2019-2020 хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол ирэх сарын 1-ний ням гарагт улс даяар болно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлэв. Харин 2-ны даваа гаргаас хичээллэж эхлэх юм байна. Ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жилд 644 140 сурагч суралцана. Энэ нь өмнөх оныхоос 8.6 хувь буюу 50 990-ээр нэмэгдсэн үзүүлэлт. Үүнээс нэгдүгээр ангид 38 232 хүүхэд элсэх тоо гарчээ. Шинэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг өнгөрсөн тавдугаар сарын 13-27-нд бүртгэсэн. Тухайн үед бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийн бичиг баримтыг энэ сарын 30-ныг дуустал сургууль тус бүрт хүлээн авахыг нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин ирэх шаардлагагүй. Мөн таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй аж.
Эцэг, эхчүүд, асран хамгаалагчид нэгдүгээр ангид элсэх хүүхдээ бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар, өөрсдийн иргэний үнэмлэхийг авчрах шаардлагатай. Бас хүүхдийн цээж зураг, шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг бүрдүүлэх ёстой. Шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа болон бусад нэмэлт материалыг сургуулийнхан шаардах эрхтэй гэнэ. Түүнчлэн бүртгэхдээ элсэлтийн шалгалт, хураамж, бусад төлбөр авах ёсгүй юм байна.
Бэлтгэсэн: М.Номинчимэг