“Цөм өшиглөвөл таарсан цөм хөтөлбөр”. Дөрвөн сарын өмнө “Өнөөдөр” сонин ийм гарчигтай нийтлэлдээ ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйг шүүмжилж байлаа. 1990 оноос хойш манай боловсролын салбарынхан сургалтын хөтөлбөрөө оновчтой боловсруулж чадаагүйгээс өнөөдрийг хүртэл гадаадын олон баримт бичгийг хуулбарлаж, өөрийн болгохыг оролдож ирэв. Энэ нь голдуу сайд, дарга нарын сонгуулийн шоунд оноо авах гэсэн хөтөлбөр, төлөвлөгөөнөөс цааш хэтрээгүй. Эцэст нь цөм хөтөлбөр дээр тунаж, мөрдөх хугацааг нь 10 жил гэж тогтсон. Гэвч 2014 оноос мөрдөж буй эл хөтөлбөр олон талаараа учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэх гол хүмүүсээ сургаагүй, онолын мэдлэг олгоогүй. Хөтөлбөрийн дагуу зохиосон гэх сурах бичгүүд нь “байгаа оноогүй”-гээс хөрсөндөө буулгүй өнөөдөртэй золгов. Нэг ёсондоо уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт хугацааны тал нь үр дүнгүй шахам өнгөрсөн гэсэн үг.
Хөтөлбөр яагаад үр дүн өгөхгүй байна вэ? Үндэслэл нь юу байв. Наад захын жишээ дурдахад, анги хооронд, хичээл бүрийн зарим агуулга хүнд, давхардал ихтэй, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй, шинэ сэдвийг давтуулах, мэдлэг олгох хугацаа бага, бататгах хичээлүүд нь дасгал, даалгавар цөөнтэй. “Багш төвтэй сургалтаас сурагч төвтэй тогтолцоонд шилжүүлнэ” гэх ч хүүхдийг бие даан хөгжүүлэх, туршилт, судалгаа хийхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр хангадаггүй. Үндсэн хичээлүүдийн нэр, томьёонууд зөрүүтэй, олон янзаар бичсэн, үг, үсэг, найруулгын алдаа тоймгүй зэрэг нь хүүхдэд мэдлэг олгохоос илүүтэй төөрөгдүүлж байгааг эцэг, эхчүүд төдийгүй багш нар шүүмжилж ирсэн. Ирэх хичээлийн жилээс “тэнгэр цэлмэж” мэдэхээр байна. Итгэхэд бэрх ч байдал сайжрах сураг дуулдав. Учир нь цөм хөтөлбөрийн агуулгыг үндсээр нь өөрчилж, сайжруулсан гэх таатай мэдээ хүргэе.
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үндэсний баг томилж, цөм хөтөлбөрийн агуулгад тандалт хийлгэсэн. Судалгааны үр дүнг нийслэл, орон нутгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачидтай гурван удаа хэлэлцсэний эцэст ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг “цөмлөж”, дахин шинэ хувилбараар хэвлүүлэхэд бэлэн болгожээ. Учир явдлыг тодруулахаар Боловсролын хүрээлэнг зорилоо. Тус газрынхан дээрх судалгааг гардаж хийсэн бөгөөд хөтөлбөрийн сайжруулсан хувилбарыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж байна.
Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн “Өнгөрсөн хугацаанд салбарын мэргэжилтнүүд, эцэг, эхчүүд, багш нарт олон бэрхшээл тулгарсан. Тухайлбал, хүүхдүүд гэрийн даалгавраа хийж хүчрэхээ байсан. Хичээлүүдийн зарим агуулга хөнгөн, бас хэтэрхий хүнд, үндсэн сэдвүүдийг цагтаа зааж амждаггүй гээд. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд тушаал гаргаж, цөм хөтөлбөрийн агуулгыг эргэн нягталсан. Эл хөтөлбөрийг анх боловсруулсан эрдэмтэд, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, манай судлаачид санал нэгтэй шинэ хувилбар боловсруулахаар ажиллалаа. Судлагдахуун буюу хичээл бүрээр 5-8 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван сарын турш хөтөлбөрт тохиргоо хийсэн. Сайжруулсан хувилбарыг хүрээлэнгийн вэб хуудсанд байршуулж, орон нутгаар явж, санал авч эхэлсэн. Арга зүйд нэгд нэгэнгүй, агуулга, сэдэв бүрт их, бага хэмжээгээр өөрчилсөн. Засаж, сайжруулсан эцсийн хувилбарыг энэ сарын 20 гэхэд бэлэн болгохоор ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд бүх сургуульд тарааж, ерөнхий боловсролын сургалтад ашиглана. Багш нарт суралцахуйн удирдамж буюу хөтөлбөрийн дагуу хичээлээ заах гарын авлага хүргүүлнэ. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд багш нарыг сургах ажилдаа орсон” гэлээ.
...Хичээл бүрээр авч үзвэл, математикийн сэдвийг 194-139, монгол хэлнийхийг 293-148, “Хүн ба орчин”-ыхыг 80-64, дүрслэх урлаг, технологийн хичээлийн агуулгыг 158-104, биеийн тамирынхыг 308-119, “Хүн ба байгаль”-ийнхыг 77-64 болгон “базжээ”. Харин дунд ангийнханд 1632 бүлэг хичээл заадаг байсныг 150-иар танасан байна...
Цөм хөтөлбөрийн агуулгыг хэрхэн багасгаж, шигшсэнийг одоо хүргэе. I-XII ангид заадаг 4221 суралцахуйн зорилт буюу шинэ сэдэв байдаг бөгөөд үүнийг 3445 болгож цөөлжээ. Тухайлбал, бага ангид заавал үзэх ёстой 1241 бүлэг сэдвийг 803 болгож, цомхотгосон байна. Учир нь I-V ангийнхны нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй сэдэв, агуулгын давхцал хөтөлбөрт хамгийн их байсан тул 35.5 хувийн тохиргоо хийснийг Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн хэлэв. Хичээл бүрээр авч үзвэл, математикийн сэдвийг 194-139, монгол хэлнийхийг 293-148, “Хүн ба орчин”-ыхыг 80-64, дүрслэх урлаг, технологийн хичээлийн агуулгыг 158-104, биеийн тамирынхыг 308-119, “Хүн ба байгаль”-ийнхыг 77-64 болгон “базжээ”. Харин дунд ангийнханд 1632 бүлэг хичээл заадаг байсныг 150-иар танасан байна. Тэгвэл ахлах ангийнхны 1348 сэдвийн тоог 200 орчмоор цөөлсөнд багш, салбарын мэргэжилтнүүд дэмжиж байгаагаа уламжилжээ.
Ингэснээр нэг сэдэв хичээлийг заах цаг нэмэгдэж буй аж. Бага ангийн багш, сурагчид шинэ хичээлийг 2.9 цагт багтаах гэж нусаа хацартаа нааж, амжихгүйг нь гэрийн даалгаварт өгдөг байсан бол одоо аажуу тайвнаар сургалтаа явуулах боломж бүрдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх хичээлийнхээ даалгаврыг шалгаад, шинэ сэдвээ заагаад, бататгах дасгал, даалгавраа хийхэд 3.8 цаг хангалттай гэж үзжээ. Дунд ангид шинэ хичээл үзэх цагийг 2.4-3, ахлахад 2.1-2.9 болгон нэмсэн байна. Нэг бүлэг сэдэвт ногдох цагийг ихэсгэснээр хүүхдүүдийн гэрийн даалгавар багасаж, ачаалал буурна гэдгийг судлаачид хэлсэн. Харин бага ангийн багш нарын ажлын таван хоногийн цагийг 17-19-өөс хэтрүүлэхгүй байхаар “хуульчилжээ”.
“I-XII ангид үзэх сэдвийн тоог цөөлөхдөө хичээлүүдийн агуулгын давхардлыг арилгаж, хүндрэлийг багасган, багтамжийг цэгцэлсэн” гэж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир ярилаа. Нэг бүлэг сэдэвт өчнөөн агуулга багтаасан, нэр, томьёо нь ойлгомжгүй, найруулга, үг, үсгийн алдаатай байсныг зассан аж. Мөн анги хоорондын залгамж холбоог сайжруулж, үндсэн судлагдахууны босоо болон хэвтээ чиглэл дэх холбоосыг нарийвчлан тохируулжээ. Ингэхдээ зарим агуулгыг нэгтгэж, цомхотгон, өөр хичээл рүү шилжүүлсэн нь бий гэнэ. Цөм хөтөлбөр хүүхэд, багш нарт аль болох ойлгомжтой, энгийн болсон гэх. Т.Ням-Очир дарга “Цөм хөтөлбөрийн агуулга 1.3-3.5 хувийн давхардалтай, хүүхдийн нас, сэтгэхүйд тохироогүй хүнд сэдвүүд 8-10.5 хувийг эзэлж байсан. Цөм хөтөлбөр сурагчдыг бие даан хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд зарим сургалтыг лаборатори, кабинетын системээр явуулах шаардлагатай. Тухайлбал, байгалийн ухааны хичээлүүдээр туршилт хийх даалгавартай. Өнгөрсөн хугацаанд сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байснаас энэ төрлийн хичээл орхигдож ирсэн. Тиймээс ирэх есдүгээр сарын 1 гэхэд олон сурагчтай сургуулиудад хими, физик, математик, дизайн, технологийн лаборатори, кабинет байгуулахаар ажиллаж байна. Нэг доор бүгдийг шийдэх боломжгүй тул аль сургуульд, юу нь илүү хэрэгтэй вэ гэдгээс хамаарч, төрөлжүүлэх юм. БСШУСЯ “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын талаар баримтлах бодлого” боловсруулж байна. Үүнд сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлага, менежер, багш нар юу хийх ёстойг тусгасан” хэмээн өгүүлэв.
Цөм хөтөлбөрийн сайжруулсан хувилбарыг салбарын эрдэмтэн, судлаачид, багш нар “Монгол Улсын боловсролын үндэсний хөтөлбөр” хэмээн нэрийдэх талаар хэлэлцэж, дэмжиж байгаа сурагтай. Ямартай ч цөм хөтөлбөр гэж нэрлэхгүй хэмээсэн. Сургалтын хөтөлбөрийн агуулга сайжирч, шингэрсэн талаар албаны хүмүүс ийн ярив.
Гэвч хамгийн чухал нь эдгээрийг сурах би чигт хэрхэн тусгах вэ гэдэг нь асуудал. “Дунд ангийнхны шинээр хэвлэх сурах бичгүүдэд цөм хөтөлбөрийн сайжруулсан хувилбарын тохиргоог энэ онд хийж амжина” гэж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлсэн бол Боловсролын хүрээлэнгийнхэн “Энэ жил сурах бичигт өөрчлөлт оруулах боломжгүй. Цаг хугацааны хувьд амжихгүй. Багш нар суралцахуйн удирдамжаа барьж, хичээлээ явуулна. Сурах бичгийн өөр чилсөн хэсгүүдийг хүрээлэнгийн вэб хуудсанд байршуулах тул электрон хувилбараар нь татаж авч, ашиглах боломжтой. Манай багш нар үндсэн судлагдахуунаа хүүхдэд хүргэх арга зүйд сайн суралцсан. Цөм хөтөлбөрийн сайжруулсан хувилбарын тохиргоог сурах бичгүүдийг нөхөн хэвлэх бүрт хийнэ” гэсэн юм.
Цөм хөтөлбөр хүүхдүүдэд мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой баримт бичиг билээ. Зүгээр ч нэг мэдлэг эзэмшүүлээд зогсохгүй түүнийгээ бататгаж, чадвартай болгох замаар зөв монгол хүнийг төлөвшүүлэх юм. Харамсалтай нь, өнгөрсөн таван жилийг бид алдсан. Эл хугацаанд хүүхдүүдийг “Тамын тогооны үлгэр” шиг хөтөлбөрөөр сургасан гэхээр дэндүү харамсалтай санагдана. Аливаа ажил хийхээсээ өмнө бус, хэрэгжүүлснийхээ дараа алдаа байгаа, эсэхийг нягталдаг манай боловсролын салбарынхны хожимдсон ухаарал цөм хөтөлбөрөөр дуусах болтугай. Анхнаасаа алдаа гаргаж, хөтөлбөрийг яаран шахаагүйсэн бол өнөөдөр ерөнхий боловсролын 800 гаруй сургуульд тараах, бүх багш нарт зориулсан номыг шинэчлэх мөнгийг хэмнэх байлаа. Цөм хөтөлбөрийг дахин судалж, шинэчлэх гэж олон хүний цаг завыг барахгүй байсан. Энэ бүхний эцэст багш, сурагчдын ачаалал хөнгөрч байвал болох нь тэр. Тэгэхгүй бол нэг хичээлээс нөгөөгийн хооронд тэлчилсэн хэдэн багш нуруугаа авч, хөөрхий хүүхдүүд сурах хүсэл, эрмэлзэлгүй болчих вий.