Амралтын өдрүүдээр цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас ОБЕГ-тай хамтран мэдээлэл хийж байна.
ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Өнөө шөнө болон маргааш өдөр нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга орно. Тухайлбал, маргааш буюу 18-ны өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр секунд, зарим үед 24 м/с-д хүрч шороон шуурга шуурна.
18-19-нд шилжих шөнө Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар, 19-ний өдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр салхи 18-20 м/с-д хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Энэхүү үзэгдэл нь гамшгийн хэмжээнд хүрч, хамрах хүрээ болон үргэлжлэх хугацааны хувьд ч удаан үргэлжилнэ. Нийгэм, эдийн засагт үзүүлэх хохирлын хэмжээ ч ихсэх тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна" гэлээ.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "Энэ сарын 11-17-ны өдрүүдэд Баянхонгор, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий, Сүхбаатар, Ховд аймгийн 28 сумын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдсны улмаас иргэд малдаа яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагаар Онцгой байдал болон орон нутгийн 240 гаруй хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 117 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Хүчтэй салхи шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд 2 иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3 иргэн, мөн аймгийн Сэврэй суманд 1 иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна. Амь насаа алдсан иргэдийн хувьд / 23-54 насны 4 эмэгтэй, 2 эрэгтэй/ дөрөв нь малдаа явж байгаад төөрсний улмаас, хоёр нь сумын төвөөс гэртээ харих замдаа төөрч, осгож нас баржээ.
Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж, Баян-Өлгий аймгийн Булган суманд 835 толгой мал Их ширэгийн голд унаж хорогдсон байна" гэв.