Монгол Хятадын шувуу судлаачид шувууны өдөрлөгийг анх зохион байгууллаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тус арга хэмжээгээр хүүхэд, залууст Азийн орнуудын нүүдлийн болон суурин амьдралтай шувуудын талаар мэдээлэл өгсөн юм. Шувуу хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим байгууллага оролцов.
Энэ үеэр Монголын шувуу судлалын нийгэмлэгийн судлаач Ч.Ууганбаяр “Дууч шувуу, охил бялзуухай, шатан сүүлт зэрэг дуут шувуу таних шинж” илтгэл тавьсан нь анхаарал татсан. Эдгээр шувуу нь Монгол орны бүх нутагт тархсан бөгөөд ихэвчлэн өтгөн, шигүү ургамалтай газарт бий. Энэ овгийн шувууд бие жижиг, зарим нь шүдэнзний мод шиг. Ихэнх зүйл нь нүүдлийнх байдаг аж. Шувуудын хошуунаас сүүлний үзүүр хүртэл хэмжихэд дорнын бялзуухай 19, жирхэн дуут есөн см урт байжээ. Тиймээс эдгээр шувууг олж харахын тулд дуран ашиглах шаардлагатай гэнэ. Жижиг шувууд байгааг мэдэх гол арга бол сонсох. Манай оронд жижиг зүйлийн 38 шувуу байдаг гэнэ.
Бэлтгэсэн: О.Алуунгуа