Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийн аяныг энэ сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Захиргааны албаны дарга Б.Амгаланбаяраас аяны хүрээнд юу хийх, байгалийн голомтот тарваган тахлын байдлын талаар тодрууллаа.
-Тарваган тахлын идэвхжил манай оронд энэ жил хэр байна вэ. Ямар ямар аймагт тахлын голомт идэвхжих магадлалтай байгаа бол?
-Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Голомтот нутагт тахлын эпизот нь дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрдэг. Сүүлийн жилүүдэд тахлын голомт нэлээд идэвхтэй байгаа нь баруун аймаг, тэр дундаа Баян-Өлгийд ажиглагдлаа. Сүүлд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомт орчимд хулгана, хархны дунд тарваган тахал үүсгэгч шинээр илэрсэн.
-Голомтгүй бүс нутагт тахал тархсан мэдээлэл гарч байсан, юунаас болов?
-Худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарваганы эд, эрхтнийг хэрэглэснээс болдог. Орхон аймаг тарваган тахлын голомтын бүсэд багтдаггүй ч дам халдвар тархах магадлал өндөр. Иймээс орон нутагт тээвэр хийж байгаа жолооч нар дайвар ачаа авахдаа болгоомжтой байж, халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэй. Учир нь өнгөрсөн онд Орхон аймагт тарваганы мах авч явсан гурван удаагийн зөрчил илэрч, зохих арга хэмжээ авсан.
-Иргэд буруу ойлголттой нь анзаарагддаг, тахлын халдвар яаж тархдаг вэ?
-Тарвага агнаж идэх явцад л халдвар авна гэж боддог. Уг тахлыг үүсгэгч нян мэрэгчдэд байдаг. Мэрэгчдийн бөөс, бүүргэнд хазуулах, харьцсан тохиолдолд халдвар авах боломжтой. Ялангуяа бүүрэг үсэрдэг учраас зарим хүн энэ шимэгчээр дамжуулж халдварлах нь бий. Мөн тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдварладаг. Иргэдэд сануулж хэлэхэд таны буруу үйлдэл өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулан, цаашлаад нийгэмд хор хөнөөл учруулна гэдгийг байнга анхаарч явах хэрэгтэй. Тарваган тахлын өвчлөлийн сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд бид нэг тохиолдлыг эмчилж, хариу арга хэмжээ аван бусдад халдаахгүйгээр хязгаарласан. Нэг тохиолдлыг эмчилж, хариу арга хэмжээ авахад 50-60 сая орчим төгрөгийн зардал гардаг. Нийгэмд, бусдад хохирол учруулж байгаа нь хамгийн харамсалтай.
-Тарваган тахал өвчний эсрэг вакцинжуулалтын аяныг энэ сарын 1-нээс эхлүүлсэн, иргэд хаана хандан хамрагдах вэ?
-Вакцин гэдэг бол тухайн өвчин үүсгэгчийг эсэргүүцэх өвөрмөц урьдчилсан сэргийлэх арга юм. Өвчнийг үүсгэж байгаа нянгийн эсрэг бэлдмэл гэсэн үг.
Байгалийн голомттой орны хувьд дархлаажуулалтыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай байдаг. Голомтот нутагт амьдарч буй иргэд, ой хамгаалагчид, геологийхон, онцгой байдлынхан, тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад гэх мэт эрсдэлт бүлгийнхэн хамрагдана. Бид 2020 он хүртэл 32 000 тун вакцин хийхээр төлөвлөөд энэ сарын 1-10-ны хооронд зохион байгуулж байна. Аян эхэлж байхад зарим иргэн “Наадмаар тарваганы мах иднэ, надад тахлын вакцин хийх үү” гэж асуусан. Эндээс ямар хариуцлагагүй нь харагдаж байгаа юм. Толгой дараалан вакцинжуулах юм бол тарваганы мах идэх дуртай хүн болгон хийлгэнэ шүү дээ. Өмнөх жилийн тарваган тахлын байгалийн голомтын судалгааны үр дүнд тулгуурлан тухайн голомтот нутагт хээрийн судалгаа явуулдаг хүмүүст зориулж дархлаажуулалт хийж байгаа.
-Тарваган тахал өвчний шинж тэмдэг ямар хэлбэрээр илэрч болох вэ?
-Халдвар авсан хүн өндөр халуурч, биеийн аль нэг хэсгийн булчирхай цочдог. Тийм тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Аль болох хурдан эмнэлэгт хандаж, оношилгоо, шинжилгээ хийлгээд эмчлүүлсэн тохиолдолд эдгэрнэ. Үгүй бол даамжрах аюултай.
-Тарваганы эрхтэн залгих нь хүний биед сайн гэдгийг шинжлэх ухаан нотолсон уу?
-Иргэд буруу ойлголтоосоо салах хэрэгтэй. Энэ онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр тарваганы түүхий эд, эрхтэн залгилснаас болж халдвар авч хоёулаа нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Амнаас ам дамжин ярьсаар ирсэн тарваганы цөс, дэлүү өвчин илааршуулдаг гэх ойлголтоос үүдэлтэй. Тарваганы түүхий элэг, бөөр залгих нь хүний биед сайн гэдгийг шинжлэх ухаан батлаагүй. Тиймээс иргэдийг зэрлэг ан амьтны эрхтнийг түүхийгээр нь залгих, цус уух зэрэг өндөр эрсдэлтэй зүйлийг мухар сүсэгт итгэн хэрэглэж өөрийнхөө амь насаар дэнчин тавьж, бусдын эрүүл мэндийг хохироохгүй байхыг сануулъя.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан