Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Өлтийн даваа хэмээх газар.
Дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн хөрсийг хайр найргүй онги татсан том машины дугуйны мөрийг хараад Г.Чагнаадорж хэмээх эрхэм уулга алдан замын туршид шогшров. Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Орхон баг оров уу, үгүй юү элэг, бөөр энд тэнд гартал сэгсчих хар шороон зам хэд хэдээрээ бий болжээ. “Хөрс сэндийчиж, явахын аргагүй болсон нь алтны компаниудын эздийн хийсэн хэрэг. Байгаль эх, газар шороогоо хайрладаггүй хар мөртэй хүмүүс” гэх үгс түүний амнаас даваа, гүвээ давах болгонд өөрийн эрхгүй урсана. Тэрбээр Архангай аймгийн уугуул бөгөөд “Ариун суварга” төрийн бус байгууллагын тэргүүн. Унасан газар, угаасан усаа хамгаалахаар, бас алтны төлөө амиа өгөхөөс буцахгүй эрх мэдэлтнүүдийн хийсэн балгийг олон нийтэд дэлгэхээр хэдэн сэтгүүлчийн хамт хангай нутгийг зорьж яваа нь энэ.
Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Өлтийн даваа хэмээх газар жимс, жимсгэнээр баялаг. Зам дагуу сагсайн ургадаг улаалзгана энэ жил өмнөхөөс арай ховор ажиглагдах болжээ. Хамгийн ноцтой нь, Орхон гол ус биш алт угаасан угаадсаар урсах болсон тухай дээрх эрхэм хуучилсан юм.
Орхон багийн нутаг дахь Өлтийн даваа өнгөрөнгүүт сэндийчсэн талбай сааралтан харагдав. Ногоон зүлэг бус, өгөр саарал шороон талбай биднийг угтлаа. Үндсэн орд газрыг Богино Улаанчулуут гэж нэрлэдэг бөгөөд 30 гаруй км зайд алтны 20 гаруй жижиг компани үйл ажиллагаа явуулж байна. Ихэнх нь 1-2 угаагч машинтай. Хөрсний ус гаргаж түүнийгээ тойруулан шороо овоолон далан байгуулжээ. Алт олборлогчдын ухсан газар Шийртийн хойд салаа хүртэл 1000 гаруй га талбайг хамардаг юм байна. Тус салаанд долоон жилийн өмнө алт олборлосон ч нөхөн сэргээлт хийгээгүй орхижээ. Үүссэн ангал дотор хаа нэг шарилж ургасан нь байгаль эх аврал эрсний дохио гэлтэй. “Алтыг нь авч болсон юм хойно амийг нь аварч болмоор сон. Уг нь ч ядах зүйлгүй” хэмээн Г.Чагнаадорж өгүүлсэн. Шороог нь түрээд газрыг нь тэгшилчихсэн бол тэнд ядаж л мал унах, шуурга зудаар осолдох эрсдэлгүй болох аж.
Алт олборлодог компаниудын байгуулсан далан
Өлтийн давааны цаана уурхайн кэмпүүдийг ярайтал байгуулжээ. Дотор нь орж үзвэл удаан үйл ажиллагаа явуулж буй хүмүүс болов уу гэмээр тохилог суудаг юм байна. Бага насны хүүхэд ч олон. Алтны компанийнхан нэг га талбайгаас өдөрт багадаа 400 грамм, ихдээ хоёр кг алт олборлодог гэнэ. Нэг граммыг нь 70 000 төгрөгөөр борлуулдаг аж. Уурхайн үйл ажиллагаа 5-11 дүгээр сарын хооронд үргэлжилдэг. Олборлогчид өдөрт дунджаар нэг кг алт олборлодог гэж тооцвол хагас жилд багадаа 12 тэрбум 600 сая төгрөг олдог байх нь. Харин биологийн нөхөн сэргээлт хийхэд нэг га талбайд 190-750 ам.доллар зарцуулдаг гэж Уул уурхайн яамнаас гаргасан Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал номд бичжээ. Ганц га газрыг нөхөн сэргээхэд олсон ашгийнхаа нэг хүрэхгүй хувийг зарцуулахад л хангалттай аж. Гэвч тэнд нөхөн сэргээлт хийх нь битгий хэл, байгуулсан далангаа ч шороогоор булдаггүй юм байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын даланд нь хүн унаж нас барсан тохиолдол 1999 оноос хойш 7-8 удаа гарчээ. Одоогоор тэнд олборлолт хийх, ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй 20 гаруй компанийнхан хэнээс ч үл хараат үйл ажиллагаа явуулж байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гэх “Монгол газар”, “Алтай гоулд”, “Бат бродерс”, БНМС, “Эм жэй эйч” зэрэг найман компани бий. Тэдний хоёр нь л 70-80 га талбайд нөхөн сэргээлт хийсэн гэнэ.
Далан сэтэрч Орхон голын эхэд шар ус цутгасан байдал. Энэ оны өнгөрсөн долдугаар сарын 23-24-ны байдлаар
Биднийг зураг авч, нөхцөл байдалтай танилцахад уурхайн ажилчид тоосон ч шинжгүй ажиллаж байв. Тэднээс зарим зүйлийг тодруулах гэсэн ч “Бид үүрэг авсан ажилчид юу ч мэдэхгүй. Хариуцсан хүн нь байхгүй” зэргээр халгаасангүй. Тэд Монгол Улсын хуулиар бүрдүүлэх ёстой 26 төрлийн бичиг баримтаас нэгийг ч авчраагүй, наад зах нь олборлолт явуулах гэж буй компанийн нэн тэргүүнд хийлгэх ёстой суурь бичиг баримт болох ТЭЗҮ, ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд авсан Эрдэс баялгийн зөвлөлийн протокол ч үгүй мөртлөө хэнээс ч айхгүй үйл ажиллагаа явуулж байна. Нутгийн иргэдийн зарим нь малаа бэлчээх газаргүйн эрхэнд тэднийг бараадан таван малынхаа буянаар гол залгуулж явахад нэг хэсэг нь олборлогчдын толгойг илж “Зайлуул их ашиг олдоггүй юм шиг байна лээ. Адилхан л амьдрах гэж яваа улс” зэргээр өмөөрөх янзтай байв. Харин Цэнхэр сумын Орхон багийн иргэн Ц.Болд “Бороо хур ихтэй үед хэдэн малаа голын усаар ундаалж байна. Зарим иргэн 4-5 км холоос ундны усаа зөөдөг боллоо. Унаа, тэрэг, сав суулга муутайхан айл бол шавартай усаа тунгаагаад хоол, хүнсэндээ хэрэглэдэг.
Цэнхэр сумын нутаг Өлтийн давааны эхэд нөхөн сэргээлт хийлгүй орхисон газар
МУИС-ийн багш нар Германы эрдэмтэдтэй хамтран уурхайчдын нөхөн сэргээсэн гэж ярьдаг алга дарам газруудын хөрсөнд өнгөрсөн хавар шинжилгээ, судалгаа хийсэн. Судалгаагаар тухайн бүс нутагт ургамал, өвс ургах ямар ч боломжгүй гэдэг хариу гарсан гэнэ лээ. Малын бэлчээр улам хомсодсоор байна. Нөхөн сэргээсэн гэх газартаа хайрга, өнгөн хөрс, гадаргын улаан шороогоор бүрхээд орхисон. Тийм газарт яаж өвс ургах билээ. Уг нь хар шороо ашиглаж нөхөн сэргээх ёстой. Гэтэл энэ хавьд хар шороотой, эрүүл хөрс үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Энэ бүхэнд Цэнхэр сум, Архангай аймгийн үе үеийн удирдлага буруутай. Цэнхэр сумын байгаль орчны байцаагч Эрдэнэдалай гэдэг хүн 30 гаруй жил ажиллаж байгаа ч алтны компаниудын эздэд огт хариуцлага тооцдоггүй. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан 2016 оноос хойш нэг ч удаа энд ирээгүй. Сумын Засаг дарга ирдэг ч “Бид юу ч мэдэхгүй, дээд шатны байгууллага зөвшөөрлийг нь олгосон” гэдэг. Сумын Засаг даргын тусгай дансанд 100 сая төгрөг байсан ч аймгийн Засаг дарга өөр дансанд байрлуулахаар авсан гэнэ лээ” хэмээв.
Тэнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд саяхныг хүртэл алтаа гол дотор угаадаг байсан гэнэ. БОАЖ-ын тухайн үеийн сайд Д.Оюунхорол Цэнхэр сумд 2017 онд очиж, зөвшөөрөлгүй компаниудын үйл ажиллагаатай танилцсан ч сэндийчсэн газрыг нөхөн сэргээхэд анхаарал хандуулаагүйг нутгийн иргэд хэлсэн. Сайд алт угаасан усаа хийх далан байгуулахыг олборлогчдод үүрэгдээд буцжээ. Далан байгуулсан ч хэдхэн хоногийн дараа орсон усархаг борооны улмаас өнөөх нь сэтэрч Орхон голд нийлсэн аж. Одоо бүх компаниуд хөрснөөс ус гарган авч түүндээ алтаа угааж байна. Бороо орох бүрт далан сэтрэхгүй ч энд, тэндээсээ байнга л шүүрдэг аж. Тэр нь Орхон голд нийлж, түүнээс нь мал гэлтгүй хүмүүс ч ундаалдаг тул эрүүл мэндээрээ хохирч болзошгүй нь. Голын усны бохирдлын түвшнийг хэмжсэн судалгаа ч байхгүй гэнэ. Орхон голын эх бол дэлхийн усны хагалбар газар. Түүнийг тэжээдэг есөн гол байдгаас тав нь (Будант, Шийрт, Өлзий, Тээл, Гүүтийн, Өлтийн гол) ширгэжээ. “Энд гол, горхи урсдаг байсан юм шүү дээ” гэж хэлэх л дүр зураг Цэнхэр сумд олон.
Орхон багт 1200 гаруй хүн оршин суудгаас 20-30 хувь нь Өлтийн даваанд буюу олборлогчидтой “хил залгаа” нутаглаж байна. Хариуцсан бүс нутагт нь хэн, юу хийж байгааг шалгах эрх, үүрэгтэй байгаль хамгаалагч З.Отгонбаяр гурван жил мэргэжлээрээ ажиллаж буй аж. Тэрбээр “Аймгийн Усны сав газрын захиргаа руу долоо хоног бүр Орхон голоос дээж авч явуулдаг. Хариу нь гайгүй гардаг юм шиг байна лээ. Би шинжилгээ авах ёстой газруудыг л зааж өгдөг. Нутгийн иргэдээс гомдол бараг ирдэггүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч гэж хүн өнгөрсөн зургадугаар сард ирж үйл ажиллагаа явуулж байгаа компанийн удирдлагуудтай уулзсан юм. Бичиг баримтыг нь шалгаад асуудалгүй гэж хэлээд буцсан. Надад тэдний үйл ажиллагааг зогсоох эрх байхгүй учраас харьцахад хүндрэлтэй. Шаардлага хүлээж авахгүй байх нь ч бий. Шаардлага биелүүлээгүй тохиолдолд аймаг руу л мэдэгдэнэ” гэв. Тэрбээр сарын 350 000 төгрөгийн цалин авдаг бөгөөд мотоциклтой явахад хүндрэлтэй учраас долоо хоногт 2-3 удаа эргүүл хийж, далан шуудуу шүүрсэн, эсэхийг хянадаг аж.
Орхон багийн Засаг дарга Ч.Бармидад ч хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тэмцэх эрх мэдэлгүй. Багийн дарга гэдэг нэрээрээ л санал хүсэлт, зөвлөмж өгөхөөс хэтрэхгүй. Дээд шатны байгууллагуудад янз бүрийн бичиг цаас өгч бодит байдлыг мэдээлдэг аж. Бас нэг тэмцлийн хэлбэр нь нутгийн иргэдийг цуглуулж эсэргүүцлээ илэрхийлэх. Нутгийн иргэд 4-5 хоног жагсаал, цуглаан хийж байгаад сүүлдээ цөхрөөд явчихдаг гэнэ. 2014 оноос хойш олон ч удаа жагссан бөгөөд дээд шатны байгууллагынхан огт тоодоггүй тул хаданд хашхирсантай агаар нэг. Тэгж байтал ганц, хоёр компанийн бичиг баримт нь бүрдээд зөвшөөрөл нь гарчихдаг гэж багийн дарга ярьсан.
Өлтийн даваанд олон айл нэг дор бууснаас бэлчээрийн даац хэтэрчээ. Өвөл идэх бэлчээрээ зуны дэлгэр цагт дуусгаж байгаа гэсэн үг. Мал шар ус ууж байгаа нь тарга хүч муу авахаас эхлээд дам нөлөө их бий. Хар ухаанаар бодоход л ямар олиг байх билээ.
Нэн түрүүн авах шаардлагатай зүйлсийн нэг нь нөхөн сэргээлт хийх гэж багийн Засаг дарга хэлсэн. Алтны компаниуд БОАЖЯ-нд өгдөг уулын ажлын төлөвлөгөөндөө жилд нөхөн сэргээх газрынхаа хэмжээг батлуулдаг. Түүндээ нөхөн сэргээх газрынхаа хэмжээг их бага оруулдаг аж. Өөрөөр хэлбэл, 300 га талбайд олборлолт явуулж байгаа компани жилд 3-4 га газар нөхөн сэргээнэ гэж ажлын төлөвлөгөөндөө тусгадаг юм байна. Тэднийг нөхөн сэргээлтээ хийсэн, эсэхийг хянадаг газар Архангай аймагт 1999 оноос хойш өдийг хүртэл алга.