Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаарх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Юуны өмнө газар тариалангийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулъя. 2019 онд улсын хэмжээнд 361 мянган га-д үр тариа, үүнээс 337 мянган га-д улаан буудай, 14.6 мянга га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82 мянган га-д тосны ургамал, 36 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 502 мянган га талбайд тариалалт хийсэн. Энэ оны зургадугаар сар бүхэлдээ хуурай, халуун байсан. Зуны бороо зургадугаар сарын 25-наас зарим бүс нутгаар долдугаар сарын 04-нөөс эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд нөлөөлж, бутлалт буурч, товчин түрүү үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн үе үе орсон хүчтэй мөндөрийн уршгаар Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2500 га талбайгаас ургац хураах боломжгүй болсон. Долоодугаар сарын 20-ноос эхлэн үргэлжлэн орж буй борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж, ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөлийг бүрдүүллээ.
Одоогийн төлөв байдлаас урьдчилан харахад Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн байх боломжтой харагдаж байна. Харин Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ургац бага байх төлөв ажиглагдаж байна.
Нэгдүгээрт, ургацийн урьдчилсан балансыг төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг талбай бүрээр тогтоож, хураалтын зөвлөмж боловсруулж, тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулах шаардлагатай.
Хоёрдугаарт, ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, алаг цоог болцтой, хог ургамал ихтэй намхан тариаг хаягдалгүй хурааж, техник тоног төхөөрөмжийг бэлтгэх ажилд анхаарах шаардлагатай байна.
Гуравдугаарт, хадлан тэжээл бэлтгэх зориулалтын иж бүрэн техник, тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулахын зэрэгцээ ургац хураалтын өмнө ОХУ-аас 36 ширхэг комбайн нийлүүлэхээр ажиллаж байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн байна
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан сүүлийн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн, харин 5 орчим хувьд муу, 25 гаруй хувьд дунд зэрэг байна.
8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Архангай, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт зуншлага сайн, гантай сум байхгүй байна.
Харин Дархан-Уул аймгийн Шарын гол, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянлиг, Баян-Өндөр сумын говь хэсгээр гандуу, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын урд хэсэг, Баянгол, Сант, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Нарийн тээл, Баян-Өлгий аймгийн Булган сум, Дэлүүн сумын 4 багийн нутаг, Өмнөговь аймгийн Ханбогд, Мандал-Овоо, Манлай, Баян-Овоо сумын урд тал, Номгон сумын урд говь, Гурвантэсийн баруун хэсэг, Говь-Алтай аймгийн Шарга, Тонхил, Төгрөг сумдын нутгаар гантай байна.
Гангийн уршгийн улмаас Дундговь аймгийн Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Өндөршил, Баянжаргалан, Хулд, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Гурвансайхан, Өлзийт сумдын малчид бусад аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийж байна.
Иймд аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт отор, нүүдэл хийх зам, маршрутыг төлөвлөх, отроор явах малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах ажлыг оновчтой зохион байгуулах талаар чиглэл, зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.
Одоогийн байдлаар аймаг дундын отрын 9 бүс нутгаас Завхан аймгийн Багахайрхан, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсан, Говьсүмбэр аймгийн Малахын гэсэн 6 отрын бүс нутгийг малын хөлөөс бүрэн чөлөөлсөн. Харин Өвөрхангай аймгийн Хөхдэл, Булган, Төв, Өвөрхангай аймгуудын заагт орших Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан гэсэн отрын 3 бүс нутгийг малын хөлөөс бүрэн чөлөөлөөгүй байгаа бөгөөд тэнд 92 малчин өрх байсаар байна. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших гэрчилгээг олгохгүй ба мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдаагүй малыг аймаг дундын отрын бүс нутагт оруулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Сүүлийн 3 жилийн дунджаар Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын 9 бүс нутагт жилдээ хонин толгойд шилжүүлснээр 600-700 мянган толгой мал өвөлжсөн. Энэ оноос эхлэн өвөл, хаврын бэлчээрийн даацыг нэгдсэн аргачлалаар тооцох боломжийг бүрдүүлж, Үндэсний статистикийн хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтарч “Малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал”-ыг баталж, мөрдөхөөр болсон. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 2019-2020 онд өвөлжүүлэх малын тоог бэлчээрийн даац багтаамжтай уялдуулан шинэ аргачлалын дагуу тодорхойлох ажлыг энэ 8 дугаар сардаа багтаан дуусгана.
Отрын бүс нутгийн бэлчээрийн төлөв байдал доройтож байгаа тул тодорхой хугацаанд өнжөөх замаар сэргээх шаардлагыг харгалзан отрын бүс нутгийн зэргэлдээ аймаг, сумдаас бэлчээрийн даацаас хэтэрсэн малын санал ирүүлэхгүй байхыг анхааруулж байна. Аймаг дундын отрын бүс нутагт 2019-2020 оны өвөл малчин өрхөө өвөлжүүлэх аймаг, сумдад Отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас тодорхой зөвлөмж, чиглэлийг хүргүүлэх болно.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангахад хадлан, тэжээлийн асуудал хамгийн чухал ч олон аймаг, сум үргэлжилсэн бороотой, зарим нутагт ургамал хадлан авах хэмжээнд хангалттай ургаагүйн улмаас энэ жилийн хадлан бэлтгэх ажил хойшлогдон, 8 дугаар сарын дунд үеэс эхлэх төлөвтэй байна.
21 аймгаас авсан мэдээллээс дүгнэн үзэхэд хадлангийн нөөц багатай болон говийн бүсийн аймгууд бусад боломжит аймгуудтай гэрээ байгуулж, хадлан бэлтгүүлэх ажлыг зохион байгуулах, хадлангийн талбайг оновчтой хуваарилах, хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгэх ажлыг бүх талаар дэмжих шаардлагатай байна. Мөн зарим хадлангийн бүс нутгийн аймгуудад техник, хэрэгслийн бэлэн байдал хангалтгүй байгаа тул бэлэн байдлыг хангуулах чиглэлээр үүрэг, даалгавар өгөөд байна.
“Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан 2019-2020 онд өвөлжих болон хүнсэнд хэрэглэх, зах зээлд нийлүүлэх малын тоог гаргах, орон нутагт мал, мах бэлтгэх ажлыг зохион байгуулах, борлуулах тухай мэдээллийг аймгуудаас авч нэгтгэж байна. Дүнг 8 дугаар сарын сүүлчээр гаргаснаар энэ жилийн намар, өвлийн мал, мах бэлтгэх ажлын хэрэгжилтийг оновчтой зохион байгуулах чиглэл, тоо хэмжээг тодорхой болгоно.
Улсын хэмжээнд гоц халдварт өвчний гаралт байхгүй,
тайван байна
Мал эмнэлгийн босоо тогтолцоог бүрдүүлж жил гаруй ажилласны үр дүнд 2019 оны 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд гоц халдварт өвчний гаралт байхгүй, тайван байна.
Малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлууд хийгдэж байна:
- Монгол улсын хэмжээнд 23.1 сая толгой малыг 22 нэрийн өвчнөөс сэргийлэх 93.0 мянган литр шингэн, 6.6 сая тун хуурай вакциныг орон нутагт хүргүүлээд байна.
- Мал, эмнэлгийн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээнд 19 нэрийн вакцинжуулалтад 23.1 сая толгой мал хамруулахаас эхний хагас жилийн мэдээгээр 12.4 сая толгой малыг хамруулж, 54.2%-тай хэрэгжиж, 3 дугаар улиралдаа багтаан 100% хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
- Монгол улсын бруцеллёз өвчинд мэдрэмтгий 365.0 мянган хээлтүүлэгч малыг /буур, бух, хуц, ухна/ эрүүлжүүлэх шинжилгээнд хамруулж, өвчтэй хээлтүүлэгчийг хөнгөлөх, хэрэгцээлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
- Мөн цаашид Улаанбаатар хот орчмын сүүний үхрийн эрчимжсэн ААН, иргэдийн 35.0 мянган малд бруцеллёзын шинжилгээг хийж, өвчтэй гарсан малыг хэрэгцээлэх ажлыг зохион байгуулна.
- Улсын хэмжээнд нийт мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө тарьж дуусгахаар ажиллаж байна.
Мөн гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Шүлхий өвчнөөс сэргийлэх намрын вакцинжуулалтад шаардагдах 6.0 сая тун вакциныг ОХУ-ын үйлдвэрлэгчээс худалдан авахаар гэрээг байгуулан татан авах ажил хийгдэж байна. Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх 1.7 сая тун вакциныг 2019 оны вакцинжуулалтын арга хэмжээнд хэрэглэхээр улсын нөөцөд хадгалж байгаа бөгөөд нэмэлтээр 3.0 сая тун вакциныг худалдан авах ажил хийгдэж байна. 2019 оны вакцинжуулалтыг 09 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сэг зэм устгал, ариутгал, халдваргүйтгэлтэй холбогдуулан ХХААХҮ-ийн Сайдын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот албан даалгаврын хүрээнд нийт 20 аймаг Засаг даргын захирамж гаргаж, 2 аймаг нь төлөвлөгөө гарган батлуулж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулсан. Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажил улсын хэмжээнд 2019 оны 04 дүгээр сараас 07 дугаар сарын 01-ний хугацаанд зохион байгуулагдсан.
Улсын хэмжээнд 163.7 мянган ширхэг сэг зэм устгаж, ойр орчмын 11.9 сая.мкв талбайд халдваргүйтгэлийг хийж, улсын хэмжээнд нийт 16.5 сая.мкв талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн.
Мал, амьтны эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн тухайд: Монгол улсын хэмжээнд өнөөгийн байдлаар мал сүргийн эрүүл мэндийн үзлэг 67.3 хувьтай хийгдэж байна. Нарийн тоон мэдээ дурдвал: Шүлхийн тандалтад бүх аймаг, нийслэлийн 75 сум, дүүргийн 154 багийн 975 өрхийн нийт 16,875 ийлдсийн дээж, бог малын мялзан өвчний тандалтад бүх аймаг, нийслэлийн 75 сум, дүүргийн 154 багийн 975 өрхийн нийт 7500 ийлдсийн дээж, гахайд зонхилон тохиолдох өвчнүүдийн тандалт шинжилгээг 6 аймгийн 15 сум, нийслэлийн 4 дүүргээс нийт 450 дээж, үхрийн тархи сархиагтах өвчнөөс эрүүлийг баталгаажуулах шинжилгээг Дархан-Уул, Сэлэнгэ, Улаанбаатар хотын мал нядалгааны үйлдвэрүүдэд түшиглэн хийж байна.
Мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй
Дотоодын зах зээлд махны хангамжийг сайжруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, экспортыг тогтвортой хадгалах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар 2019 оны 5, 6 дугаар сард 2 удаа хэлэлцүүлж, хуралдааны 23, 26 дугаар тус тус өгөгдсөн үүргийн биелэлтийг хангах чиглэлээр ажиллаж байна.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд нийт 20.0 мянган тн мах бэлтгэх шаардлагатай гэсэн тооцоо гаргасан. Махны бэлтгэн нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж, нөөцлөхөд 10.0 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс гаргах шаардлагатай байгаа тул 2020 оны төсвийн төсөөллийн төсөлд уг санхүүжилтийг тусгуулахаар Сангийн яаманд саналыг хүргүүлээд байна.
Орон нутгаас нийслэл хотод нийлүүлэгдэж байгаа мал, махны хэмжээнд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрч буй 14 хоногт нийслэлд нийт 17,3 мянган мал, 184,6 мянган тонн мах нийлүүлэгдлээ.
Цаашид малыг амьдаар экспортлохыг хориглон нэмүү өртөг шингэсэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, махны үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулах бодлогыг баримтлан ажиллана. Уг бодлогын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Үүнд:
- Монгол Улсад мал төхөөрөх болон дулааны аргаар мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 80 үйлдвэрт хяналт шалгалт хийж, эдгээр үйлдвэрүүд нь хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн болон технологийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах ажлыг зохион байгуулсан. Удахгүй дүгнэлт нь гарна.
- Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг шинэчилж, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг стратегийн хүнсний жагсаалтад оруулсан. Түүнчлэн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх зохицуулалтыг Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдээд байна.
- Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, түүхий мах экспортлох гэрчилгээ авах хүсэлт гаргасан нийт 28 аж ахуйн нэгжтэй "Хамтран ажиллах гэрээ” байгуулж, БНХАУ-д 4,4 мянган тонн адууны мах, 2,9 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, Иран, Вьетнам улсад 1,5 мянган тн хонь, ямааны махыг тус тус экспортлохоор, 875.2 тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр байна.
- “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж, Засгийн газрын бусад гишүүдээс санал авч байна.
“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг
эрчимжүүлнэ
Засгийн газрын 2018 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт 100 жижиг, дунд үйлдвэр байгуулах зорилт тавьж, бүх аймгийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай байгуулсан гэрээнд энэхүү зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан.
Одоогийн байдлаар “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулагдах үйлдвэрүүдээс Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд аймгуудад хэрэгжилт сайн байна. Харин Архангай, Баянхонгор, Булган, Дархан-уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгууд тус хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, эрчимжүүлэх шаардлагатай байна.
Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд төлөвлөгдсөн үйлдвэрүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул онцгой анхаарах шаардлагатай байна.
Цаашид энэхүү хөтөлбөрийн явц, хэрэгжилтийг дүгнэж, үр дүн, хэрэгжилт хангалтгүй байгаа аймгуудын Засаг дарга нар энэ тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгаа бөгөөд дэд бүтэц, газар, хүний нөөцөөр хангах зэргээр тухайн төслийг дэмжин ажиллах шаардлагатай байна.
Хонь, тэмээний ноосны урамшуулалд
158.5 тэрбум төгрөг олгожээ
Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2017 он хүртэлх хугацаанд нийт 593.7 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь, тэмээний ноосонд 158.5 тэрбум төгрөгийн урамшууллыг Монгол банкаар дамжуулан олгосон байна.
Арьс ширний урамшууллыг олгох шийдвэр гарснаас хойш буюу 2013-2017 оны хугацаанд давхардсан тоогоор 277.5 мянган малчин, мал бүхий иргэнд 47.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон
Цаашид “Мал хамгаалах сан” татан буугдсантай холбогдуулан урамшууллын асуудал хариуцах бүтцийн нэгжийн чиг үүргийг тодорхой болгох, урамшууллыг ноосны чанартай уялдуулах зэрэг асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд хэлэлцүүлэх болно.
2,752 иргэн, аж ахуйн нэгжийн 487.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, цахим системд
бүртгэлд орууллаа
Орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор 20 аймагт тус бүр 1,0 тэрбум төгрөг, Говьсүмбэр аймагт 500,0 сая төгрөгийн, нийт 20,5 тэрбум төгрөгийн санхжүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс орон нутагт шилжүүлсэн
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй олгох зээлийн төслийг хүлээн авах ажиллагааг олон нийтэд ил тод болгож, 21 аймаг, Улаанбаатар хотын 3 цэг дээр 05 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд Монгол орон даяар зохион байгуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бүх талын зөвлөгөө дэмжлэгийг тухай бүрт үзүүлж ажилласнаар нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгжийн 487.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, цахим системд бүртгэлд оруулсан.Зээлд хамрагдах хүсэлт ирүүлсэн 1323 иргэн, 1429 аж ахуй нэгжээс орон нутгийн харьяалалтай 828 иргэн 513 аж ахуй нэгж 105.9 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлжээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсвийн хэмжээ өмнөх жилүүдээс.2 дахин буурсан ч иргэн, аж ахуйн нэгжийн ирүүлсэн зээлийн хүсэлт 1.8 дахин нэмэгдсэн ба зээлийн хүсэлтийн дүнг батлагдсан төсөвтэй харьцуулахад 10.3 дахин их буюу 440.2 тэрбум төгрөгийн илүүдэл эрэлт бий болсон байгаа нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр, бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бодлогоор дэмжихэд ихээхэн хөрөнгө шаардлагатай, мөн өрсөлдөөн ихтэй байгааг харуулж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох арилжааны банкийг сонгон шалгаруулах, тэдгээртэй зээлийн хүүг бууруулах чиглэлээр хэлэлцээр хийсний дүнд Хаан банк 5,4 хувь, Хас банк 5,6 хувь, Төрийн банк 5,8 хувийн хүүтэйгээр дамжуулан олгохоор гэрээ байгуулж, урьд жилүүдэд арилжааны банкаар дамжуулан олгож буй зээлийн хүүгийн доод хэмжээ 7 хувь байсныг 1,6-1,8 хувиар буурууллаа.
Иймд 21 аймгийн дэд хороогоор хэлэлцүүлэн батлагдсан төслүүдийг эдгээр арилжааны банкууд руу хүргүүлэх арга хэмжээг орон нутагт яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлттэй зээлийн сонгон шалгаруулалт, олголтын явцын талаарх тайлан мэдээг Баян-Өлгий, Ховд, Төв, Дорнод аймгууд цаг хугацаандаа ирүүлээгүй, хойрго байна.
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-д орон нутгийн хөрөнгө оруулалтаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зохицуулалтыг шинээр оруулсан. Энэ зохицуулалтын хүрээнд Өмнөговь аймаг 3,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Бусад аймаг энэхүү жишээний дагуу орон нутгийн хөрөнгө оруулалтыг татаж, ирэх жилийн төсөвт тусган, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байна.
Сум хөгжүүлэх сангийн нөхцөл байдал:
Засгийн газрын 2019 оны 18 дугаар тэмдэглэлийг үндэслэн 21 аймаг, 330 суманд “Сум хөгжүүлэх сан”-гийн улсын үзлэгийн ажлыг зохион байгууллаа.
Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр улсын төсвөөс 87,6 тэрбум төгрөг буюу 86 хувь, Гадаадын зээл тусламж, хандиваас 1,2 тэрбум төгрөг буюу 1.1 хувь, зээлийн хүү, алдангийн орлогоос 13,2 сая төгрөгөөс тус тус бүрдэж байна.
Үзлэгийн үнэлгээгээр 330 сумын үйл ажиллагааны дундаж 67,9 хувь, үндсэн зээлийн эргэлт улсын дунджаар 2,4 хувьтай байна. Тус сангаас 2011-2018 оны хооронд улсын хэмжээнд нийт 206,4 тэрбум төгрөгийн зарлага гарсан ба үүнээс зээлэнд 202, 2 тэрбум төгрөг, хяналтын үйл ажиллагаанд 1,7 тэрбум төгрөг, сургалтын үйл ажиллагаанд 1,3 тэрбум төгрөг, зориулалтын бус арга хэмжээнд 1,3 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хийжээ.
2011-2016 оны хооронд олгосон зээлийн 27,3 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байгаа бол 2016-2019 оны хооронд 6,0 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бий болсон байна.
2018 оны жилийн эцсийн өссөн дүнгээр 202,2 тэрбум төгрөгийн зээлийг 37,7 мянган иргэн, аж ахуйн нэгжид олгож, үр дүнд нь 20,4 мянган ажлын байр хадгалагдаж, 34,8 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд байгаа ч 18,7 мянган зээлдэгчээс 78,6 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүнээс:
- зээлийн эргэн төлөлт хэвийн 7,837 зээлдэгчийн 30,7 тэрбум төгрөг,
- хугацаа хэтэрсэн-3952 зээлдэгчийн 8,4 тэрбум төгрөг
- нийт чанаргүй зээл-6224 зээлдэгчийн 33,3 тэрбум төгрөгт хүрээд байна.
Шүүхийн шатанд 3071 иргэн, аж ахуйн нэгжийн 13,4 тэрбум төгрөгийн асуудал, шүүхийн шийдвэр гарсан 1991 иргэн, аж ахуйн нэгжийн 10,2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
“Сум хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаанд явуулсан улсын үзлэгийн үр дүнгээр дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн. Үүнд
- Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа тогтмол бус, хяналтын үйл ажиллагааны зардлыг зориулалтын бусаар зарцуулдаг.
- Санхүүгийн анхан шатны бүрдүүлэлт дутуу, захирамж, зээлийн гэрээ, барьцаа хөрөнгөгүй олгосон зэргээс шалтгаалж чанаргүй зээлийн хэмжээ өндөр байна. Ялангуяа 2016 оноос өмнө олгосон зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ маш өндөр байна.
- Сум хөгжүүлэх сан хариуцан ажиллаж буй ажилтан давхар олон ажил гүйцэтгэх, тогтвор суурьшилгүй ажиллах зэргээс шалтгаалан сангийн үйл ажиллагаа доголдох, залгамж чанар сул байна.
- Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал тухайн жил хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлээ батладаггүй, зарим аймаг, сум баталсан хэдий ч тэргүүлэх чиглэлийг баримталдаггүй.
- Сум хөгжүүлэх сан хариуцан ажиллаж буй аймаг, сумын мэргэжилтний мэдлэг, ур чадвар сул байна.
- Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн даргаар улс төрийн албан тушаалтан буюу тухайн сумын Засаг дарга байгаагаас шалтгаалан олон жижиг зээл олгож байгаа нь зээлийн үр дүнг бууруулж байна" гэв.