Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төвийн хажууханд уурхайн кэмп байгуулж, орон нутгийн тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлоно хэмээн бужигнуулсан компани, тэдний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн эргэн тойрон дахь ээдрээ, эргэлзээтэй үйл явдлын талаар бид цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа. Мэдээлэл цуглуулж, тусгай зөвшөөрлийн “туулсан” урт замаар мөшгөх тусам эргэлзээтэй, сэжиг, хар төрүүлэм дүр зураг тодорч буй талаар тухай бүрт нь мэдээлсэн билээ.
Хамарын хийд орчмын газрыг луйварчдад үлдээх, эсэхийг шийдэх шүүх хурал нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирэх даваа гарагт товлогджээ. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг бүрдүүлсэн учраас 2009 онд цуцлагдсан Хамарын хийд орчмын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 онд сэргээсэн нь хууль бус хэмээн үзэж, Хамарын хийдийн ловон лам С.Борхүү нэхэмжлэл гаргасан байна. Тэрбээр нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, хэрэг шийдвэрлэх үед шүүх болон хэргийн оролцогчдод мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсны улмаас шүүхийн шийдвэр гарахад үнэлэгдээгүй, нөлөөлөхүйц нотлох баримт илэрсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр зайлшгүй оролцох ёстой “Хамарын хийд” шашны байгууллагыг оролцуулаагүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Хамарын хийд орчмыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал холбогдох яам, агентлагт яригдаж, судалгааны ажил нь эхэлсэн. Гэхдээ тусгай зөвшөөрөл хүчинтэй үед газрыг хамгаалалтад авбал лиценз эзэмшигчдэд нөхөн олговор олгох, өөр орд газар дүйцүүлэн өгөх хуулийн заалт бий. Чухам энэ заалтыг ашиглан хонжоо олох, тэндхийн газрыг ухахаас илүүтэй нөөц сайтай өөр ордоор солих, илүү олон газарт тусгай зөвшөөрөл авах санаархал Хамарын хийд орчмын газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хүмүүст байна хэмээн хардахуйц дүр зураг тодроод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ловон лам С.Борхүү ч ийм зүйл болж мэдэхээр байгаатай санал нийлж, “Хэсэг бүлэг зальт этгээдийн ашиг хонжоо олох хэрэгсэл нь Хамарын хийд болох ёсгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр газар нутгаа хамгаалахын зэрэгцээ шударга бус явдлыг таслан зогсоохын тулд шүүхэд хандаж, Хамарын хийд орчмын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн 2017 оны есдүгээр сарын 18-ны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлдээ шаарджээ.
Түүний нэхэмжлэлийн шаардлагыг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хангаж, 2017 оны есдүгээр сарын 18-ны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болговол Хамарын хийд орчмын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болно. Ингэвэл уг тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын иргэнээс шилжүүлж авахдаа 120 сая төгрөг төлсөн хэмээн татварын албанд мэдүүлсэн атлаа одоо улсаас олон зуун тэрбум төгрөг, хэд хэдэн орд газар нэхэхээр цүнх, саваа бэлдэж суугаа, лиценз угаах хэмээх нэршил бий болгон, шинэ бизнес цэцэглүүлж яваа хүмүүсийн хоншоорыг таслах юм. Өөрөөр хэлбэл, хүчингүй болоод арваад жил болсон, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад хууль зөрчин хэргийг хэлэлцэж, тусгай зөвшөөрлийг сэргээсэн, лицензийг хоёр компанийн нэр дээр хуваан шилжүүлсэн гэхчилэнгээр лиценз угаах бэлтгэлээ бүрэн хангаад буй компаниудад улс нөхөн төлбөр олгох, газар дүйцүүлж өгөх үүрэг хүлээхгүй болно.
Харин 2009 онд цуцлагдсан тусгай зөвшөөрлийг 2017 онд сэргээсэн нь ямар нэг хууль зөрчөөгүй байна гэж үзэн, 2017 оны есдүгээр сарын 18-ны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээвэл түүх, соёлын дурсгалтай, монголчуудын сүсэглэж биширдэг, аялал жуулчлалын томоохон төв болон хөгжиж буй Хамарын хийд орчмын газар нэр бүхий УИХ-ын гишүүдийн хар саварт, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгөө үлдэнэ. Ингэвэл уг газрыг улсын тусгай хамгаалалтад авч, энд лиценд эзэмшиж буй хоёр компанид нөхөн олговор, орд газрыг нэхсэн тоогоор нь өгөх болно. Үүнийг бид луйвар хэмээн тодорхойлж, таслан зогсоохын төлөө нийтлэлээрээ тэмцэж буй билээ. Ингэж тодорхойлоход хүргэсэн баримтуудыг өмнөх сурвалжилгууддаа хангалттай дурдаж, тайлбарласныг уншигчид санаж буй биз ээ.
“Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийн туулсан замаар мөшгөхөд нарийн зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байх шиг мэдрэмж төрдөг. Хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2009 онд цуцалсан тусгай зөвшөөрлийг арваад жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хойно шүүхээр сэргээлгэнэ гэдэг хэрийн хүний хийх ажил биш. Ингэхдээ тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болон бусад олон нөхцөл байдлыг үл хэрэгсэн, улайм цайм хууль ёсыг уландаа гишгэсэн.
Ингэж сэргээлгэсэн тусгай зөвшөөрлөө хоёр хувааж, хоёр компанийн нэр дээр болгосон. Одоо Хамарын хийд орчмыг улсын тусгай хамгаалалтад авбал улсаас хоёр компани хохирол нэхнэ. Тэд Тост, Тосон бумбын нуруу, Булган аймгийн Тэшигийн жишгээр тусгай зөвшөөрөл дүйцүүлж авах сонирхлоо ил, далд илэрхийлсээр байгаа. Хүслээр нь болбол 2006 онд олгогдож, ямар нэг хайгуул хийлгүй байсаар 2009 онд хүчингүй болсон, хайхрах эзэнгүй арваад жил хаягдсаны дараа гэнэт шидийг олон “амь орж”, өнгөрсөн онд 120 сая төгрөгөөр үнэлэгдэн зарагдсан Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөл өөр газарт дөрвөөс илүү тусгай зөвшөөрөл болон хувирна.
Ийм луйврыг өөгшүүлж дэмжилгүй, тэдний эртнээс төлөвлөж, зохион байгуулалттайгаар хийж буй луйврыг таслан зогсоож, хонь бүрэн, чоно цатгалан үлдэх гарц нь шүүхээс 2017 оны шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоох юм. “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон АМГ-ын 2009 оны шийдвэр хууль ёсных, цуцалсан нь зөв, сэргээх боломжгүй” гэсэн шийдвэрийг бүх шатны шүүх (Улсын дээд шүүх хүртэл) гаргачихаад байхад яг адил нөхцөлтэй Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийг 2017 онд холбогдох хууль журам зөрчин байж сэргээсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ёстой” гэж бид өмнө нь бичиж байсан билээ.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан Хамарын хийдийнхний нэхэмжлэл энэ луйврыг таслан зогсоох ганц найдлага болоод буй юм. Тэд нэхэмжлэлдээ “Оуяашиёоу” ХХК-иас гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын (хуучин нэрээр) 2009 оны наймдугаар сарын 3-ны 516 дугаар шийдвэр (Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр “Оуяашиёоу” ХХК-ийн 12923А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон) хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны есдүгээр сарын 18-нд шийдвэрлэсэн байдаг. Хариуцагч АМГТГ давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Ингэхдээ Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Нэхэмжлэгч “Оуяашиёоу” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 12923А тоот тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан мэдэгдэл өгөөгүй, хуульд заасан цуцлах үндэслэл бүрдээгүй байхад цуцалсан” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Энэхүү шийдвэрийн бодит үр дагавар нь АМГТГ-ын Кадастрын хэлтсээс 2017 оны долдугаар сарын 19-ний 404 дүгээр шийдвэрээр 2009 оны 516 дугаар шийдвэрээ хүчингүй болгож, “Оуяашиёоу” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн, цаашлаад тус компани нь уг сэргээсэн шийдвэрийг барин өөр хоёр хуулийн этгээд “Даблью эс жи эл” ХХК-д 25262.44 га, “Олон ихт баян” ХХК-д 8961.23 га талбайг 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны 907 дугаар шийдвэрээр шилжүүлсэн. Эдгээр компани нь олборлолт явуулахаар илт хууль зөрчин, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, Хамарын хийд орчмын газрыг ухаж сэндийлэх, түүх, соёлын дахин давтагдашгүй өв, байгалийн цогцолборт газар, бий болгосон бүтээн байгуулалтыг сүйтгэх, Хамарын хийдийн үйл ажиллагаанд нөлөөлөх бодит эрсдэл, нөхцөл бий болгоод байна” гэжээ.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй татагдан оролцох ёстой гуравдагч этгээд болох “Хамарын хийд” шашны байгууллагыг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж Хамарын хийдийнхэн үзэж буй аж.
Мөн “Хамарын хийд” шашны байгууллагын үйл ажиллагааг дэмжих, түүх, соёлын өв уламжлалыг хамгаалах зорилгоор аймгийн ИТХ-ын 2010 оны долдугаар сарын 16-ны 5/04 дүгээр тогтоолоор Хамарын хийд, түүний орчим дахь газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, Ашигт малтмалын газарт бүртгүүлсэн, мөн 2014 оны долдугаар сарын 30-ны 5/03 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан хугацааг сунгаж, газрын хэмжээг нэмэгдүүлэн, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгүүлсэн. Энэ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад илт хууль зөрчин, компанийн ашигт малтмал ашиглах эрхийг сэргээсэн, Хамарын хийдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байхад гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь шүүхийн өмнө эрх тэгш байх, тайлбар, нотлох баримтаа гаргах, мэтгэлцэх, эрхээ хамгаалах хуулийн боломжийг үгүйсгэсэн” гэж нэхэмжлэлдээ дурджээ.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд нотлох баримтыг цуглуулах үүргийг шүүх гүйцэтгэхээр хуульчилсан байхад энэ үүргээ биелүүлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг авч хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрхийг сэргээснээс үүдэх үр дагавар нь хууль зөрчихгүй байх ёстой атал илт хууль зөрчиж, тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмал олборлох, энэ түүх дурсгал, соёлын өвийг хамгаалж буй шашны байгууллагын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг зогсоохуйц нөлөө үзүүлэхээр байна.
Шүүх энэ шийдвэрийг гаргахдаа зайлшгүй шалгаж тогтоох ёстой байсан нотлох баримтуудад ач холбогдол өгөөгүй. Тухайлбал, тухайн байгууллага өөрсдийнх нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2009 оны шийдвэрийг 2017 он хүртэл мэдээгүй явсан гэсэн агуулгаар, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно нэхэмжлэл гаргасан байхад үүнийг өмнө нь мэдэж байсныг нотлох нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 172 дугаар шийдвэр, 199 дүгээр магадлал, 135 дугаар тогтоол, газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан аймгийн ИТХ-ын 2010 оны долдугаар сарын 16-ны 5/04, 2014 оны долдугаар сарын 30-ны 5/03 дугаар тогтоол, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй байгааг нотолсон зураг зэрэг чухал ач холбогдол бүхий баримтууд хэрэгт авагдаагүй байгааг ч эргэж нягтлах хэрэгтэй гэж үзжээ.
Сүслэн дээдэлдэг газар луугаа гар дүрсэн, Хамарын хийдийг өгөөш болгон ашиглаж буй уг хэргийн ард ханаж цаддаггүй шуналтай, хар бараан бүхэнд нэр нь орооцолдож явдаг УИХ-ын хоёр гишүүн бий гэж эх сурвалжууд мэдээлж буй. Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөний өмнө шүүгч хэрхэн “сохордог”-ийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шийдвэр харуулсан бол энэ удаагийн шүүх хурлаас Монголын шүүх хэрхэн шинэчлэгдсэнийг харна гэсэн итгэлтэйгээр даваа гаргийг хүлээж байна.