Хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа эхэллээ. Сургууль, цэцэрлэгийн будаг нь ханхалсан шинэ барилгууд хүүхдүүдээ хүлээнэ. Хуучных нь хана, туургыг “энгэсэгдэж”, хачин сайхан болгож. Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн бэлтгэл үндсэндээ хангагдсаныг албаныхан хэлсэн. Саваа бэлдсэн нь сайн хэрэг. Харин саалиа хэрхэн бэлдсэн юм бол. Өнгөрсөн онд сурах бичгийн хангамж 50 хувьтай буюу хоёр хүүхэд тутмын нэг нь номгүй хичээллэсэн. Өнөө жил “түүх давтагдах вий” гэсэн болгоомжлол эцэг, эхчүүдийн дунд байна. Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын хуралдаанаар сурах бичгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тухайн үед “Сурагчдын тал орчим хувь нь номгүй байхад юугаа түрээслэх вэ” гэж гайхах, хардах хүн олон байв. Одоо ч энэ шийдвэр хариулт нэхсэн хэвээр. Тиймээс түрээслэх сурах бичгийг хэвлэсэн, үгүйг, хэзээнээс хүүхдүүд номтой золгохыг тодруулахаар БСШУСЯ-ыг зорилоо.
Бага ангийнхны сурах бичгийг улсаас 100 хувь даадаг. Харин дунд, ахлах ангийн зорилтот бүлгийн хүүхдүүдийн 40 хүртэлх хувийг номоор хангадаг гэж эрх баригчид өнөөдрийг хүртэл сайрхаж ирсэн. Гэвч Боловсролын хүрээлэнгийнхний хамгийн сүүлд хийсэн судалгаагаар бага ангийнхны номыг төрөөс 100 хувь хангах зорилтынхоо 97-98 хувийг биелүүлж байгааг тогтоосон. Харин VI-IX ангийн зорилтот бүлгийнхний 30 гаруй, ахлах ангийн нийт сурагчийн 15-25 хувьд нь л үнэгүй ном олгож байж. Өөрөөр хэлбэл, төр, засаг олон нийтэд зарладаг шигээ 100, 40 хувийн хангалтаа хийж чаддаггүй гэсэн үг.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамж, хүртээмжийн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх болсон нь одоогийн нөхцөлд хамгийн сайн шийдэл гэлцэнэ. Учир нь өнгөрсөн хугацаанд манай төр, засаг, хэвлэлийн компаниудын аль аль нь хүүхдийн эрх ашгийг бодож байсангүй. Сонгон шалгаруулалтад ялсан хэвлэлийн компаниуд улсаас мөнгө авч, үнэгүй тараадаг номыг түрүүлээд хэвлэчихдэг. Дунд, ахлах ангийнхны номын 60 хувийг хэвлэж, зах зээлд борлуулах үүрэгтэй ч байнга хомсдол үүсгэн, ченж нар сурах бичгийн үнийг огцом өсгөж, дамлан худалдсаар ирсэн. Тиймээс сурах бичгийг түрээсэлснээр зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдах замаар үнийг нь өсгөдөг сүлжээ үгүй болох сайн талтай. 2010-2014 онд сурах бичиг түрээсэлдэг байхад номын хүртээмж улсын хэмжээнд 84 хувьд хүрч байсан гэдэг. Гэвч энэ нь олон хүнд ашиггүй байсан нь мэдээж. Сурах бичгийг дахин худалдах болсон түүх ердөө энэ.
2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх, ахлах, дунд ангийн 181 мянга орчим хүүхэд байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Балжинням хэлсэн. Тэрбээр “Эдгээр хүүхэд өмнө нь захаас ном худалдаж авдаг байсан гэсэн үг. Гэхдээ бүгд биш. Учир нь нэг ангийн хичээлийн багц ном дамын наймаачдын гараар орж 70-100 мянган төгрөг болж нэмэгддэг байсан. Нөгөө талаас боломжтой хэд нь ном авах гэхээр олддоггүйн зовлон их. Өдий хүртэл сурах бичиг худалдах, борлуулах сүлжээ улс орон даяар бий болоогүй. Эдгээр шалтгаанаар номын хүртээмж муу байгаа. Харин энэ жилээс хүүхдүүд сургуулийнхаа номын сангаас бүх сурах бичгээ түрээслэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 60 хувийг номоор хангана гэвэл 2.7 сая ширхэг сурах бичиг хэвлэх шаардлагатай. Хичээл тус бүрээр 100 орчим нэр, төрлийн ном хэвлүүлэхэд бэлэн болсон” гэж ярив.
Дээрх тоогоор сурах бичиг хэвлүүлэхэд найм орчим тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард санхүүжилтийг нь шийдсэн юм байна. Гэвч одоо болтол нэг ч сурах бичиг хэвлээгүй шалтгааныг Р.Балжинням ийн тайлбарлав. “Түрээслэх сурах бичгүүдийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр хэвлүүлнэ. Үүний дагуу тендерүүд зарлаад дууссан. Гэвч санхүүжүүлэгч байгууллага бидний бүх үйл ажилагааг хянаж, шалгаж, тендерийг өөрсдийн дүрэм, журмын дагуу явуулахыг шаардсаар өдий хүрсэн. Сонгон шалгаруулалт явуулах баримт бичиг боловсруулаад АХБ-нд эхлээд танилцуулсан. Хянаж үзээд “Тендер зарла” гэсний дараа сонгон шалгаруулалт явууллаа. Үүнд бас нэлээд хугацаа зарцуулсан. Учир явдлаа хэлж, хоног хугацааг нь богиносгон, тендерт оролцох хүсэлт гаргасан хэвлэлийн компаниудын материалыг үнэлээд, АХБ-ныханд мөн илгээсэн. Одоо болтол хариу ирүүлээгүй байна. Олон улсын байгууллагуудын худалдан авах ажиллагааны дүрэм, журам манайхаас арай өөр. Бид уг нь хэвлэлийн компаниудаа сонгон шалгаруулсан. АХБ баталгаажуулахаас нааш олон нийтэд зарлахгүй. Компаниудад ч мэдэгдээгүй. Тендерт найман компани оролцсон. Олон тооны сурах бичиг хэвлүүлэх тул хугацаагаа хэмнээд, тендерийн шаардлага хангасанд нь хуваагаад өгчихмөөр байдаг. Гэвч ингэхийн тулд олон багц тендер зарлах шаардлагатай. АХБ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, тендерийг цөөл гэдэг. Компаниудын хүчин чадал нь харилцан адилгүй тул зарим нь олныг, зарим нь цөөн ном хэвлэх байх” гэсэн юм.
“Хичээл эхэллээ” гэж БСШУСЯ-ныхан учир шалтгаанаа тайлбарлахад “Бидний ажлын онцлог ийм” гэж АХБ хариу өгчээ.
Тэдний тавьсан зарим шаардлагыг манайхан хангаж чадахгүй байгааг ч Р.Балжинням мэргэжилтэн хэлсэн. Арга ч үгүй биз. Сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх тендерийг нэг доор зарладаг байсныг болиулчихсан. Бүгдийг нь жижиглэнэ, салгана. Хэвлэх тендерийг бас багцална. Ингэж олон янзаар, олон удаа тендер зарлах нь будилааны эх үүсвэр болдгийг судлаачид хэлдэг. Энэ бүхнээс болж сурах бичгийг хугацаанд нь хэвлэж, түгээх тухай ойлголт үндсэндээ байхгүй болсон. Сүүлийн жилүүдэд улс төрийн сонгуульд ялсан намын дээгүүр албан тушаалтнуудын ар, өврийн компани сурах бичгийн тендерийг хамж байгаа нь ч үнэн. Эдгээр дутагдал нь олон улсын байгууллагын шаардлагад нийцэхгүй байгаа хэрэг. Их хэмжээний мөнгөний ажлыг ингэж оромддоггүй, хэрхэн няхуур, хуулийн дагуу гүйцэтгэхийг “донор” байгууллагаасаа суралцах хэрэгтэй болжээ, бид.
Ямартай ч АХБ-ныхан сурах бичиг хэвлэх зөвшөөрөл өнөө, маргаашгүй өгөх сурагтай. Сонгон шалгаруулалтад тэнцсэн компаниуд хэвлэсэн сурах бичгүүдээ нийслэлд бол сургууль тус бүрт нь, орон нутагт бол Боловсрол, соёл, урлагийн газарт нь хүргэж өгөхөөр гэрээнд тусгажээ. Тиймээс түгээх ажилд асуудал үүсэхгүй гэдгийг албаныхан хэлсэн. Хүүхдүүд номын сангаасаа багц номоо 20-25 мянган төгрөгөөр түрээслэх юм байна. 2010-2014 онд нэг ангийн багц ном ашиглах зардлыг 18 000 төгрөгөөр тооцож, хүүхдүүдээс хураадаг байж. Шинэ сурах бичиг ашиглаж, актлах хугацаа дөрвөн жил тул дараагийн хэвлэлтийн зардлыг түрээсийн мөнгөнөөс ингэж босгох ёстой. Хэвлэх зардал, цаасны үнэ, инфляц зэрэг хүчин зүйлээс хамаарч түрээсийн үнийг тогтоодог аж. Мэдээж эцэг, эхчүүдэд ном худалдаж авснаас түрээсэлсэн нь 2-3 дахин хямд тусна. Хамгийн чухал зүйл хүүхэд бүр сурах бичигтэй болох. Сурагчдын тоогоор 2.7 сая ширхэг ном хэвлэх тул хүртээмж 100 хувьд хүрэх учиртай.
Эцэг, эхчүүд түрээслэх сурах бичигт урамшуулал бий, эсэхийг сонирхож байсан. Дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийн 40 хувийг улс дааж байгаа учир түрээслэх номд ямар нэгэн дэмжлэг, урамшуулал байхгүйг БСШУСЯ-ынхан хэлсэн. Учир нь хагас, бүтэн өнчин, олон хүүхэдтэй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн сурагчид дээрх 40 хувьд хамаарч буй юм. Түүнчлэн тендерт ялагдсан компаниуд шүүхдээд, шалгарсан нэгнийхээ ажлыг хийлгэхгүй гацаачихгүй л бол түрээслэх сурах бичгийг ирэх сард хэвлэж, түгээхээр төлөвлөөд байна. Аравдугаар сарын 1 гэхэд хүүхдүүд номтойгоо золгож, жигдрэх нь.
Ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжихэд VI, 2016 онд XII ангийнхан нийтээрээ сурах бичиггүйгээр хичээлийн бүтэн жил дуусгаж байсныг санахад гэмгүй. 2018-2019 онд ч сургууль тарах гэж байхад хүүхдүүд зарим сурах бичгийнхээ барааг арай гэж харж байлаа.