“Би лав өлсөж байна”, “Өнөөдөр ямар хоол өгөх бол” зэргээр ярилцаж байсан багачууд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар бүрэн дунд сургуулийн II ангийнхан. Нэг нь цүнхнээсээ боорцог гаргаж ирэхэд нөгөөдүүл нь “Надаа, надаа” гэсээр дайрав. Хичээл нь 13.30 цагаас ордог ч хоёр цагийн өмнө сургуульдаа ирж, давтлагад суудаг аж. Тэд ойролцоогоор зургаан цагийн турш сургууль хэмээх хоёр дахь гэртээ амьдардаг учраас өлсөх нь мэдээж. Цайгаа ууж амжилгүй гэрээсээ гарсан хүүхэд ч цөөнгүй байдаг. Тиймээс бага ангийн сурагчдын хувьд “Үдийн цай” хөтөлбөр чухал. Тус хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж буйг сурвалжиллаа.
Хүүхдүүд чанартай хүнс хэрэглэхгүй бол эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр. 50 дугаар сургуулийг стандартын шаардлага хангаагүй орчинд үдийн цай бэлтгэдэг гэх. Тус сургуулийн захирал Р.Даваахүүгээс энэ талаар тодруулахад “Энэ жилээс “Цүүгэл оюу” компанийнхан хүүхдүүдийн цайг бэлтгэж байгаа. Тэд энэ чиглэлээр долоон жилийн турш үйл ажиллагаа явуулсан гэсэн. Манай сургуулийн цайны газар стандартын шаардлага хангаагүй нь үнэн. Ер нь ихэнх сургууль хамгийн том гэсэн ангиа суллаж, эсвэл өргөтгөл барьж цайны газар болгодог. Гэтэл албаныхан шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явууллаа гэх нь бий. Манай сургуулийн цайны газар 90 ам метр талбайтай. Түүнээсээ хүүхдүүдийн үдийн цайг бэлтгэх өрөө тусгайлан гаргаж, тохижуулсан. Байгаа боломж нь л энэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Хоолны амт, чанар муу биш ч гэлээ нэр, төрөл хангалтгүйг нуухгүй. Цаашид илчлэг, аминдэмээр баялаг хоол, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхийг тогооч нараас шаардаж байгаа” гэлээ.
Тус сургуульд 1-5 дугаар ангийн 1300 хүүхэд суралцдаг. Өөрөөр хэлбэл, “Цүүгэл оюу” компанийнхан 1300 гаруй хүүхдийн эрүүл мэндийг хариуцаж байна. Тэдний үйл ажиллагаатай танилцахад хоолны цэс, хадгалалт, хүнсний бүтээгдэхүүнээс авбал зохих шимт бодисын хэмжээ зэргийг бичсэн самбар үүдэндээ байрлуулжээ. Тэнд сүүтэй шар будаа, гоймонтой шөл, бантан, зутан, каш, будаатай хуурга, мантуун бууз зэрэг 20 орчим нэр, төрлийн хоолоор үйлчилнэ гэж бичсэн байв. Тоног төхөөрөмж хангалтгүйгээс одоогоор дөрвөн төрлийн хоол хийж байгаа гэнэ. Ажлын байрны зай, талбай хэтэрхий жижигхэн учраас бүгчим юм. Төмөр аяга ариутгах төхөөрөмжтэй нь давуу тал санагдсан ч 30 гаруйхан аж. Зарим хүүхдийн хоолыг хуванцар аяганд хийдэг бололтой. Гэхдээ төмөр болон хуванцар аяганы аль аль нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Төмөр аяганаас нь бал ялгарч хоолны амтанд нөлөөлдгийг эцэг, эхчүүд хэлсэн. Ямар аяга, халбага хэрэглэх ёстой талаар “Үдийн цай” хөтөлбөрийн журамд тусгаагүйгээс цайны газрынхан хямдхан, олдоц ихтэйг нь хэрэглэдэг бололтой.
50 дугаар сургуулийн 5д ангийн дарга Г.Бөртэ “Өнөөдөр бантан өгсөн. Хүүхдүүд хоолондоо цаддаг. Гэхдээ амтгүй” гэсэн бол О.Алтанзул “Хичээлдээ жаахан ядардаг. Хоолоо идэхээр хүчтэй болдог. Хамгийн амттай нь будаатай хуурга” гэв.
Харин нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуульд хүүхдээ сургадаг Э.Ариунзаяа “Манай хүү хоёрдугаар ангид суралцдаг. Нэгдүгээр ангид нь үдийн цайнд нь нэг, хоёрдугаар хоол өгдөг байсан. Одоо чацаргана, аарцнаас өөр юм өгөхгүй байна лээ. Тус сургуулийн захиргаанаас энэ талаар асуухад “Бага сургуульд 1-5 дугаар ангийн сурагчдынхаа үдийн цайг бэлтгэх газаргүй учраас ахлах сургуулийнхаа байрыг ашиглаж, тэндээсээ зөөдөг байсан. Одоо ямар асуудал байгааг хамтран ажилладаг аж ахуйн нэгжээсээ тодруулна” гэсэн. Сурагчдад нь ямар бүтээгдэхүүнээр үйлчилж байгааг огт хянадаггүй бололтой” хэмээв.
“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчдын ирц сайжирсан, амьжиргаа доогуур түвшний гэр бүлд нэмэр болдог хэмээн иргэд сайшаадаг байв. Гэвч сүүлийн үед эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд чанаргүй хүнсээр хоол хийдэг жишээ нэгээр тогтохоо болилоо.
Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах нийслэлийн 84 дүгээр сургуулийн бага ангийн сурагчийн үдийн цайг бэлтгэдэг “Коко десерт” компанийнхан барилгын материал хадгалах зориулалттай саванд тараг хийж түгээсэн зөрчил гаргасныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар энэ сарын 6-нд шалгалтынхаа үеэр илрүүлжээ. Сав болон тарагнаас сорьц авч шалгуулахад гэдэсний халдварт өвчин үүсгэгч энтеробактери илэрсэн гэж холбогдох албаныхан мэдээлсэн. Энэ нь бохир орчинд үүсэж, халдварладаг нян. Тус сургуулийн сурагчдаас ямар нэг халдварт өвчний шинж тэмдэг одоогоор илрээгүй. Гэвч халдварт өвчний далд үе гэж бий. 5-7 хоногийн дараа гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрч болзошгүй. 84 дүгээр сургуульд хүүхдээ сургадаг ээж Д.Дүрсгүй “Манай хүү тараг нь гашилсан байна гээд уугаагүй гэсэн. Гурван өдөр дараалан тараг өгсөн гэж байна лээ” гэв.
Уг нь “Үдийн цай” хөтөлбөрийг мөрдөх тухай журамд нэг төрлийн хоолыг хоёр долоо хоногт ганц удаа өгнө гэж тусгажээ.
Үүнээс гадна “Билгүүн номч” сургуулийнхан “Днепр стейк хаус” рестораны байрыг түрээсэлж, үйл ажиллагаа явуулахдаа сурагчдын үдийн цайг нэгдүгээр давхартаа бэлтгэж байсан гэнэ. Ингэхдээ нь хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн шаардлагыг огт хангаагүй учраас үйл ажиллагааг нь холбогдох албаныхан энэ сарын 11-нд түр хугацаагаар зогсоожээ.
Нийслэлийн хэмжээнд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг 124 аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн 70 гаруйг нь шалгахад зөрчилтэй газар цөөнгүй байсан аж. Дийлэнх нь хувийн сургуулийн удирдлагатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш онцолсон. Тэрбээр “Улсын сургуулиудыг анх барихдаа л цайны газартай байхаар төлөвлөөгүй. Гэтэл “Үдийн цай” хөтөлбөрийг 2006 онд батлахдаа тухайн сургуулийн байранд сурагчдын хүнсийг нь бэлтгэнэ гэж заасан. Энэ журмыг хэрэгжүүлэхээр сургуулийн захиргааныхан боломжоороо ажиллаж байгаа ч ямар нэг шалтаг тоочоод шаардлага хангаагүй, бохир орчинд хүүхдийн хоол бэлтгэх ёсгүй. Хувийн сургуулийнхан ч энэ удаагийн нэгдсэн шалгалтаар хангалтүй үзүүлэлттэй байна” гэлээ.
Шаардлага хангаагүй орчинд хийсэн хоол идсэн учраас “Уудам Монгол” ахлах сургуулийн 17 хүүхэд өдгөө Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Тэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаггүй. Гэхдээ сурагчдын хоолыг бохир орчинд бэлтгэвэл бага насныхан ч энэ зэргээр халдварт өвчин тусах эрсдэлтэй. Энэ талаар эцэг, эхчүүд “Мөнгөний төлөө бусдын хүүхдийг хордуулахаас буцахгүй үйлдвэрлэгч нарт хатуу хяналт тавих хэрэгтэй”, “Хүүхэддээ хор идүүлж байснаас өлсгөлөн явуулсан нь дээр” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн.
Манай улсын бага ангийн сурагчид “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өдөрт 600 төгрөгт таарсан хоол, хүнс хэрэглэж байна. Үүнийг ирэх оноос 900 төгрөг болгож нэмэх болсон нь сайшаалтай ч дэлхийн жишигтэй харьцуулахад хэтэрхий бага. Ийм мөнгөөр чанартай хоол бэлтгэх боломжгүй гээд хүүхдүүдэд “хор” өгөөд сууж байж таарахгүй. Олон улсад бага, дунд сургуулийн сурагчид жимс, жимсгэнэ, самар, нарийн ногоо зэргийг үдийн цайндаа иддэг бол манай хүүхдүүд зориулалтын бус саванд тээвэрлэсэн тараг, шим тэжээлгүй хүнс хэрэглэсээр байна.