Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг сэргээж, сорилго барилдаанд барилдуулахаар болсон байна. Тэргүүлэгчдийн уг шийдвэрийг эсэргүүцэж, “барилдах эрхийг нь цуцалсан хугацаа дуусаагүй бөхчүүдийн эрхийг сэргээсэн” гэсэн асуудал үүсээд байгаа аж. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр “Баяр наадмыг зохицуулах хороо барилдах эрхээ цуцлуулсан бөхчүүдийг хэрхэх эсэхээ шийдэх байх. Монголын Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчтэй. Тус бөхчүүдийг барилдуулах эсэхийг шийдвэрлэхээр санал хураахад найм нь зөвшөөрсөн бол долоо нь эсэргүүцсэн. Дэлхий нийтээр допингийн асуудалтай тэмцсээр байгаа. Манай улс ч мөн адил. Үүний нэг жишээ бол 2017 онд БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Улс, аймгийн болон сумын сайн барилдаж буй бөхчүүдээс шинжилгээ авахад долоон бөх үүнд бүдэрсэн. Энэ залуучууд Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан. Шүүх хуралд МҮБХ-г төлөөлөн зохиолч Ү.Хүрэлбаатар оролцож, бөхчүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулж, сэргээш илэрсэн бөхчүүдийг барилдуулна гэсэн шийдвэр гаргуулжээ. Энэ бол маш буруу шийдвэр” гэлээ.