийн багш нар хичээл заадаг. Дунд, ахлах ангийнхныг өөр сургуульд шилжүүлчихвэл багш нар цаг тутамд хоёр сургуулийн хооронд явах хэрэг гарна. Мөн тавдугаар ангийнханд ч зарим хичээлийг мэргэжлийн багш заадаг. Тиймээс өөр сургууль руу шилжүүлж хичээллүүлэх хамгийн боломжтой нь гурав, дөрөвдүгээр ангийнхан. Улсаас сургуулиа бариад өгчихвөл бид хүний хүүхдийг эрсдэлд оруулан байж ийм зүйл хийхгүй шүү дээ. Наад захын жишээ гэхэд л “Буянт-Ухаа 1” хорооллыг барьсан компани орон сууцаа худалдаж, ашиг олчихоод сургууль барьсангүй. Барих үүрэг нь бий. Гэтэл улс ч, барьсан компанийнхан ч тоохгүй орхисон. Өвөл болохоор халтиргаа, гулгаа үүснэ. Ингэхээр хоёр сургуулийн хооронд явах цаг удааширна. Хүүхдүүд хичээлдээ амжиж очих, эсэх нь эргэлзээтэй” гэлээ.
Өглөөний ээлжийнхний хичээл 12.30 цагт тардаг аж. Хүүхдүүд хичээлээ тараад автобусанд сууж дуустал 12.40 цаг болов. Автобус хөдөлснөөс 15 минутын дараа 118 дугаар сургуулийн гадаа ирлээ. Энэ үед өдрийн ээлжийн ангийнхан автобусаа хүлээгээд зогсож байв. Автобус тэднийг суулгаад 135 дугаар сургуулийг зорьсон юм. Өдрийн ээлжийн эхний хүүхдүүдийг хүргэж өгчихөөд, өглөө хичээллээд тарсан сурагчдыг авч ирэх гэж буй нь тэр.
Хүүхдүүд хичээллэх зуурт автобусны жолоочтой хэдэн хором ярилцлаа. Нэрээ хэлэхээс цааргалан “Би хувьдаа хоёр автобустай. Зун жуулчдад үйлчилдэг. БСШУСЯ-наас сургуулийн хүүхэд “зөөх” санал тавьсны дагуу ажиллаж байна. Хэдэн төгрөгөөр гэрээ хийсэн нь миний хувийн нууц. Ер нь том оврын автобус түрээслэх нэг өдрийн ханш 150-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Би дундаж үнээр л гэрээ байгуулсан” гэлээ. БСШУЯ хувь хүнтэй гэрээ байгуулж, 360 гаруй хүүхдийн амь, эрүүл мэндийг даатгажээ. Муугаар бодож, осол, эндэл гаргалаа гэхэд “Би ч гэсэн хохирогч” гээд суучихвал яамныхан хэнд хандах вэ. Хувь хүн бүү хэл хот хооронд тээвэр хийдэг томоохон компаниуд ч иймэрхүү мэх хэрэглээд олон хүн хохироосон тохиолдол цөөнгүй. “Ойрхон зайд, найдвартай унаагаар үйлчилж байна” хэмээн уцаарлах тэд болзошгүй эрсдэлийг тооцоолсон гэж найдъя.
Уг нь 118 дугаар сургуулийг өргөтгөнө гэж сүүлийн 4-5 жил ярьжээ. Гэсэн ч одоог хүртэл шав ч тавиагүй. Уг нь өнгөрсөн хавар шав тавьж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулах сураг дуулдсан ч тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийх ажил нь сунжирсаар бас л бүтээгүй гэнэ. Энэ намар арай гэж сонгон шалгаруулалт хийж, өргөтгөл барих компани нь тодорхой болсон. Тиймээс ирэх хавраас ажил нь эхэлж, 2020-2021 оны хичээлийн шинэ жилд 320 хүүхдийн багтаамжтай өргөтгөл ашиглалтад оруулж, хүүхдүүд өөр сургууль руу явж, суралцах шаардлагагүй болох гэнэ.
Хан-Уул дүүрэгт хоёр ээлжид шилжүүлэх зорилтын хүрээнд 15 дугаар сургуулийнхан мөн л сурагчдадаа хүнд ачаа үүрүүлжээ. Иргэдийн хэлж заншсанаар Үйлдвэр комбинатын автобусны зогсоолын ард байрлах тус сургууль гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй болсон тул Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байрны хажууд байрлах “Монгол” дээд сургуульд дөрөвдүгээр ангийн долоон бүлгийг шилжүүлжээ. Шилжүүлэн сургаж буй сургууль нь ойрхон, ойролцоогоор нэг км орчмын зайд байрлах аж. Тиймээс харьяа яамнаас автобус шийдвэрлэж өгөөгүй нь мэдээж. Гэтэл ойрхон гэгдэх сургууль нь төв замын урд байрладаг тул бага насныхан дөрвөн эгнээ, өргөн зам гатлах шаардлагатай болж байгаа нь багш, эцэг, эхчүүдийнх нь санааг чилээж буй.
Энэ жил гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүссэн 18 сургууль байснаас 11-ийнх нь асуудлыг энэ мэт аргаар шийджээ. Уг шийдвэрийн хүрээнд хүүхэд тээвэрлэх автобусны зардлаас эхлээд хичээлийн байр түрээслэх гээд багагүй хөрөнгө шаардсан нь мэдээж. Зөвхөн нэг автобусыг сард багадаа дөрвөн сая төгрөгөөр түрээсэлж буй гэхээр ямар зардал гарах нь тодорхой биз ээ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал биш, зүгээр л гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болгох нь дарга нарт чухал бололтой.