Нэгдүгээр ангид элсэгчдээс шалгалт авч болохгүйг салбарын сайд нь үүрэгдсэн. БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболдоос энэ талаар тодрууллаа.
-Энэ жил нэгдүгээр ангид хэдэн хүүхэд элсэх вэ. Тэднээс шалгалт авахгүй байх сайдын тушаал гарсан. Хүүхдүүдийг хэрхэн сонгон шалгаруулах юм бол?
-Улсын хэмжээнд 70 000 орчим хүүхэд нэгдүгээр ангид орох урьдчилсан тооцоо гарсан. Сургуульд элсэж буй хүүхдүүдээс шалгалт авах боломжгүй. Сурах гэж ирж буй хүүхдээс яагаад шалгалт авна гэж. Тиймээс сайд ямар нэг сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр бүртгэх тушаал гаргасан.
Улсын хэмжээний бүх сургууль нэгдүгээр ангийн хүүхдүүдийг шалгалтгүйгээр элсүүлж байна. Тодруулбал, нийслэл дэх хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 130 гаруй сургууль сурагчдаас шалгалт авахгүйгээр элсүүлж буй. Харин “Шинэ Монгол” сургуулийнхан сайдын тушаалыг үл тоон, нэгдүгээр ангид элсэгчдээс шалгалт аваад байгаа.
-Харьяа нутагт дэвсгэр, хамран сургах тойрогт нь сургууль хүрэлцэхгүй бол яах вэ. Гурван ээлжээр хичээллэхийг зогсооно гэсэн зорилт биелэх үү?
-Хүүхдийг сургах үүргийг төр болон эцэг, эх бүрэн хариуцах ёстой. Гурван ээлжийг хоёр болгох зорилтын хүрээнд тодорхой ажил хийж эхэлсэн. БСШУСЯ-наас энэ жил сургалт явуулах боломжтой, стандарт хангасан хувийн хэвшлийн байгууллагуудын барилгыг түрээсэлнэ.
Түрээсийн байрыг сандал ширээ, самбар зэрэг хэрэглэгдэхүүнээр хангах ажил эхэлсэн. Сургууль, цэцэрлэг түрээслэх журмыг зургадугаар сарын 15-нд олон нийтээр хэлэлцүүлнэ. Наймдугаар сарын дунд үеэс аль аль байрыг сургалтын зориулалтаар түрээслэх нь тодорхой болно. Гэхдээ сурагчдыг түрээсийн байрт удаан хичээллүүлэхгүй.
Ирэх есдүгээр сард 13 сургууль, 27 цэцэрлэг ашиглалтад оруулна. Мөн арванхоёрдугаар сард 11 сургууль, мөн тооны цэцэрлэг нэмж ашиглалтад оруулна. Энэ үед сурагчид түрээсийн байрнаас гарах боломжтой.
Д.Тэлмэн