-Хууль зөрчсөн хэнд ч төрийн төмөр нударгын амтыг үзүүлнэ гэв-
Энэ сарын сүүлчээр ихэнх нутгаар цочир хүйтэрч, хангайн бүсийн уулархаг газраар цас орохыг өчигдөр болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр мэргэжлийн байгууллагаас мэдээлэв. Айсуй өвөл хатуу болж магадгүй гэнэ. Ерөнхийдөө арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвлийн турш нэлээд зузаарах төлөв ажилаглагдаж байгаа юм байна.
Өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын хамт оролцсоноос гадна аймгийн Засаг дарга, яам, агентлагийн дарга нар иржээ. Хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, эдгээрийг хангах чиглэлээр ОБЕГ-аас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа холбогдох сайд, дарга нар танилцуулсан. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ онд аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний эхний хагас жилийн биелэлт зохих түвшинд хүрснийг хэлсэн ч биелэлтийг нь цаашид эрчимжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн энэ жил бороо, хур ихтэй байгаагаас мал угаалга удааширсныг тэмдэглээд, ирэх сарын 15 гэхэд дуусгахыг үүрэг болгожээ.
Тэрбээр “Төв, суурин газрын хүн амын хэрэглээний махны нөөцийг нэмэгдүүлэхэд анхаармаар байна. Хамгийн багадаа энэ жил 20 мянган тонн мах бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд 50-60 тэрбум төгрөг шаардлагатай. Махны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд мах бэлтгэж байгаа компаниудын авч буй зээлийн хүүг багасгасан. Улмаар экспорттой холбоотой зарим механизмыг өөрчилмөөр байна. Өөрөөр хэлбэл, экспортоор гарч буй махны 10 хувийг дотооддоо нөөцөлнө гэж заасан байдаг. Өнгөрсөн онд 70 мянган тонн мах экспортод гаргасан. Үүний 10 хувь гэхээр долоон тонн мах дотооддоо бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл энэ нь хүн амын хэрэгцээний хаана нь ч хүрэхгүй. Тиймээс үүнийг эргэж харъя. Манай улсын мал 80 саяд хүрсэн. Бэлчээрийн даацаас авхуулаад асуудал их байна. Өнгөрсөн онд 14 сая мал эдийн засгийн эргэлтэд орсон. Энэ онд 20 саяыг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Тиймээс хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй” гэв.
Харин эрчим хүчний салбарынхны өвөлжилтийн бэлтгэл 70 орчим хувьтай байгаа аж. Гэхдээ орон нутгийн дулааны станцуудын хувьд дээрх үзүүлэлт нэлээд доогуур байгаа юм байна. Тухайлбал, Ховд аймгийн станц 10, Сэлэнгийнх 32 хувьтай бэлтгэлээ хангаад байгааг дурдсан. Багануурын дулааны станц хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай байгааг ч хэлэв. Орон сууцны айл, өрхүүдийг ирэх сарын 15 гэхэд дулаанаар хангахад асуудалгүй гэнэ. Энэ сарын 10-ны байдлаар 150-200 мянга орчим тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Ирэх өвлийн хэрэгцээнд 600 мянган тонн шахмал түлш шаардлагатай. Сайжруулсан түлшийг иргэдэд нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд хяналт тавих ажлын бэлтгэлийг сайтар хангах нь нийслэлийн төр, захиргааныхны хувьд гол үүрэг болохыг Засаг дарга С.Амарсайхан онцолно лээ. Улаанбаатарын тухайд сургууль, цэцэрлэгийн барилгын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байгаа ч борооны улмаас нэмж засварлах шаардлага гарч байгааг учирлав.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх чиглэл бүрээр үүрэг, даалгавар өгсөн. Тэрбээр “Салбар салбартаа та бүхэн маш анхааралтай ажиллах ёстой. Ялангуяа гурил, махны нийлүүлэлтэд онцгойлон анхаармаар байна. Үүнийг Засгийн газрын хуралдааны үеэр ч Ч.Улаан сайдад үүрэг болгосон. Өнгөрсөн хавар махны үнэ кг нь 14 мянган төгрөгт хүрсэн нь бидний хувьд том сургамж. Махны экспорт нэмэгдэж буй нь сайн ч дотоодын хэрэглээгээ тооцох хэрэгтэй. Өнгөрсөн жил энэ салбар сайдгүй байсан болохоор мах тэргүүтэй бүтээгдэхүүний үнэ өссөн. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал хариуцлагыг нь Ч.Улаан сайд та толгойгоороо хүлээнэ шүү. Эртхэн шаардлагатай зохицуулалт хийж, арга хэмжээ аваарай. Дараа нь элдэв тайлбар хүлээж авахгүй. Улсын хэмжээнд бүтээн байгуулалтын ажлуудаа хуваарийн дагуу хийж дуусгах хэрэгтэй. Орон нутгийн дарга нар ажилдаа эзэн байж, сахилга бат, дэг журам тогтоох нь чухал. Та бүхэн нийгэмд шударга ёс тогтоох, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх зорилттой ажиллах ёстой. Монголын төр мөнгөний өмнө өвдөг сөгдөж болохгүй.
Би энд шударгаар бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа хүмүүсийн талаар хэлээгүй. Харин Монголын баялгийг хууль бусаар хувьдаа завшиж буй, төрийн эрх мэдлийг гартаа авсан олигархиудын тухай ярьж байна. Монголын төр бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй байгаа юм. Хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд үүрлэсэн Архангайн Цэнхэр, Хэнтийн Гутайн даваа, Орхоны хөндий, Сэлэнгэ, Ерөө, Хүдэр гээд нутаг усаа хар. Төв аймгийн “Эко алтан заамар” гэх мэт уурхайн үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээх чиглэлд төрийн бүх шатанд анхаарч ажилла. Төрд төмөр нударга байдгийг харуулах хэрэгтэй. Хууль зөрчвөл ямар ч олигархи бөхийдгийг үзүүлэх ёстой. Монголын төрд сүүлийн 30 жил дутагдсан зүйл бол энэ. Одоо хийх цаг нь болсон. Үүний өмнө битгий шантраарай, халтар цаасанд битгий худалдагдаарай. Ам руу нь мөнгө чихээд болдог юм гэж ярьдаг хүмүүс бий. “Шүүх дээр очоод асуудлаа шийднэ” гэж ярьдаг нь ч байгаа. Монголын шүүх өөрчлөгдсөн. Шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Тэд бүгдээрээ “хонгил”-ынхонд үйлчилдэггүй. Уул уурхайн замбараагүй үйл ажиллагаатай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай бол цэрэг, армиа хөдөлгөе. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм бэ. Тэгвэл эх орныг чинь ухаад дууслаа. Албан тушаалтнууд ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өгцгөө. Хулгайч нар Монголын төрд битгий гараасай. Үүнийг бүх намд уриалж байна. Манай намын нөхөд ч үүнийг анхаарах ёстой. Хулгайч нарыг битгий дэвшүүлээрэй” хэмээн онцолсон.
Улмаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт орон нутгийн хүч, бололцоогоо бүрэн дайчлан, өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай тоног төхөөрөмжөө сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг даалгалаа. Мөн авбал зохих хадлан, тэжээлийг заасан хэмжээнд бэлтгэх, ургац хураалтыг сайтар зохион байгуулж, тариаланчдад дэмжлэг үзүүлэх, аймгуудын төвлөрсөн хангамж болон барилга, байгууламжийн сантехник, цахилгаан, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангахыг үүрэг болгов. Авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс засвар, арчлалтын компаниудад давс, үнс, хайрга, дайргыг зардал багатайгаар татан нөөцлөхөд дэмжлэг үзүүлэх, аймаг, сумдын хэмжээнд мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх, мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ, дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулга, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж дуусгахыг даалгасан юм. Үүний хүрээнд орон нутгийн мах бэлтгэл, экспорт болон ургац хураалтын ажлын явцыг шалгах, туслах ажлын бүрэлдэхүүнийг шуурхай томилон зохион байгуулахыг үүрэгдсэн. Малыг даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах талаар ч дурдсан. Түүнчлэн ирэх өвөл, хавар отор нүүдэл хийх малчид, малын тоо толгойг аймаг, орон нутгаар нэгтгэн гаргахыг анхааруулав.