Цаг агаарын урьдчилсан төлөвөөр есдүгээр сарын эхээр тариалангийн бүс нутагт цас орох өндөр магадлалтай байгаа. Энэ бол тариаланчдад бодит аюул. Хаваржин, зунжин хөдөлмөрлөж ургуулсан буудайгаа цасанд даруулчихвал тэд санхүүгийн хүндрэлд орно. Цаашлаад Монгол Улс дотоодын чанартай буудайгаар гурил үйлдвэрлэх боломжгүй болох юм. Тиймээс эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж, буудайгаа бүрэн хурааж авах сорилт тулгараад байна.
Энэ жил бороо хур элбэг орлоо. Арвин ургац авах, эсэх нь борооноос ихээхэн хамааралтай. Ялангуяа улаан буудайн ургац бороо хураас ихээхэн шалтгаалдаг. Гэхдээ хур бороо хэмжээ хязгаараас хэтрэхээрээ ургацад сөргөөр нөлөөлдөг. Зун бараг өдөр өнжилгүй бороо орсны улмаас тариа нялхарчээ. Өөрөөр хэлбэл, усан бороонд угаалгасаар байгаад болц нь хоцорсон хэрэг. Мөнөөх их бороо тариан талбайн хорт ургамлыг усалж, буудай, шарилж хоёр зэрэгцэн ургажээ. Хогийн ургамал хөрсний шимийг татаж, буудайны болцыг хойшлуулах бас нэг шалтгаан болов.
Тариа хураалт энэ сарын 10-наас жигдэрнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан мэдэгдэж байв. Буудайнх нь болц гүйцээгүй учраас тариа хураалт товлосон хугацаанд жигдэрсэнгүй. Одоо талбайдаа хогийн ургамал цацсан компаниуд тариагаа хурааж байна. Тэд технологийн дагуу ажилласан учраас тарианых нь болц гүйцжээ. Харин талбайдаа хогийн ургамал найгуулсан компаниуд буудайнхаа болцыг гүйцэхийг хүлээж байна. Аж ахуйнууд дөрөв хоногийн дараагаас тариагаа хурааж эхлэх төлөвтэй байгаа аж. Ийн тариа хураалт долоо хоногоор хоцорч эхлэх нь. Хүйтэн агаар сэнгэнэж, хөр цас унах хугацаа руу ойртож байна гэсэн үг. Болц хоцорсноос шалтгаалаад тариа хураалт болзошгүй эрсдэл рүү дөхсөн байна. Ургацын урьдчилсан балансаар 420 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэсэн дүн гарсан. Мөн 38 мянган тонн тосны ургамал, малын 80.4 мянган тонн тэжээл хураан авах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Ийм хэмжээний ургац хураан авбал буудай болон төмсөөр эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах юм. Манай улс жилд 320 мянган тонн буудайг хүнсэндээ хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Улаан буудай тариалсан нийт талбайн 80 орчим хувийн соёололт онц сайн гэсэн
үнэлгээтэй байгаа. Ургац хураалтад 1216 комбайн, 511 жатка, 362 үтрэм, төмс хураах 120 гаруй комбайн, төмс, хүнсний ногоо ухагч 455, цэвэрлэгч, ачигч, сортлогч машин 923 ажиллуулах судалгаа гарсан. Тариаланчид ургацаа технологийн дагуу хурааж авахад хүрэлцэхүйц техниктэй болсон. Тэгэхээр алдсан хугацаагаа нөхөн, борви бохисхийлгүй ажиллаж, цас орохоос өмнө тариагаа хурааж авах шаардлага тариаланчдад тулгарч байна. Салбарын яамнаас тариа бүрэн хурааж авах арга хэмжээ авч, зохицуулалт хийх шаардлагатай болов. Тариаланчид маань тэнгэрийн муухайтай уралдах нь ээ.
Бэлтгэсэн: Т.Энхбат
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Буудай ногооноороо, хураах болоогүй байна
Тариаланчид ургацаа хураахад бэлтгэж буй цаг. Наадмаас хойш зарим үед өдөр алгасалгүй орсон бороо буудай, тарианы ургацад хэр нөлөөлсөн бол. Эх орны баруун хязгаарт цас хэдийнэ орсон, удахгүй төвийн буюу газар тариалангийн бүс нутгаар хүйтрэх тухай цаг уурчид мэдээлж буй энэ үед ургацын байдал ямар байгаатай танилцахаар түрүү жилийн өдийд очсон газраа зорьж хүрсэн юм. Төв аймгийн Аргалант сумын нутагт, социализмын үед Атрын сангийн аж ахуй байсан талбайн нэгээхэн хэсэгт буюу Шувуун давааны аманд үйл ажиллагаа явуулдаг “Хос бэрс” компанийн улаан буудайн хэсэг өмнөх шигээ халиурч харагдсангүй. Ноднин өдийд бүсэлхийгээр татам өндөртэй тариа холоос харахад л шаргалтан найгаж, буугаад очиход тариан түрүү хагас бөхийсөн байдалтай өөдөөс ёсолж байсан сан. Энэ жил талбай яагаад барайн, алаг цоог харагдаад байгаа юм бол хэмээн ярилцсаар тариа бригадын төвд очиход танил агрономич Б.Эрдэнэчимэг угтлаа. Түүнд эднийхийг зорьж ирсэн тухайгаа хэлэхэд “Ээ” гэх нь, “Манайх энэ жил тааруухан мэдээтэй байна даа” гэх лугаа адил санагдав. Бригадын төв эл хуль. Тракор, комбайн, төрөл бүрийн машин техник нь байгаа ч, ажиллаж буй хүн энд тэнд цөөн харагдана. Түрүү жилийн өдийд очиход ижил өнгийн хувцас, хэрэглэлтэй засварчин залуус трактор, комбайны эрэг, боолт мушгиж, техник хүржигнэж байсан сан.
Агрономичтой ярилцлаа. “Хос бэрс”- ийнхэн энэ жил улаан буудай, малын ногоон тэжээл, рапс тариалжээ. Улаан буудайг 430 га-д тарьж. Гэтэл хураах цаг дөхөөд байхад өвдөгнөөс дээхнэ өндөртэй тариа өнөө хэр ногооноороо. Болц нь гүйцэх дөхөж байхад бороо шавшчихсанаас нялхарч ногоорсон нь энэ. Нялхарсан тарианы болц гүйцэх хүртэл нэлээд хугацаа орно. Агрономич Б.Эрдэнэчимэг “Одоогийн байдлаар ингээд ногоон алаг тариагаа хараад, “сууж байна” даа. Борооноос болсон нь ч бий. Бидний буруу бас багагүй. Энэ зун зэрлэгт идүүлчихлээ. Тариагаа үхүүлчих байх гээд хор цацаагүй юм. Гэтэл харахгүй юу, ийм их зэрлэг ургачихсан. Нэл лууль. Наадмаас өмнө нэг л удаа хор цацсан бол болох байлаа. Түрүү жил цацаагүй ч тариа сайн ургасан, түүн шигээ санаад энэ жил өөрөөр нь зүтгүүлээд буруудчихлаа” гэж байлаа.
Зэрлэг ургуулахгүйн тулд усанд хийж, шингэлэн цацдаг “Алмаз” гэдэг хор хэрэглэх ёстой байж. Энэ нь зэрлэгийг устгах хэрнэ буудайг гэмтээдэггүй, өндөр технологийн “ухаалаг” бүтээгдэхүүн юм байна. Зарим компани бордоотой хольж цацсан нь үр дүнтэй болсон гэнэ.
Өдийд ногооноороо байгаа тариа болох нь болно, гэхдээ ургац хураалт хойшилно. Хавар хуурай байсан болохоор чийг хүлээзнээд, түрүү жилийнхтэй харьцуулахад 10 хоногийн хойно тариалсан нь ч бас нөлөөлжээ.
“Хос бэрс”-ийнхний тариалснаас гайгүй ургасан нь рапс. Тариаланчдын баг одоогоос гурав хоногийн өмнө талбайгаараа явж үзээд ангилах хэрэггүй, арга ч байхгүй юм байна гэсэн дүгнэлт хийжээ. Болсон нь цайрчих гээд, болоогүй нь болсныгоо илжрүүлэх янзтай тул ангилалгүй хадах нь зүйтэй гэж үзжээ. Эдний рапсын тариалан Шувуун давааны амнаас 20 орчим км-т байдаг юм байна. Наймдугаар сарын дундуур орсон их бороо ургаж байсан рапсыг урсгаад өөр газар авааччихсан нь маш өндөр ургасан гэнэ. Угаас энэ ургамлын үрийг гүехэн суулгадаг аж. Үерээр нүүсэн ургамал шинэ “бууринд” очоод таатай нь аргагүй ургажээ. Тариалах үед “Хос бэрс”-ийнх байсан бол хураахын цагт эзгүй хээр шаргалтаж буй рапсыг тэр хавийнхан хурааж авч худалдаалан, ашиг олно хэмээн хошигнож байгаа гэнэ. Рапсыг мал иддэггүй юм байна. Тийм болохоор үрийг нь хаа ч хамаагүй цацчихвал арчилгаа шаардахгүй, аяндаа ургаад ашигтай юм биш үү хэмээн ярилцан инээлдэж явлаа.
Тариа нь ногооноороо, ашиг олох эсэх нь эргэлзээтэй нөхцөл үүсээд буй ч “Хос бэрс”-ийнхэн өөдрөг байна лээ. Цас нэвсийтэл орсон ч тариаг хэвтүүлчихгүй л бол хураах гайгүй. Харин хяруу бол өдгөө ногооноороо байгаа буудайг бүр хорчийлгож орхино. Хэрвээ тийм юм болбол гурилынх гэхээс илүүтэй тэжээлийн будаа хураах болно. Талбайд цэвэрлэгээ их хийнэ. Алдагдал гарна. Гэсэн ч ирэх хавар алдаа, оноо, туршлагадаа тулгуурлан дахиад л тариалах учир өнөөдөр толгой гудайлгах хэрэггүй аж. Б.Эрдэнэчимэг гуай “Түрүү жилийн ургацыг “Алтан тариа” компани худалдаж авсан. Энэ жил буудайнаас ашиг гарах, эсэх нь тодорхойгүй боллоо. Ноднин манайхаас рапс худалдаж авсан хүмүүс талбай тойрч хараад явсан байна лээ. Хотод очоод “Танайхаас энэ жил дахиж худалдаж авна шүү” гэж ярьж байсан. Тэгэхээр нийтэд нь аваад үзэхэд балансаа барьчихвал болж л байна. Төв аймагт байдал хаа сайгүй ийм байгаа болов уу. Манайх багахан хэмжээтэй талбайгаас ургац алдах яах вэ. Сэлэнгэ аймаг тийш дажгүй байгаасай. Гурилын үйлдвэрүүд түүхий эдээр арай тасарчихгүй байлгүй дээ” гэсэн юм.
Эднийхээс хойхно, төв замаас холгүй байх тариа бригадын хамт олон энэ жил уринш хийсэн аж. Түрүү жил малын ногоон тэжээл битүү байсан талбай энэ жил ёстой л амарч буй бололтой, харлаж харагдана.
Бэлтгэсэн: Р.Жаргал
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Ургац хураахад бэлэн үү, энэ жилийн ургац хураалт ямар онцлогтой байна вэ?
Буудайн хураалт удаашрах төлөвтэй
Б.ЭНХБАЯР (Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономич):
-Ургацаа энэ сарын 4-нөөс хурааж эхэллээ. Одоогоор 730 га талбай-гаас 803 тн буудай хураагаад байна. 353 га-д төмс тарьж, 43 га талбайгаас нь 470 тонныг хураалаа. 168 га талбайд хүнсний ногоо тарьсан. Түүнийхээ 72 га-гаас 790 тонн ургац хураасан. Нутгийн хойд хэсгээр ургац сайн болсон ч оройтож тарьсан ногооны болц арай гүйцээгүй байна. Хяруу унаж, цочир хүйтэрсэн ч ургацаа төлөвлөсөн хэмжээндээ хураачих байх. Цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 13-14-нд нутгийн ихэнх хэсгээр нойтон цас орно, цочир хүйтэрнэ, бороо орно гэсэн. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Буудай хураах ажил удаашрах төлөвтэй боллоо. Болц гүйцсэн тариагаа ангилан, хадаж эхэлсэн.
Ангилан хурааж эхэллээ
Б.ОЮУНТУНГАЛАГ (Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн үйлдвэр, техник, технологи хариуцсан мэргэжилтэн):
-Нийт 4900 га талбайд тариалсан. Үүнээс үр тариа 3885, төмс 343, хүнсний ногоо 284.3, жимс, жимсгэнэ 3.6 га талбайд тарилаа. Үр тариагаа энэ сарын 8-нд хурааж эхлэх байсан ч борооны улмаас хойшилсон. Эрт тарьсан 300 тн орчим төмс, хүнсний ногоог ангилан хураалаа. Буудайгаа энэ сарын 15-наас хураахаар төлөвлөсөн. Урьдчилсан төлөвлөгөөгөөр нэг га талбайгаас улаан буудай 19, төмс 98, хүнсний ногоо 104, тэжээлийн ургамал 13 центрнерийг хураах дүн гарсан. Аймгийн хэмжээнд улаан буудай 7244, төмс 3340, хүнсний ногоо 2942, тэжээл 276 тонныг хураах урьдчилсан төлөв гарсан. Ургац хурааж дуусах хүртэл тариалангийн талбайн ойр орчимд айл буулгахгүй. Ингэснээр ургацын талбайгаа малаас хамгаалах юм.
31 600 тонн төмс хураан авна
Н.ХУРЦ (Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн хэлтсийн дарга):
-Нийт 305 503 га тариалалт хийлээ. 133 мянган га-д улаан буудай тарьснаас 4186 га-гийн ургацыг алдаж, 160 мянган тонныг хураан авах урьдчилсан дүн гарсан. 2437 га талбайд төмс тарьж, 31 600 тонныг хураахаар төлөвлөлөө. 2456 га-д хүнсний ногоо тарьсан. Түүнээс 28 000 тонн ургац хураана. Тарианы болц жигд бус байгаагаас хүйтрэхээс өмнө богино хугацаанд хорогдол багатайгаар ургацаа хурааж, тээвэрлэхэд анхаарах шаардлагатай. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн “Сэлэнгэ” салбарынхан тээвэрлэлтийн асуудлаа одоо ч шийдээгүй. Хоёр удаа тендер зарласан ч аж ахуйн нэгжүүд нь тонн, километр тутмын үнийн санал бага байгааг шүүмжилсээр буй. Ургац хураах үеэр цахилгаан эрчим хүч тасардаг. Энэ нь ургац хураалтад сөргөөр нөлөөлдөг бас нэг асуудал.
1500 орчим га талбайн ургацаа алджээ
З.НЭРГҮЙ (Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлогч):
-Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд бороо орно гэж мэдээлсэн. Ирэх баасан гарагт (маргааш) бороо орох төлөвтэй. Тэгэхээр хүнсний ногоо, тариа, буудай хураах хугацаа хойшилно гэсэн үг. Бороо орсны дараа нар гарвал ургацын болц жигдрэх байх. Манай аж ахуйн нэгжүүд 200 га-д эрт тарьсан хүнсний ногоогоо ангилан хураасан. Өнөө, маргааш нартай байвал үр цайруулах боломжтой. Тарианы болц алаг цоог байгаа учраас эхлээд ангилан хадна. Ингэх нь хугацаа алддаг ч хүнсний ногоо, төмс хураалт хэвийн, төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. 50 гаруй га талбайгаас 1200 тн хүнсний ногоо хураасны дийлэнх нь өргөст хэмх. Сонгино, лууванг түүвэрлэн хурааж байна. Төлөвлөсөн ургацаа авах, эсэх нь цаг агаараас хамаарна. Нийт 21 000 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо, буудай тарьсан. Үүнээс 1500 орчим га талбайн ургацаа алдсан. Үлдсэн 19 500 гаруй га талбайгаас 51.6 мянган тонн ургац хураах урьдчилсан төлөв гаргалаа. 9.7 мянган га-гаас 11.4 мянган тонн улаан буудай, 489 га-гаас 6.1 мянган тонн төмс, 1071 га-гаас 13.9 мянган тонн хүнсний ногоо хураахаар төлөвлөж байна. Өнгөрсөн сарын сүүлчээр үргэлжлэн орсон борооноос болоод үр тариа алаг цоог ургасан. Цас, бороо орж, хүйтэрвэл ургац хураахад хүндрэл учирч болзошгүй.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Улс орнуудын ургацын хэмжээ буурах төлөвтэй
Дэлхийн улаан буудайн худалдаа энэ онд 173 сая тоннд хүрэх төлөвтэй талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага саяхан мэдэгдлээ. Энэ нь өмнөх жилийнхээс таван сая тонноор илүү дүн агаад Морокко болон Азийн хэд хэдэн орны импорт нэмэгдэх төлөвтэй аж. Харин энэ онд улс орнуудын улаан буудайн үйлдвэрлэл 767 сая тоннд хүрэхээр байгаа нь өнгөрсөн долдугаар сард таамаглаж байснаас нь дөрвөн сая тонноор буурсан дүн юм. Сонирхуулахад, уг таваарын үйлдвэрлэл 2015 онд 736.7, 2016 онд 761.3, 2017 онд 759.6 сая тонн байжээ.
Австрали, Аргентинд хуурайшсантай холбоотойгоор ургацынх нь хэмжээ багасахаар байгааг “Reuters” тэмдэглэв. ABC телевизийн дамжуулснаар Австралид өвлийн ургац нь сүүлийн 10 жилийн дунджаас 16 хувиар багасах төлөвтэй гэнэ. Үүн дундаа Күинслэнд мужийн ургац 60 хувиар буурахаар байгаа аж. Улмаар сүүлийн 10 гаруй жилд анх удаа үр импортлох болжээ. Мөн Европын Холбооны орнууд, ОХУ, Казахстан, Туркийн үйлдвэрлэл багасах төлөвтэйг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдээлэлдээ дурдсан. Харин Аргентин, Украиных өсөх гэнэ. ОХУ-д өнгөрсөн зургадугаар сард халснаас шалтгаалж ургацынх нь хэмжээ багасахаар байгааг “SovE¬con” компани, IKAR институтийн мэдээллээс эш татан “Reuters” уламжилсан юм. Улаан буудайн экспортоор тэргүүлдэг хойд хөрш 76.6 сая тонн улаан буудай хураан авахаар байгаа нь дээрх тоог 82.2 сая тонн хэмээн тооцсоноос буурсан үзүүлэлт.
Мөн АНУ, Канад, Франц, Австрали томоохон экспортлогч билээ. Ер нь уг таваарын голлох зарим экспортлогч орон нийлүүлэлтээ хязгаарлахаар буй. Бөмбөрцгийн хэмжээнд авч үзвэл улаан буудайн үйлдвэрлэл болон эрэлт тэнцвэртэй байж, хомсдол үүсэхээргүйг АНУ-ын судалгааны байгууллагууд тэмдэглэсэн байв. Зарим улс оронд цаг агаарын эрсдэл үүссэнтэй холбоотойгоор Европын орнуудын улаан буудайн фьючерс ханш өчигдөр бараг сүүлийн хоёр долоо хоногийнхоо дээд түвшинд хүрлээ. Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сард худалдах улаан буудайн ханш 0.8 хувиар өсөж, тонн нь 169.75 евро (187.44 ам.доллар)-той тэнцсэн нь өнгөрсөн наймдугаар сарын 29-нөөс хойших хамгийн өндөр дүн болов.
Бэлтгэсэн: Ц.Ундрал