Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг аймаг, сум, баг бүрээр нарийвчлан гаргажээ. Зуншлагын байдал, бэлчээрийн ургацын хэмжээ, малын тоо зэрэг үзүүлэлтэд үндэслэн даацын хэмжээг тодорхойлсон аж. Нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд даац хэтэрсэн гэдгийг тус хүрээлэнгийнхэн мэдээлэв. Манай орны нийт нутгийн 70 хувьд энэ жил зуншлага сайн байв. Ялангуяа нутгийн хойд хагаст бороо хур ихтэй зуслаа. Харин говийн нутгаар нэлээд хуурай шилттай байснаа өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр тэнгэрийн байдал дээрдэж, газрын гарц сайжирчээ. Гэсэн ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж урган, бэлчээр тачир, сийрэг байгаа гэнэ.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхний мэдэгдсэнээр, Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн ихэнх сумд бэлчээрийн даац хэтэрчээ. Тэр дундаа Увсын Завхан, Ховдын Булган, Буянт, Говь-Алтайн Халиун, Төгрөг, Архангайн Ихтамир, Өлзийт, Өгийнуур, Булганы Рашаант, Төв аймгийн Дэлгэрхаан, Дундговийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан сумд өвөлжилт хүндэрч болзошгүй гэнэ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн ихэнх буюу Уянга, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Гучин-Ус, Тарагт, Зүүнбаян-Улаан, Сант, Баянгол, Бүрд сумд бэлчээрийн даац ихээхэн хэтэрсэн тул орон нутгийн удирдлага, иргэд хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэгт эртнээс анхаарах нь зүйтэйг тус хүрээлэнгийнхэн зөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Оч