Гялгар уутны хэрэглээг бууруулах зорилгоор Засгийн газраас 182 дугаар тогтоол баталж, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнийг хэрэгжүүлж эхлээд гурван сар өнгөрчээ. Энэ хугацаанд гялгар уутны хэрэглээ хумигдсан, эсэхийг сурвалжлахаар “Бөмбөгөр”, “Хархорин” худалдааны төвөөр өнгөрсөн амралтын өдөр орлоо. “Хархорин” худалдааны төвийн үүдэнд алим, жүрж, улаан лооль, өргөст хэмх зэргийг борлуулахдаа “хальсан” уут ашиглаж байв. Наймаачдаас гялгар уут хаанаас авсныг нь тодруулахад “Хятадаас л авдаг шүү дээ” гэв.
Гаалиар 0.035 мм-ээс нимгэн уут оруулж ирэхийг гурван сарын өмнө хориглосон гэдгийг мэдсэн ч, хяналт шалгалт сул байна уу, эсвэл энэ тухай бүр “мартсан” уу, ямартай ч наймаачид ийнхүү хариулав.
“Бөмбөгөр” худалдааны төвийн сав баглаа, боодол борлуулах тасгийн худалдагч нараас нимгэн уут зарж байгаа, эсэхийг асуухад лангуун доороосоо гаргаж өгөх юм. “Хальсан” уут нэг боодол нь 300 төгрөг бол арай зузаан нь 400 төгрөг аж. Иргэд ийнхүү нимгэн гялгар уут хэрэглэсээр байгаа бол нөгөө хэсэг нь зузаан уут хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэж шүүмжиллээ.
Даавуун тор ашиглах дадлыг иргэдэд суулгах, байгальд шингэж буй гялгар уутны хэмжээг багасгахад дээрх тогтоол хөшүүрэг болно хэмээн эрх баригчид үзсэн. Нимгэн, зузаан үл шалтгаалан гялгар уут ашиглах нь л байгаль орчин бохирдуулж байгаа хэрэг гэж иргэд онцлов. “Хархорин” захаар үйлчлүүлж байсан, Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны иргэн Б.Дагвадорж “Даавуун уут үнэтэйгээс гадна зарж байгаа газар ховор учраас гялгар уутаа л хэрэглэж байна. Өмнө нь авсан гялгар уутаа хог хаях зорилгоор л дахин ашигладаг. Хог хийж хаяхад уутны нимгэн, зузаан нь хамаагүй шүү дээ. Тиймээс Засгийн газраас баталсан эл тогтоолын ач холбогдол тааруухан болов уу” гэсэн бол иргэн Б.Цэрэндулам “Гялгар уутаа дахин ашигладаг хүмүүс байдаг. Гэхдээ зузаан уутны хэрэглээ өсөхөөр байгальд шингэх хор нь улам нэмэгдэх байх” гэв.
Иргэд зузаан уутыг илүү удаан ашиглана гэсэн баталгаа алга. Үүнээс гадна хэдэн он хүртэл нимгэн уут хэрэглэхийг хориглосон нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, гялгар уутнаас хэзээ бүрмөсөн татгалзахыг Засгийн газрын тогтоолд тусгаагүй билээ. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэгчээр орлуулах бараа бүтээгдэхүүн хангалттай хэмжээгээр бий болтол манайхан нимгэн, зузаан гэлтгүй гялгар уут хэрэглэсээр л байх нь ойлгомжтой.
ДААВУУН УУТ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ГЭВ
“Бөмбөгөр” худалдааны төвийн сав, баглаа боодол зардаг тасагт даавуун уут хамгийн хямд нь 1500 төгрөг байлаа. Хэмжээ, загвар нь 3-4 төрөл аж. Энэ байдлыг өөрчлөхийн тулд даавуун уут үйлдвэрлэгчдээ дэмжихээс гадна гялгар уутыг гаалиар оруулахгүй байхад анхаарах ёстойг мэргэжилтнүүд сануулсан. Гялгар уутны үнэ хямд, хэрэглээ буураагүйгээс даавуун уут үйлдвэрлэгчдийн ажил урагшлахгүй, бүтээгдэхүүн нь өргөжихгүй байгаа гэнэ. Тиймээс гялгар уутыг бүрмөсөн хорих хугацааг тодорхой болгохыг хүсэж буйгаа тэд уламжилсан. Гялгар уутны хэрэглээг бууруулахад хяналт, шалгалт хамгийн чухал. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрынхан гадаадаас оруулж ирэх гялгар уутанд хяналт тавих эрх, үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний гялгар уут хураан авч, буцаасан тухай мэдээлэл тэдэнд одоогоор байхгүй гэнэ. Хариуцсан мэргэжилтэн нь “Ирэх сараас дүн, мэдээ гарах байх” гэсэн “харанхуй” хариулт өглөө.
ХЭЗЭЭ ЭКО ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ
Гялгар уутанд бараа бүтээгдэхүүн савладаг үйлдвэрлэгчид улсад татвар төлж, дахин боловсруулах үйлдвэрийн эзэд нь тэдний төлсөн татвараас урамшуулал хүртдэг тогтолцоотой болбол байгальд шингэдэггүй “хэргийн эзнийг” хэрэглэх нь буурна. Энэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд БОАЖЯ-наас Эко төлбөрийн тухай хууль гаргахаар төлөвлөсөн ч хэзээ батлаад, хэрэгжүүлэх нь бас л тодорхойгүй байна.
Бусад улсад нэг удаагийн хуванцар хэрэглээ, гялгар уутнаас татгалзсан сайн туршлага өчнөөн бий. Тэдгээр туршлага манай улсын шийдвэр гаргагчдын баталсан, хэзээ хэрэгжих нь мэдэгдэхгүй тогтоолоос тэс ондоо аж. БНСУ-ын Засгийн газар худалдааны том төв, дэлгүүр болон жижиглэн борлуулдаг газруудад нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг өнгөрсөн онд бүрмөсөн хориглосон. Эл шийдвэр гарснаас хойш өдгөө ойролцоогоор 13 мянган дэлгүүр цаасан болон даавуун уутаар үйлчилж эхэлжээ. Хэрвээ энэ заалтыг зөрчвөл үйлчилгээний байгууллагууд гурван сая хүртэлх воноор торгуулна. Манай оронд гялгар уут хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгохоор болсон. Гэвч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынханд энэ заалтыг хэрэгжүүлэх тушаал ирээгүй гэдгийг тус газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн нь хэлсэн юм. Энэ мэт зохион байгуулалтгүй байхад нимгэн гялгар уутнаас салах нь юу л бол.
Бэлтгэсэн: Г.Баясгалан