ОХУ-ын Армийн, А.В.Александровын нэрэмжит, Улаан тугийн хоёр удаагийн одонт дуу, бүжгийн эрдмийн чуулга Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд уран бүтээлийн дээжээсээ монгол түмэнд өргөн барихаар 120 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй манай улсад ирээд байна. Чуулга өчигдөр орой СТӨ-нд тоглосон. Харин өнөө үдэш жанжин Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо үргэлжлүүлэх юм.
Чуулгыг 1928 онд найман дуучин, хоёр бүжигчин, баян хуур хөгжимчин болон уран уншигч гэсэн 12 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ЗХУ, ОХУ-ын цэрэг армийн төдийгүй ардын болон сонгодог урлагийн нэгдмэл, хүчирхэг байдлыг уран бүтээл, цог жавхаагаараа илтгэдэг хамт олон энэ удаагийн тоглолтоороо Монгол Улсын Төрийн дууллыг монгол хэлээр дуулж, хоёр орны түүхт, нөхөрсөг, найрамдалт харилцааны бэлгэдэл болгон эгшиглүүлсэн юм. Тэртээ 1974 онд анх удаа манай улсад ирж тоглосноос хойш өнөө дахин зорьсон эрдмийн чуулгын дарга, уран сайхны удирдагч Г.К.Саченюктой товч ярилцлаа.
-Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Танд ч бас баярын мэнд хүргэе.
-Танай хамт олон уран бүтээлээ хүргэхээр ирсэнд монголчууд баяртай байна. Ямар ямар дуу, бүжигтэй ирсэн бэ?
-Манай чуулга 350 уран бүтээлчтэй. Өнөөдөр энэ тайзан дээр 120 нь дуулж, хөгжимдөж, бүжиглэнэ. Сэдэв нь эх орон, дайны жилүүд болон ялалтын тухай, уур амьсгал нь баярын байх юм. “Полюшко”, “Священная война”, “Соловьи”, “Ехал я из Берлина” гэх зэрэг айлчилж очсон орон бүртээ дуулдаг цэрэг эх орны сэдэвтэй сонгодог дуунуудаа хүргэнэ. Мэдээж орос ардын дуу сонирхуулж, бүжгэн зохиомж үзүүлнэ. Тоглолтоо “Зөвлөлтийн армийн дуу”-гаар эхлүүлэхэд тайзнаа Монгол болон ОХУ-ын Төрийн далбаа мандуулна. Залгуулаад хоёр орны Төрийн дуулал эгшиглүүлнэ. Төгсгөлд нь дэлхий нийтээр мэддэг “Катюша”-гаа дуулна. Магадгүй “Прощание славянки”-г дуулах байх.
-Үзэгчид гарч өгөхгүй, алга ташаад байвал уу?
-Харж л байя (инээв).
-Та чуулгынхаа онцлогийг юу гэж тодорхойлох вэ?
-Манай хамт олон бол дэлхийд Орос орны бахархал, оросуудын ардын урлагтаа тулгуурлан бий болгосон урлагийн олон тал, Консерваторын боловсролд суурилуулан бүтээсэн сонгодог урлаг, хөгжмийн зохиолчдын дэг сургуулийн ололт гэх зэрэг олон үнэт зүйлийг агуулж байдаг. Оросын хөгжмийн урлагийн бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг цогцлоодог. Эрэгтэй найрал, симфони найрал хөгжмийн үлээвэр хэсгүүдийг орос ардын хөгжмийн эрдмийн найралтай хослуулсан оркестр дэлхийд ганцхан манайх.
А.В.Александровын нэрэмжит чуулгын тоглолт эхлэхээс өмнө дарга бөгөөд уран сайхны удирдагчтай нь ийнхүү товч ярилцсан юм. Үргэлжлүүлээд тус чуулгын түүх, уран бүтээлийн замналын талаар мэдээлэл бэлтгэснээ хүргэе.
Тус чуулгыг 1928 онд соёлын ажилтан Ф.Н.Данилович, найруулагч П.И.Ильин, найрал дууны удирдаач А.В.Александров нар байгуулсан аж. Уран бүтээлч хамт олон өсөж өндийхөд голлох үүрэг гүйцэтгэсэн, ерөнхий зохион байгуулагч бөгөөд хөгжмийн удирдагч нь Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн профессор, хожим Ардын жүжигчин болсон А.В.Александров (1883-1946) аж. Тэрбээр чуулгыг 18 жилийн турш удирджээ. Чуулга байгуулах үед энгийн иргэн байсан уран бүтээлчдийн багийг удирдан ажиллах саналыг ЗХУ-ын цэрэг дайны болон далайн хэргийн ардын комиссар К.Е.Ворошилов тавьсан байна.
Чуулгын анхны тоглолт 1928 оны аравдугаар сарын 12-нд М.В.Фрунзийн нэрэмжит Улаан армийн төв байранд болжээ. Чуулга тэр үед найман дуучин, хоёр бүжигчин, баян хуур хөгжимчин болон уран уншигч гэсэн 12 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй байв. Тоглолт амжилттай болсон тул энэ өдөр чуулгыг албан ёсоор байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, анхны тоглолт болсон өдрийг уран бүтээлч хамт олны төрсөн өдөр хэмээн тогтоожээ. 1935 оны арваннэгдүгээр сарын 27-нд ЗХУ-ын Улаан армийн дуу, бүжгийн Улаан тугийн одонт чуулга болсон байв. Тухайн оны арванхоёрдугаар сарын 1 гэхэд чуулга 135 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй болов. Найрал хөгжимд орос ардын домра болон балалайка гэсэн утсан хөгжим багтаасан нь бусдаас ялгагдах шинж нь. Олон улсын талбар дахь анхны амжилт нь 1937 онд Парист зохион байгуулсан Бүх дэлхийн үзэсгэлэн яармагийн үеэр болсон уралдаант наадмаар хүртсэн гран при шагнал нь аж. 1937 онд чуулга 247, харин 1948 онд 313 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байв.
1941 оны зургадугаар сарын 26-нд Москвагийн галт тэрэгний “Белорусский” буудалд тус чуулгын, дайны талбар луу явалгүй үлдээд байсан хэсэг нь анх удаа өдгөө дэлхий даяар мэддэг “Ариун дайн”-ыг дуулжээ. Тус чуулгын уран бүтээлчид Эх орны дайн үргэлжилсэн он жилүүдэд энэхүү бүтээлийг 1500-гаас дээш удаа дуулсан гэсэн бүртгэл бий юм байна.
1949 оны хоёрдугаар сарын 7-нд Зөвлөлтийн армийн дуу, бүжгийн чуулгыг хоёр дахиа Улаан тугийн одон, улаан таван хошуугаар шагнажээ. Түүнээс өмнө 1946 онд чуулгыг үүсгэн байгуулагч А.В.Александровын нэрэмжит болгосон байлаа. 1978 онд байгуулагдсаных нь 50 жилийн ойн босгон дээр тус чуулгад мэргэжлийн дээд үзүүлэлт болсон эрдмийн хэмээх цолыг хүртээсэн бөгөөд 1998 оноос Оросын армийн А.В.Александровын нэрэмжит дуу, бүжгийн эрдмийн чуулга болсон түүхтэй. Урын сандаа Орос, Зөвлөлтийн болон дэлхийн хөгжмийн зохиолчид, бүжиг дэглээч, найрал дууны удирдаачдын хоёр мянга гаруй бүтээлтэй.
Түүх л юм хойно, дурдах хэрэг болох нь. 2016 онд онгоцны сүйрлээр тус чуулгын уран бүтээлчдийн тал орчим буюу 64 нь амь үрэгдсэн юм. Даргатай нь ярилцаж байхад “Өнөөдөр энэ тухай дурсахгүй байж болсонгүй юу” гээд зэмлэнгүй харцаар харсан. Уучлалт хүсээд ярианы сэдвээ өөрчлөхөд “Тэр хүмүүс бидэнтэй цуг дуулж, хөгжимдөж, бүжиглэж явдаг юм аа” гэлээ.