- 2014 онд “Майами хит” багийг, энэ жил “Голден стэйт уорриорз”-ыг ялснаар К.Леонард дээрх хоёр багийг гурван жил дараалан аваргалах боломжийг үгүй хийв. Ийнхүү тэрбээр “superteam killer” хочтой болоод байна.
- Тэрбээр финалын зургаан тоглолтод 28.5 оноо дунджилж, 43 хувийн оновчтой довтолсон. Тэгэхдээ зургаа дахь тоглолтод 22 оноо авч, самбараас зургаан удаа бөмбөг шүүрэв. Түүнээс гадна оноо, самбараас бөмбөг авсан болон бөмбөг тасалсан тоогоороо плей-оффыг тэргүүлсэн юм. Эдгээр гурван статистик үзүүлэлтээр плей-оффт бүх тоглогчийг тэргүүлсэн сүүлчийн тоглогч нь Л.Берд (1984).
- NBA-ийн хоёр өөр бүсийн багт хүчин зүтгээд лигийн аварга болсны зэрэгцээ финалын үнэ цэнтэй тоглогчоор (MVP) шалгарсан анхны тамирчин нь К.Леонард.
- “Оракл арена”-д болсон гурав дахь тоглолтын гуравдугаар үед 15 оноо авч, цувралыг 2:1-ээр тэргүүлэхэд Кавай чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн дөрөв дэх тоглолтын гуравдугаар үед 17 оноо авсан нь энэ удаагийн плей-оффын магадгүй хамгийн давамгай “үзүүлбэр” байсан юм.
- Хоёр өөр багт тоглож, финалын MVP болсон түүхэн дэх гурав дахь тоглогч бол К.Леонард (“Спөрс”, “Рэпторс”). Эл амжилтаараа тэрбээр К.Абдул-Жаббар (“Бакс”, “Лейкерс”), Л.Жэймс (“Кавальерс”, “Хит”) хоёртой эн зэрэгцэв. Түүнчлэн багт ирсэн эхний улиралдаа финалын MVP-ээр нэрлэгдсэн дөрөв дэх тоглогч боллоо (өмнөх нь М.Жонсон, М.Мэлоун, К.Дюрант).
- Нэг плей-оффт авсан оноогоор (732) тэрбээр М.Жордан (759 оноо-1992), Л.Жэймсийн (748-2018) дараа бичигдэж эхэллээ.
- Энэ сарын 26-нд “Торонто” багтай байгуулсан нэг жилийн гэрээ нь дуусна. Хэрэв тэрбээр нэгэнт амьд домог болоод буй одоогийн багтаа үлдвэл таван жилийн 190 сая доллар, харин өөр багт очвол дөрвөн жилийн 140 саяын үнэтэй гэрээ байгуулах юм. Гэхдээ үүнээс ч богино хугацааны гэрээ үзэглэх өөр нэг тактик бий. NBA-д найман улирал тоглоод буй К.Леонард 2021 онд чөлөөт агент болбол лигт 10 жил хүчин зүтгэсэн тоглогчийн хувьд бүр ч өндөр цалинтай гэрээ байгуулах боломжтой болно.
Н.Энхбаяр