Зураач В.Ундраагийн “BID” гурав дахь бие даасан үзэсгэлэн энэ сарын 26-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Есдүгээр сарын 02-ныг дуустал үргэлжлэх тус үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн хүмүүс зураач Ундраа өөрийн гарын үсэгтэй "U-MANDALA bid edition" номыг бэлэглэх гэнэ.
В.Ундраа нь хүүхэд, гэр бүл, байгалийн сэдвээр уран бүтээлээ туурвидаг. Тэрбээр хүний сэтгэлийн гүнд тоосонд дарагдан мартагдсан байдаг байгалийн зөн мэдрэмж, хүүхэд насныхаа гэгээн хүсэл тэмүүлэл, өөдрөг мэдрэмжийг сэргээж, өдөр бүрийг шинэ өнгө будгаар эхлэхэд зориулж бүтээлээ туурвидаг байна.
1998 онд Соёлын дээд сургуулийн Монгол зургийн анги, 2005 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн Уран зургийн анги дүүргэсэн.
2006 оноос 40 гаруй удаагийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцсон. 2012 онд “Яруусахуй урлан”, 2015 онд “Undra 2015” бие даасан үзэсгэлэнгээ тус тус толилуулсан.
Түүний бүтээл Монгол, Герман, Белги, Хятад, Япон, Солонгос, Куб зэрэг дэлхийн 10 орчим орны цуглуулагчид болон хүүхдийн байгууллагад хүрсэн байдаг.
2010 онд “Дээд эрүүл мэнд”, 2014- 2017 он “Сайн мууг ялгая” 1, 2, 3-р дэвтэр, 2018 онд Ч.Лодойдамба “Манай сургуулийнхан” номны зураг чимэглэлийг бүтээсэн.
В.Ундраа нь “Монгол блогчид” наадам, TEDxWomen, UBTwestival, “Сэтгэлийн зураг” хандивын үзэсгэлэн зэрэг хүмүүнлэг, олон нийтийн үйл ажиллагааг өөрийн уран бүтээлээр дэмжиж оролцсон хүмүүнлэг уран бүтээлч билээ. Мөн өөрийн бүтээлээр бэлэг дурсгалын олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэн дэмжигчиддээ хүргэсэн.
Харин энэ удаагийн үзэсгэлэнгийн орлогынхоо тодорхой хэсгийг Баянзүрх хайрханыг ойжуулах World Garden Mongolia санаачилгыг дэмжихээр ажиллаж байна. Үзэсгэлэнд өөрийн 4 настай хүүхдийн хамт оролцох гэнэ.