2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт дууслаа. Боловсролын үнэлгээний төвийнхөн уг шалгалтыг амжилттай болсон хэмээн дүгнэв. Ийн дүгнэх болсон нь бас чиг үндэслэлтэй. Зарим хичээлийн шалгалтын анхны оноо өссөн учир багш нар баярлаж сууна. Тухайлбал, монгол хэлний шалгалтын онооны улсын дундаж үзүүлэлт 47-гоос 56 болж дээшилжээ. Түүнчлэн энэ жил төгсөгчдийн олонх нь гадаад хэлний шалгалтаа амжилттай давсан гэнэ. Нөгөө талаар шилэн технологи нэвтрүүлэн, шалгалтын материалыг шууд засаж, дүнг нь газар дээр нь танилцуулсан тул сурагч, эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байсан.
Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх “Шалгалтын 32 төвд элсэлтийн ерөнхий шалгалт авч, дүнг газар дээр нь зарласан. Шалгалт дуусахаас 15 минутын өмнө техникийн ажилтанд хариуг цахимаар дамжуулсан. Өмнөх жилүүдэд шалгалтын материал засах хүмүүст зориулан бааз ажиллуулдаг байлаа. Энэ баазад томилогдсон багш нар цагдаа, тагнуулынхны хяналтад багадаа 10 хоног өдөр, шөнөгүй ажилладаг байв шүү дээ. Үүнийг дагаад хоол унд, байрны төлбөр, ажлын хөлс, гэрээт ажилтны урамшуулал, илүү цагийн мөнгө гэхчлэн зардал маш их гардаг. Нөгөө талаар сумын төвөөс аймагт, аймгаас нийслэлд ирсэн эцэг, эх, хүүхдүүд дүнгээ хүлээж, айл, зочид буудалд олон хоногоор байрладаг байв. Их, дээд сургуулийн консорциумаас орон нутагт ажиллан, элсэлтийн хуваарь тараадаг. Тэд наадам хүртэл ажилладаг байсан бол энэ жил долдугаар сарын 1 гэхэд амарчихна. Эцэст нь, шалгалтын материалыг буруу зассан гэх хардлага үгүй болсон. Энэ жил ямар нэг гомдол, санал ирээгүй” гэсэн юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг шүүмжлэх хүн олон байлаа. Тухайлбал, Завхан аймгийн хэмжээнд монгол хэлний хичээлээр шалгуулагчдаас 800 оноо авах хэмжээнд бэлдсэн хүүхэд гарсангүй. Мөн Дорнод аймагт математикаар шалгуулагчдаас хамгийн өндөр оноо авсан нь 704 байж. Архангай аймагт физикийн шалгалт өгсөн хүүхдүүдээс 800 битгий хэл 700 оноо авах “гавал толгойтон” тодорсонгүй. Түүнчлэн Сэлэнгэ аймагт физикийн хичээл сонгон шалгалт өгсөн хүүхдүүдийн дээд оноо 696 байсан гэх. Тэр бүү хэл математик, физик, химийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн цөөнгүй нь 2-15 оноо авчээ. Багш нар анхны оноо нь 10 ч хүрэхгүй байгаа хүүхдүүдийг “Буудагчид”, “Аз соригчид” хэмээж, сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлсэн.
Уг нь Боловсролын үнэлгээний төвөөс жил бүрийн намар элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнд дүгнэлт хийж, дэлгэрэнгүй тайлан гаргадаг. Энэ тайланд элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв тус бүрийг нарийвч лан задалж, нийслэл, аймаг, сум, бүлэг, анги бүрт даалгаврын гүйцэтгэл хэр байсныг нэгбүрчлэн тайлбарладаг юм билээ. Зарим сургуулийн сургалтын менежерүүд уг тайлан гарахыг хоног тоолон хүлээж, байнга сурагладаг гэх. Тодруулбал, Увс, Дорнод аймаг, Улаанбаатараас Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим сургуулийн менежерүүд энэ тайланг навсайж, нооройтол нь ашигладаг гэсэн. Эсрэгээрээ зарим нь сургуулийн менежерүүд уг тайланг нэг их авч хэлэлцдэггүй гэнэ. Сүүлийн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор Улаанбаатараас Сүхбаатар, Баянгол дүүргийнхэн толгой цохиж, Багахангай, Налайх дүүргийнхэн сүүл мушгиж байна. Орон нутгаас Өвөрхангай, Хэнтий, Увс аймгийнхан тэргүүлж, Архангай, Баянхонгорынхон адагт орж буй. Элсэлтийн ерөнхий шалгалтын тайлан зөвхөн сургуулийн менежерүүдэд хамаатай эд биш. Эл тайланг салбарын яам, харьяа газруудад нь өгдөг. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийнхэн багшийн ур чадвар, арга зүйг дээшлүүлэхэд, Боловсролын хүрээлэнгийнхэн хичээлийн хөтөлбөр, агуулгыг анхаарч, эргэх холбоогоо сайжруулсан бол өнөөдөр олон нийтийн шүүмжлэлд өртөхгүй ч байж болох байлаа.
Үүнээс гадна өнөө жил төрийн бус өмчийн сургууль 400, төрийнх нь 480 оноо хангалттай гэх босго тогтоосон. Өмнө нь МУИС 560-660, ШУТИС 450-620, ЭМШИУС 600, СЭЗДС 620, хувийн сургуулиуд 450, 440 гэх мэт босго оноотой байсан. Гэтэл их, дээд сургуулиуд оюутан элсүүлэхийн тулд жил ирэх тутам босго оноогоо бууруулах болсон. Энэ нь сургалтын чанар, сурагчдын сурлага муудахад нөлөөлсөн гэж үзэх багш нар ч таарсан юм.
Эцэст нь хэлэхэд, дөнгөн данган 400 оноо авсан хүүхдүүдэд салбарын яамнаас зөвлөгөө өгсөнийг дамжуулъя. Сургалтын чанар муу байгаагаас жилийн жилд хэд хэдэн их, дээд сургууль үүдээ барихад хүрдэг. Мөн магадлан итгэмжлэгдсэн, эсэх нь үл мэдэгдэх их, дээд сургууль олширсон. Ийм сургуульд орохгүй байхыг анхааруулсан юм. Үүний тулд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ассmon.mn хуудсаар орж, мэдээлэл аваарай. Тус цахим хуудсанд их, дээд сургуулийн магадлан итгэмжлэгдсэн талаарх бүх мэдээлэл бий.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ХОЁР УДАА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИНЭ
Д.БАДАМГАРАВ (“Монгени” цогцолбор сургуулийн Сургалтын бодлогын албаны дарга):
-Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид коллеж, их, дээд сургуульд элсэн орохын өмнө хоёр удаа элсэлтийн шалгалт өгөх саналыг дэмждэг. Л.Гантөмөр сайдын үед уг шалгалтыг хоёр удаа авахаар ярьж байсан. Арваннэгдүгээр ангид сурагчдыг сорих, түвшнийг мэдэх зорилгоор, арванхоёрдугаар ангид их, дээд сургуульд элсэхэд нь шалгалт авах санал гарч байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтыг авах нь зөв ч тест хувилбараас татгалзаж, бүтээлч даалгавар өгөх нь оновтой. Манай сургууль 2012 оноос жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтад дүн шинжилгээ хийж буй. Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг харахад жил ирэх бүр байгалийн шинжлэх ухааны хичээлийн шалгалтын оноо буурч байгаа. Тодруулбал, математик, физик, биологи, химийн хичээлээр шалгалт өгсөн сурагчдын оноо тун хангалтгүй. Тэднээс 800 оноо авах хүүхэд ховор. Дундаж оноо нь ч доогуур. Тиймээс сурагч анхнаасаа мэргэжлээ зөв сонгож, үүнийхээ дагуу шалгалт өгөх нь чухал. Түүнээс биш аз сорьж, зорилгогүйгээр өндөр оноогоор элсэх мэргэжлээр шалгалт өгч хэрхэвч болохгүй. Үүний оронд нэг хичээл сонгож, тууштай бэлдвэл үр дүнтэй.
Манай сургуулийнхны оноо ахиж, 538.8 болсон нь улсын дунджаас нэлээд дээгүүр үзүүлэлт юм. Хэмжээст оноо 13.8 хувиар өссөн. Өнгөрсөн жил манайх дүүрэгтээ гуравдугаарт байрт орсон бол энэ удаа нэг шатаар ахилаа. Баянгол дүүрэг улс болон нийслэлд хоёрдугаар байрт орсон. Манай сургуулиийн төгсөгч Б.Уянгахишиг монгол хэлний шалгалтдаа 800 оноо авч, улсын хэмжээнд нэгдүгээр байрт орсон. Сурагчдын маань оноо жил ирэх тусам өсөж буйд манай хамт олон баяртай байна.
ШАЛГАЛТЫН ХУУДАС БӨГЛӨХ ХУГАЦААГ НЭМЭХ САНАЛ ГАРГАНА
Б.ЦЭРЭНДОЛГОР (84 дүгээр сургуулийн англи хэлний багш):
-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх төвд ажилласан. Таван өдөр ажиглахад өгөгдсөн даалгаврыг зогсолтгүй уншаад, шуурхай дугуйлж буй хүүхэд ховор байв. Хариултдаа эргэлзэж баллуурдахыг нь олонтоо харсан. Сурагчид шалгалтын хуудас бөглөхдөө 17-25 минут зарцуулсан. Сурагчид тест дээр бус хариултын хуудас бөглөхдөө 35 минут зарцууллаа хэмээн багш нар ярьж байсан. Нэг хариулт бөглөхдөө доод тал нь 10-23 секунд зарцуулдаг. Шалгалтын хугацаа 80 минут, 60 даалгавартай байлаа гэхэд нэг асуултад минут хүрэхгүй хугацаанд хариулж байна. Тиймээс цагтаа амжиж бүрэн бөглөж чадсангүй гэх хүүхэд олон байсан. Тууштай, тулж ажиллах хугацаа өгмөөр юм билээ. Ирэх жилээс тест дээр ажиллахаас гадна хариултын хуудас бөглөх 15-20 минутын хугацаа нэмбэл яасан юм бэ гэх саналыг холбогдох албаны хүмүүст тавина. Өдгөө шууд хариулт сонгож байгаа нь буруу. Хүүхэд агуулгыг ойлгох бус, зөвхөн тийм, үгүй гэх сонголт хийж байна. Үүнээс гадна шалгалтын хуудсаа ч уншихгүй, шууд “буудаж” байгаа хүүхэд хэд хэд харагдсан. Үүнд сурагч, эцэг, эх, багш аль аль нь буруутай. Зарим багш хүүхдийн мэдэх тэмүүллийг өдөөж, тухайн зүйлийг эзэмших арга барилд сургаж байхад, сургалтын төвийн нэг хэсэг багш зөвхөн тест дээр ажиллах, тест бөглөх аргачлал заадаг. Аав, ээжүүд ч хариуцлагатай байх хэрэгтэй. Бид завгүй гээд хүүхдээ багшид нь даатгаад орхидог. Тэдний үүрэг хариуцлагыг нэмэх үүднээс ирэх хичээлийн жилээс гэрээ хийхээр ярилцаж байгаа.
Их, дээд сургуулиуд өөрсдөө шалгалт авдаг болох хэрэгтэй. Их, дээд сургуулиуд БСШУСЯ-нд манай сургууль 400-гаас дээш оноотой хүү хэд авна гэх захиалга өгдөг. Энэ босго оноог нь Боловсролын үнэлгээний төв шалгалт зохион байгуулж байж мэддэг. Үүнд маш их мөнгө үрдэг. Боловсролын үнэлгээний төвийн ажлыг үгүйсгэж буй хэрэг биш. Мэдээж улсынхаа боловсролын түвшин дэлхийн хаана явна, хүүхдүүдийн гүйцэтгэл хэр байгааг тухайн байгууллага тогтоож, мэдэх ёстой. Энэ үүргээ өөр зохицуулалтаар хийх ёстой болов уу.
1980, 1990 онд дөрөв таван сэдэв өгч, 45 минут ажилладаг байсан. Хүүхдээс бүтээлч үйл ажиллагаа шаарддаг байсан үе. Одоо оноогоор уралдуулж буй болохоос биш, ур чадвараар өрсөлдүүлэхгүй байна. Цэргийн болон архитекторын сургуулиуд л элсэгчдийг ур чадвараар нь шалгаруулдаг. Элсэлтийн ерөнхий шалгалт авах нь зөв ч зохион байгуулах арга, хэлбэр нь өөр байгаасай гэдэгтэй санал нийлэх багш олон.