Өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй тул тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 12.2.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхаар хориглосон шийдвэр гаргалаа.
Иймд шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Мөн ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэх ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд 70427049, 98425101 дугаартай утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой аж.