ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Газрын нөөц, газар ашиглалтын салбарын эрхлэгч, доктор Я.Баасандоржтой тариалангийн газрыг хэрхэн зүй зохистой ашиглах талаар ярилцлаа.
-Монгол оронд газар тариалан яг хэдий үеэс үүссэн гэж үздэг юм бол. XX зуунд манай оронд газар тариалангийн бодлогод шинэ эргэлт гарсан гэж үзэж болох уу?
-Тариалангийн зориулалтаар газрыг эртнээс ашиглаж эхэлсэн ч байгаль, уур амьсгалын нөхцөл, нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлдгээс шалтгаалж үйлдвэрлэлийн хэмжээний, өргөн далайцтай хөгжүүлж чадаагүй. Гэхдээ газар тариалан, загасны аж ахуй, гар урлал хөгжүүлэхээр тухайн цаг үед анхаарч байсныг түүхчид тогтоосон. Тухайлбал, Монгол нутагт газар тариалан неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед орон нутгийн шинжтэй үүссэн бөгөөд Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Туул зэрэг томоохон голын хөндийгөөс чулууг дугуй хэлбэртэй засаж, голд нь нүх гаргасан тээрэм, царил, хүндрүүлэгч чулуун ачаа, зээтүү зэрэг газар тариалангийн багаж хэрэгсэл олддог. Төв Азид Хүннү хэмээх нүүдэлчдийн хүчирхэг эзэнт гүрэн үүсэж, тэдний хүнс хоол нь газар тариалан байсан тухай өгүүлэхдээ “Хүйтэн, сэрүүн, чийг багатай газарт муугүй ургадаг Монгол амуу тариа байсан ч ургуулсан будаагаа царцаа, хорхойд идүүлчихдэг” гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр монголчууд маш эрт үеэс газар тариалан эрхэлжээ гэж үзэж болох юм. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар анхаарсан үе бол XX зууны эхэн буюу Богд хаант засаг мандсан он жилүүд. Богд хаан 1914 онд газар тариаланг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр өөрийн сангаас тусгайлан хөрөнгө гаргаж, зарим хошуу нутагт тариа тарих тухай зарлиг буулгаж байж. Энэ нь төрөөс газар тариалангийн талаар авч хэрэгжүүлсэн анхны томоохон шийдвэр. Арга хэмжээнийхээ үр дүнг 1919 онд буюу таван жилийн дараа тооцоход төдийлөн ашигтай байгаагүй тул Богд хаан хөрөнгөө татаж, дэмжлэг дахин үзүүлэлгүй орхисон юм билээ.
Харин 1921 оноос хойш газар тариаланг хөгжүүлэхээр төрөөс хууль, дүрэм боловсруулсан ч тариалангийн талбайн хэмжээ, хураан авсан ургац, техник технологи, ажиллах хүчний хувьд дорвитой үр дүнд хүрээгүй явсаар 1950 оны сүүлч гэхэд 100 гаруйхан мянган га талбайг тариаланд ашиглаж байжээ. Энэ нь монголчуудын зан заншил, уламжлалт мал аж ахуй хүчтэй нөлөөлж байсны зэрэгцээ уур амьсгалын болон газарзүйн байршилтай ч холбоотой.
-1950-иад оны сүүлч үеийн атар газар эзэмших аяны хүрээнд тариа тарих газраа хэрхэн сонгож байсан юм бол?
-Монгол Улсын төр, засгаас атар газар эзэмших улс төрийн шийдвэр гаргахаас өмнө 1959 оны хоёрдугаар сард БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр хийж, атар газар эзэмшихэд зориулж эдийн засгийн, техникийн болон боловсон хүчний тусламж Зөвлөлтийн тал үзүүлэхээр тохиролцсон. Ингээд 1959 оны гуравдугаар сарын 27-нд МАХН-ын III хурлаар Атар газар эзэмших, дотоодын гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах тухай хэлэлцээд 1959-1961 онд 230-300 мянган га газрыг тариаланд ашиглах зорилт тавьсан байдаг.
Манай оронд атар газар сонгох, илрүүлэхээр Оросоос эрдэмтэн, судлаачид ажиллахын зэрэгцээ шаардлагатай техник хэрэгсэл ирүүлсэн юм. Энд нэг зүйлийг зориуд онцлоход, атар газрыг сонгохдоо дурын газраа хагалж ашиглаагүй. Тариаланд ашиглах газрыг үнэлэх шалгуурыг Монгол, Зөвлөлтийн судлаачид хамтран боловсруулж, түүнд тохирсон газар сонгосон. Уг шалгуурт талбайн хэлбэр дүрс, налуу, өндөршилт, ялзмагт үеийн зузаан, хөрсний механик бүрэлдэхүүн гээд олон үзүүлэлтийг харгалзан, хөрсний чанарыг үнэлсэн. Зарим судлаач үүнийг үндэслэл муутай гэж үздэг ч тариалангийн хөрсний үржил шимийн өөрчлөлт болон газрын чанарын экологийн үнэлгээг тогтоох суурь үзүүлэлт болгон одоо ч ашигласаар байгаа. Атрыг эзэмших анхдугаар аян 1959-1975 он хүртэл хэрэгжиж, 750 мянган га газрыг тариалангийн зориулалтаар ашигласан. Энэ үеийн онцлог бол эзэмших газар, ажиллах хүч болон техник, талбай хагалах технологи гээд бүх зүйл нь шинэ байсан. Энэ аянд нийгмийг бүхэлд нь татан оролцуулж, тэнд ажиллахаар очсон залуучууд ажлын нөхцөл хүнд, амьдрах орчин одоогийнхтой харьцуулшгүй байхад огт шантралгүй, хийж бүтээхийн ирмүүн хүсэл эрмэлзэлтэй байсныг ахмад тариаланчдын яриа, дурсамж болон киноноос харагддаг шүү дээ. Атар газар эзэмшихдээ үр тарианы үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын тэжээлийн баазыг бэхжүүлэх, хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, шинээр барьж байгуулах, газар тариалангийн үйлдвэрлэлд шинжлэх ухаан техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, шинэ тосгон, сумын төв байгуулах зорилт тавьж, амжилттай шийдвэрлэсэн. Эдгээрээс гадна байгаль орчноо хамгаалах, хүн амыг чанартай, эрүүл хүнсээр тогтвортой хангах зорилтыг манай тариаланчид, эрдэмтэн судлаачид орчин цагийн шаардлагад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
-Атрын II, III аяныг хэрэгжүүлэхэд харьцангуй туршлагажсан байсан биз?
-1976 оны нэгдүгээр сарын 30-нд МАХН-ын Төв хорооны XI бүгд хурлаар Атар газрыг эзэмшиж, тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тухай хэлэлцэж, 230 мянган га газрыг шинээр сонгон, тариаланд ашиглах эргэлтийн талбайг нэг сая га-д хүргэх зорилтын хүрээнд Атар газар эзэмших II аяныг эхлүүлсэн түүхтэй. Уг аян эхлэх үед иргэд газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар иж бүрэн ойлголттой болж, харьцангуй туршлагажсан, техникийн мэдлэг сайтай болсон байв. Атрын II аян 1976-1998 онд үргэлжилсэн. 1990-ээд оны сүүлчээс 2007 он хүртэл 10 жилийн хугацаанд уур амьсгалын эрсдэлтэй хүчин зүйлийн сөрөг нөлөө болон эдийн засаг, улс төрийн дэмжлэг дутсанаас Монголын газар тариалангийн үйлдвэрлэл унаж, газрын ашиглалт эрс муудан, талбайг атаршуулж орхисноор энэ салбар эзэнгүй болсон. Үүний зэрэгцээ гаднаас оруулж ирж буй ургамлын аж ахуйн бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж, чанар, аюулгүй байдалд тавих хяналт үгүй болсон.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын III аян” үндэсний хөтөлбөр батлагдсан нь газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх томоохон алхам болсон шүү дээ. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалж, элэгдэж эвдэрсэн хөрсийг биологийн аргаар нөхөн сэргээх, үр сортын болон техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлж, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хүн амаа тогтвортой хангах чиг баримжааг эрхэм болгосон.
Атрын III аян бол өмнөх хоёроосоо нэлээд ялгаатай. Учир нь 1998-2000 онд тохиолдсон байгаль, цаг уурын онцгой эрсдэлд өртөж нэлээд хохирол амссанаас гадна хөрс элэгдэн эвдэрч, үржил шим нь буурснаас гадна наймаас дээш жил янз бүрийн шалтгаанаар орхигдсон талбайг дахин хагалж тариаланд ашигласан юм. Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр аян шиг шинээр газар хагалаагүй.
-Энэ онд атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа шүү дээ.
-Тийм ээ. 2019 он бол манай улсад газрыг тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглан хөгжүүлж, хүн амын хүнсний хангамж, мал аж ахуйг таримал тэжээлээр хангах зорилт тавьж хэрэгжүүлж эхэлсний 60 жил тохиож буй түүхэн жил. Өөрөөр хэлбэл, Монголын тариаланчид газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлсэнээр бүтэн жарныг үдэж, шинэ жарныг тосож буй он юм.
Энэ хугацаанд Монгол Улсад газар тариалангийн үйлдвэрлэл 1959, 1976, 2008 онд төр, засгийн онцгой дэмжлэг, тусламжаар сэргэж, өргөжин тэлж, үндсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн. Харин 1998-2007 онд газар тариалангийн үйлдвэрлэл харьцангуй удаан хугацаанд үргэлжилсэн уналтад орсон юм. Богд хааны үеийг оруулбал XX зуунд манай тариалангийн үйлдвэрлэл дөрвөн удаа сэргэж, хоёр удаа унасан гэж дүгнэж болохоор байгаа.
-Атрын гурван аяны хүрээнд Монгол орны хэчнээн хэмжээний га талбайг газар тариаланд тохирохыг тогтоосон юм бол?
-Атрын анхдугаар аян буюу 1959-1963 оны судалгаагаар нэг сая гаруй га талбайг, удаах аяны хүрээнд 1976-1987 онд хийсэн судалгаагаар нэмж 685.8 мянган га буюу нийтдээ хоёр сая гаруй га талбайг тариаланд тохиромжтой гэж тогтоосон байдаг нь тариаланд тохиромжтой газрыг сонгон илрүүлэх зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүнээс 1989 оны байдлаар 1.3 сая гаруй га талбайг тариаланд ашигласан бөгөөд 807 мянга орчим га газар шинээр тариаланд ашиглах боломжтой, цаашид газар тариаланд ашиглах нөөц газар болгон хадгалж байна.
-Одоо атар газрын бүртгэл, шинээр байршил, талбай тогтоох судалгаа хийдэг юм уу?
-Атар газрын бүртгэл, зураглах, байршил тогтоох талаар төрийн болон судалгааны байгууллагын хийж буй ажил одоогоор байхгүй. Уг нь үнэ цэнтэй, ховор болсон атар газрын нөөцийг улс хамгаалалтдаа авч, өөр зориулалтаар ашиглахаас сэргийлмээр байгаа юм. Газрыг олон зориулалтаар ашиглаж байгаа өнөөгийн нөхцөлд атрын нэлээд хэсэг нь уурхай ч юм уу, эсвэл газрын өөр санд шилжиж алга болсон байх магадлалтай.
Үүнээс гадна тариалангийн газраас авч байгаа бүтээгдэхүүний хэмжээ харьцангуй бүтээмж багатай, эрсдэл өндөртэй ч шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан инновац, технологи шингээх асар их чадамжтай. Гэхдээ хөрсний үржил шим муудаж, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй нь судалгааны дүнгээр батлагдаж байгаа төдийгүй нийгэм бүхэлдээ түүнийг хүлээн зөвшөөрөх хандлагатай болсон. Зарим талаараа энэ үнэн юм. Тиймээс учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, түүнийг даван туулахын тулд газар тариалангийн салбарын цаашдын стратеги чиглэл хандлагыг тодорхойлох, ургац тогтвортой хураахад чиглэсэн технологи боловсруулах, техникээ сонгох, хөрсний үржил шимийг дайчлан ашигладаг одоогийн технологиос татгалзах зэрэг ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна.
-Байгаль, цаг уур ч газар тариалангийн хөгжилд саад болж байна уу?
-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөрсний үржил шимээ тогтворжуулах, хамгаалах технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Уур амьсгалын аливаа өөрчлөлтөд дасан зохицсон таримал ургамлын шинэ сорт бий болгох, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, органик бордоо үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй олон наст болон нэг наст ургамлуудыг талбай сэлгэхэд ашиглах гээд олон арга нэвтрүүлэх боломжтой л доо. Тухайлбал, ганд тэсвэртэй, байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицсон, эрсдэлийг давах чадвартай улаан буудайн сортыг манай газар тариалангийн эрдэмтэд гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Үүнийг төрөөс дэмжих шаардлагатай байгаа. Мөн органик бордоо үйлдвэрлэхэд манай эрдэмтэд, бизнес эрхлэгчид ихээхэн анхаарч ирсэн. Эрчим хүчний бус нүүрснээс гаргасан гуманы, газрын ховор элементээс гаргаж авсан органик бордоо гэх зэргээр үйлдвэрлэх болсон. Эдгээрээс гадна малын ясыг үндсэн бүтээгдэхүүнээ болгосон органик бордооны үйлдвэр саяхан байгууллаа. Энэ мэтчилэн дэвшилт санаа, техник, технологийн хөгжил манай газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрэх үед ургацын хэмжээ байгалийн нөхцөлөөс үл хамааран тогтворжих, нэмэгдэх боломж бүрдэж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд эдгээрийг нэвтрүүлэхэд төрийн дэмжлэг, тариалан эрхлэгчдийн оролцоо чухал.
-Тариалангийн газрыг хамгаалах бодлого өнөөдөр уялдаатай байж чадаж байна уу?
-Манай улсын тариалангийн газрын ашиглалтыг хөдөө аж ахуй, хөрс хамгаалалтыг нь байгаль орчны байгууллага, бүртгэл, мэдээлэл, мониторингийг нь барилгын салбар хариуцан ажиллаж байх шиг. Хуучин нийгмийн үед 10 гаруй аймагт 150-160 орчим нэгдэл, сангийн аж ахуй тариалан эрхэлж, улсаас хөрөнгө, санхүүгээр нь дэмждэг байсан.
Харин одоо тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн 10 мянгаас хол давсан байх. Гэвч тэднийг хооронд нь уялдуулах, нэгдсэн бодлогоор хаана, хэн зохицуулж байгаа, хөгжлийн бодлоготой хэрхэн уялдаж нийцэж буй бол гэсэн асуултад оновчтой хариулт байхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, тариалангийн газрын ашиглалт, хамгаалалтын бодлогын асуудал сүүлийн 30-аад жил бүрхэг байгаа.
Газар ашиглалтын талаас нь харахад уурхайчид эзэмшсэн газрынх нь эрдэсийн нөөц дуусах, малчид бэлчээрийн ургамал нь талхлагдахад орхиод нүүгээд явчихдаг. Харин тариаланчид хөрсний үржил шимийг сайжруулах, ургацаа нэмэхэд чиглэсэн арга хэмжээ авч, талбайгаа хаяад нүүдэггүй. Харин ч арчлах, тордоход анхаарлаа хандуулдаг. Энэ бол газар ашиглагч, эзэмшигчдийн онцлог, ялгааны хамгийн энгийн илэрхийлэл.