Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр нь Монгол улсын хэмжээнд эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх болон жижиг дунд үйлдвэрүүдийг идэвхжүүлэн дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорин ажилладаг. Тус хөтөлбөр нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан, Оюу Толгой ХХК-тай хамтран Өмнөговь аймгийн жижиг дунд бизнесүүдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Чадавхжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод “Бизнесийн инноваци хөгжлийн Төв”-г байгуулж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус төв нь сургалт, зөвлөх үйлчилгээ болон төрөл бүрийн сургалтын дараах үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд үзүүлж ажиллана.