БНХАУ-д гурван өдөр үргэлжлэн, өнөөдөр дууссан “Хөх хот-2019” гран при тэмцээнд манай улсаас 24 бөх зодоглосноос Н.Түвшинбаяр мөнгө, Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан, Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Киргизстаны Б.Токтогонов, ОХУ-ын Ален Цовребов, Германы Йонас Фрэй нарыг өвдөг шороодуулснаар шигшээд шалгарсан юм. Улмаар алтан медалийн төлөө БНСУ-ын Ким Мин Жонд дийлдэв. Солонгос эр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Лукас Крпалекийг өвдөг шороодуулсан юм.
66 кг-д хүч сорьсон Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд БНХАУ-ын Зан Шиуг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын Жеан Даниелд дийлдсэн. Улмаар дагах тойрогт Азербайжаны И.Ибрахимовичийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Абдула Абдулзалиловыг ялав. Ингэснээр 25 настай Ё.Басхүү гран при ангиллын тэмцээнээс зургаа дахь медалиа (нэг алт, таван хүрэл) хүртлээ.
-100 кг-д зодоглосон, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар эхний тойргуудад БНХАУ, Канадын бөхийг ялсан ч хагас шигшээд Израилын Бинжамин Флечерт өвдөг шороодсон. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Арман Адамианыг ялсан юм.
Хөх хотын гран прид сойсон монгол шилдгүүдээс Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар, Н.Дагвасүрэн, Азийн АШТ-ий мөнгөн медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч нар эхний даваанд, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр хоёрдугаар тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгав.
Ингэснээр монгол жүдочид багийн дүнгээр XI байрт шалгарлаа.