Өвчин хэлж биш, хийсэж ирдэг гэж монголчууд ярьдаг. Энэ нь нэг талаас үнэний ортой ч нөгөөтээгүүр, шинж тэмдэг илэрсээр байхад өвчнөө тоохгүй, тартагт нь тулгачихаад өөрийгөө зөвтгөж, өмөөрөх шалтаг ч байж болох. Тэгвэл хийсэж биш, хэлж ирдэг олон өвчин бий. Түүний нэг нь шүд хорхойтох эмгэг. Тэр дундаа, манай улс хүүхдийн шүдний өвчлөлөөрөө дэлхийд “тэргүүлэх” хэмжээнд хүрснийг эмч нар шогширч байна. Үүнд эцэг, эхчүүд хамгийн их буруутай. Хорхойтсон шүдийг нь эмчлүүлэхгүй явсаар хүүхдийнхээ эрүүг тайруулж, эрэмдэг болгох тохиолдол жилд 10, 20-иороо бүртгэгдэх болжээ. Амны хөндийн эрүүл ахуйг сахиулах наад захын ойлголтыг хүүхдэдээ өгдөггүй. Хүүхдийнхээ шүдийг харлаж, шарласан, эсэхийг өдөр бүр биш юм гэхэд ядаж долоо хоногт нэг удаа шалгах сэтгэлгүйг эмч нар хатуу шүүмжилсэн.
Засгийн газраас баталсан “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлж эхлээд таван сар болох гэж буй. 2-12 насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлж, өвчилсөн шүдийг нь эмчлэхэд улсаас 50 тэрбум төгрөг зарцуулах юм. Эрүүл мэндийн сайдын баталсан, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах удирдамжид зааснаар энэ онд 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулж байна. Улсын хэмжээнд 18 хүртэлх насны нэг сая орчим хүүхэд бий. Тэднээс 2-12 насныхныг сонгон, “соёлын довтолгоон”-д хамруулж байгаа нь энэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэхдээ 2-12 насны 725 000 хүүхдийн шүдийг бүгдийг эмчилнэ. Үр дүнд нь шүд цоорох өвчний тархалтыг 30 хувь бууруулна” гэж амласан.
Энэ сарын 26-ны байдлаар уг хөтөлбөрт 77 528 хүүхэд хамрагдсаныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан хэллээ. Тэдний 42 377 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутгийн гэрээт эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэсэн аж. Тэгэхэд 3288 хүүхэд л эрүүл шүдтэй байжээ. Энэ нь хөтөлбөрт хамрагдсан нийт хүүхдийн ердөө 4.2 хувь. Хүүхдийн шүдний өвчлөл дийлдэхээ больсныг эл баримт гэрчлэх биз ээ. Тодруулбал, 77 528 хүүхдийн 360 862 шүд эмчилснийг албаныхан хэлсэн. Тэгэхээр нэг хүүхдийн 4-5 шүд хорхойтой байсан гэсэн үг. Хамгийн олон нь буюу 106 947 шүдэнд цоорлын, 21 924-т нь сувгийн эмчилгээ хийсэн байна. 2023 он хүртэл хөтөлбөрт хамрагдах 2-12 насны нийт хүүхдийн 10.7 хувийнх нь өвчлөл нэг иймэрхүү.
Нүүр, амны мэс заслын их эмч Н.Бямбаа “Хүүхдийн шүд цоорох эмгэг гамшгийн хэмжээнд хүрсэн. Нэг хүүхдийн зургаан шүд цоорхой байх нь өдгөө цөөнд тооцогдож байна. Цоорхой 10 гаруй шүдтэй бол дундаж үзүүлэлт. Хүүхдийнх нь ам жорлонгоос доор үнэртэй болчихсон байхад эцэг, эх нь тоодоггүй. Гэнэт бүх шүд нь хорхойтсон юм шиг “Шөнөжин уйлаад унтуулсангүй” гээд хүүхдээ гудчаад, эмч рүү дайрах нь түгээмэл. Шөнө нойрыг нь хугаслаагүй бол эмнэлэгт ирэхгүй нь л гэж бодогдох. Бас болоогүй ээ, өвчтэй шүд нь хавдахаар шээс, спиртээр жин тавина. Хүүхдийнх нь өчнөөн шүд хорхойтой байхад аав, ээж нь мянга сайхан ажил хийдэг, ганган байгаад яах вэ. Зарим нь бүр “Та нар бидний татварын мөнгөөр амьдарч байгаа” гэж уурлаж, загнана. Бүх архаг, суурь өвчний шалтгаан болдог шүд хорхойтохоос сэргийлэх хамгийн хялбар, хямд арга бол амны хөндийн ариун цэвэр сайн сахих. Цахиур цухуйж эхэлмэгц тохирсон бүтээгдэхүүнээр амны хөндийг нь арчилж, өнгөрийг цэвэрлэх ёстой. Нялх хүүхдийн амыг буцалсан усаар цэвэрлэж дасгах, аажмаар насанд нь тохирсон сойз, оо, шүд цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэвэл үр дүнтэй” гэж ярилаа.
Шүдний хатуу эдийн эрдэс алдагдсаны улмаас хөндий үүсэх эмгэгийг анагаах ухаанд шүд хорхойтох өвчин гэж тэмдэглэжээ. Шүдний цоорлыг халдварт өвчний ангилалд хамааруулдаг юм билээ. Хорхой үүсгэгч striptococus mutans гэх бактери нь нэг шүднээс нөгөөд, хүнээс хүнд халдварладаг тул сойз, аяга, халбагаа бусадтай солихыг цээрлэх хэрэгтэй. Хорхойтсон шүдээ эмчлүүлэхгүй удвал нэвчээс болдог байна. Дэлхийд уг өвчин устсан гэдэг. Учир нь олон улсад шүдний өвчнийг хүндэртэл нь даамжруулдаг явдал хэдийн үгүй болж. Харин манайд үүнээс шалтгаалсан яаралтай хагалгааг ЭХЭМҮТ-ийнхөн тасралтгүй хийж байна. Тус төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасагт өнгөрсөн онд гэхэд 1785 хүүхэд хагалгаа хийлгэснээс 77.4 хувь нь яаралтай мэс засалд оржээ. Уг эмчилгээг хийлгэсэн хүүхдүүдийн 698 нь шүдний гаралтай, эрүү, нүүрний архаг үрэвсэлтэй байсан аж. Эцсийн шатандаа орж, эрүүгээ тайруулж, авхуулах нь ч олширчээ. “Шүдний хорхой эрүүг иддэг гэдгийг эцэг, эхчүүдэд ойлгуулах юм сан” хэмээн эмч нар халаглав. Шүдний буглаагаа эмчлүүлэхгүй удвал идээ нь зүрхэнд орж, аминд халтайг ч анхааруулсан.
Улсын хэмжээнд 18 хүртэлх насныхны 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй, 5-6 настай хүүхдүүдийн 94 хувийнх нь шүд хорхойтой гэсэн судалгааг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан гаргасан. Улаанбаатар хотын есөн дүүргийн сургууль, цэцэрлэгийн 1190 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон, үзлэгт хамруулахад 86 хувийнх нь шүд цоорсон, 44 хувьд нь өвчин хүндэрч, эрүү, нүүрний гажиг үүсгэсэн байж. Дунджаар нэг хүүхдийн 6-8 шүд хорхойтой байгаа гэсэн үг. Гэтэл эцэг, эхчүүдийн олонх нь “Сүүн шүд нь унаад, эрүүл болно” гэж эндүүрдэг аж. Сүүн шүд цоорч, үйрснээс байнгын шүд нь орсгой, хазгай ургаж, зуултын гажиг үүсгэх болсныг мэргэжилтнүүд сэрэмжлүүлсэн.
Багачуудын шүд ингэтлээ өвчлөх болсныг эмч нар олон янзаар тайлбарладаг. Нэгдүгээрт, орчин үеийн хүүхдүүд багаасаа хатуу хоол, хүнс идэх нь багасжээ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хоол ундыг нухаж, нунтагладаг, ааруул хурууд, талхны зах, яс мөлжүүлэхгүй байгаа нь ангалзах, зажлах, хивэх үйл явцыг алдагдуулахад хүргэх болжээ. Үүний уршгаар шүд нь хэврэгшин цоорч, улмаар гажиг үүсгэж байгаа аж. Зажилж, зулгаах нь шүдний эргэн тойрны булчингийн цусан хангамжийг сайжруулахаас гадна шүдлэх үе шатанд бэлтгэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, шүд солигдох үед эрүүний яс өргөөшөө тэлдэг. Шүднүүд нь зайтай ургаж байвал зөв хөгжилтэй гэж үздэг. Харин байнгын шүдний ургах зай бага бол давхарлаж ургах эрсдэлтэй юм байна. Тиймээс хүүхдүүдээ багаас нь мэрэх, зулгаах үйлдэл байнга хийлгэж, бат бөх шүдтэй болоход нь туслах хэрэгтэйг эмч нар зөвлөв.
Нөгөөтээгүүр, улсын хэмжээнд 1100 гаруй шүдний эмч ажилладаг гэх судалгаа бий ч хүүхдийн чиглэлээр мэргэшсэн нь бараг байхгүй аж. Шүдний эмч нарын 80 гаруй хувь нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад, үлдсэн нь аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг байна. Хувийн эмнэлэгт хүүхдийн нэг шүд эмчлэх ханш 25-45 мянган төгрөг. 4-5 битгий хэл, нэг шүдийг нь ч эмчлүүлэх мөнгөгүй хүн цөөнгүй. Улсын эмнэлэгт хандахаар цаг олддоггүй, 2-3 сар хүлээх болдог. Энэ мэт шалтгаанаар шүдний өвчлөл газар авчээ. Тиймээс “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ирэх таван жилд иргэдийг амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлд төлөвшүүлэх, сургалт, сурталчилгааны олон ажил өрнүүлэх болсон. Мөн хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ шүдээ угаах орчин нөхцөл бүрдүүлэх, мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулахад санхүүжилтийн зонхилох хувийг зарцуулна гэдгээ албаныхан өгүүлсэн.
Монгол Улс хэрэгцээнээсээ 10 дахин давсан чихэр, ийм төрлийн бүтээгдэхүүн импортолдог аж. Энэ нь хүн амын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгааг илтгэнэ. Хүүхдэдээ чихэр, жигнэмэг өгч болно. Хамгийн гол нь идсэнийх нь дараа шүдийг нь сайтар угаалгах хэрэгтэйг нүүр, ам судлалын их эмч Б.Оюундарь зөвлөсөн. Тэрбээр “Хүүхдийн шүдийг буруу арчлах, дутуу цэвэрлэснээс болж өдгөө нэг нас хүрэв үү, үгүй юү цахиурууд нь хорхойтож байна. Мөн хоол, хүнсний чанар, хооллох давтамжаас их шалтгаалдаг. Эцэг, эхчүүд хүүхдэдээ чихрийн агууламж өндөртэй, шүдэнд наалдамхай амттан, ундаа авч өгч, эрхлүүлэх болжээ. Үүнтэй холбоотойгоор шүд цоорох өвчин хүндэрч, нүүр, амны гажиг ихээр үүсгэж байна. Хүүхдийн шүдийг зөв арчилж, цэвэрлэснээр олон өвчнөөс сэргийлэхэд тустай. Түүнчлэн эрдэс бодис, шим тэжээлтэй хоол идэхэд шүд эрдэсждэг. Саяхныг хүртэл ДЭМБ зургаагаас доош насны хүүхдүүдэд фторгүй оо хэрэглэхийг зөвлөдөг байсан. Гэвч сүүлийн үед фтортой оогоор угаахыг чухалчлах болж. Гэхдээ агууламжийг нь хянах хэрэгтэй. Эрдсийн хэмжээ илүүдвэл шүд толботой болж, хэврэгшдэг. Одоогийн нөхцөл байдлыг харахад ирээдүйд шүдний цоорлоос үүдэлтэй дотор эрхтний өвчтэй нэгэн үе төрөх эрсдэлтэй байна” гэсэн юм.