Дэлхийн шилдэг номын санч М.Даваасүрэн болон “Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих төв” төрийн бус байгууллага, “Beyond books” төслийн баг хамтран олон улсын стандартад нийцсэн номын сан байгууллаа. Үүдэндээ өнгө өнгийн таримал цэцэг өрж, сэтгэгдэл бичиж үлдээх ханын самбар өлгөсөн харагдав. Бага насны хүүхдүүдэд зориулсан зөөлөн сандал, бяцхан ширээ ч байрлуулжээ. Хажууд нь төрөл бүрийн үлгэрийн ном өрсөн байв. Уг номын сан Чингэлтэй дүүргийн XVII хороонд байрладаг.
Хотын төвөөс алслагдмал бүсэд амьдардаг, тус хорооны хүүхдүүд өмнө нь номын сангаар үйлчлүүлэх, интернэтээс мэдээлэл авахад хүндрэлтэй байсан гэнэ. Харин иргэн төвтэй тус номын санг байгуулснаар дээрх бэрхшээл үгүй болсныг ахлах ангийн сурагчид онцолсон. Ерөнхий боловсролын 74 дүгээр сургуулийн хүүхдүүд номын санг анх барьж эхлэхэд л тоосгыг нь зөөж, шав тавихад гар бие оролцсон тухайгаа ам уралдан ярьцгаав. Тэд үнэхээр баяртай байгаа бололтой.
Нэгдүгээр давхарт нь хүүхдүүд хүссэн номоо уншиж, цахим ертөнцөөр аялах боломжтой юм байна. Хоёрдугаар давхарт гитар, зуун буудалт даам, англи хэл, компьютерын анхан болон дунд шатны мэдлэг олгох, хичээлийн хоцрогдол арилгах сургалт үнэ төлбөргүй явуулах гэнэ. Хичээлийг эцэг, эхчүүд болон сайн дурын мэргэжлийн багш нар заана. Ингэснээр тус дүүргийн XVII, XVIII хороонд амьдардаг 5434 хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ач холбогдолтой.
Монгол Улсын Үндэсний төв ном сангийн номын санч М.Даваасүрэн “5000 гаруй ном хандиваар цуглууллаа. Хандивын аянаа энэ сарын 23 хүртэл үргэлжлүүлнэ. Цугларсан номын 40 гаруй нь брайл үсэгтэй тул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч үйлчлүүлэх боломжтой. Цаашид брайл үсэгтэй номынхоо тоог нэмэхээр төлөвлөсөн” гэлээ.
Тус номын сан ажлын өдрүүдэд 10.00- 17.00 цагт ажиллах бөгөөд иргэдийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан үйлчилгээний цагаа уртасгах боломжтой юм байна.